С.Саруул: Үр дүнг үзэх гэж яарах хэрэггүй, тууштай байхад хангалттай
Эрүүл чийрэг, сайхан бие галбиртай байхыг хүсдэггүй хүн гэж үгүй. Гэхдээ ямар аргаар турж, хүссэн галбираа олж авахаа мэдэхгүйгээс төрөл бүрийн зүйл туршиж амжилтгүй болох тохиолдол олонтаа. Тэгвэл фитнес, дасгал хөдөлгөөнөөр тууштай хичээллэж гоолиг, эрүүл чийрэг биетэй болоод зогсохгүй йог, аеробикийн багш хийсээр одоо бодибилдингийн дэлхийн данстай тамирчин болоод буй нэгэн бүсгүйтэй уулзаж ярилцлаа. Түүнийг С.Саруул гэдэг. Тэрбээр өнгөрсөн жил болсон бодибилдингийн Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.
-Галбиржиж,
эрүүлжих хүсэлтэй хүмүүсийг анзаарч байхад ихэнх нь эхлээд фитнесийн
хувцас хэрэглэлээ бэлдэх, эсвэл ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэж хурдан
турахыг хүсдэг. Нэгэнт зорилго тавиад ирсэн бол эхлээд сэтгэлзүйгээ
бэлдэх хэрэгтэй юм болов уу, та энэ талаар юу хэлэх вэ?
-Юуны түрүүнд зөвхөн дасгалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Дасгалуудаа гүйцэтгэх аргатай нь хамт багшаасаа сайн асууж, хий гэсэн тоогоор нь яг таг гүйцэтгэх нь чухал. Үр дүнг үзэх гэж яарах хэрэггүй. Хурдан үр дүнд хүрэх гэсэн хүмүүс янз бүрийн бэлдмэл юм уу өөх шатаагч уухыг хүсдэг. Би хувьдаа үүнийг эсэргүүцдэг. Уураг зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх хэрэгтэй гэвэл 1-2 жил фитнесээр хичээллэсэн байх шаардлагатай. Зарим хүмүүс дөнгөж фитнесээр хичээллэж эхэлж байж уураг хэрэглэх нь буруу. Хүн өөрийнхөө илүүдэл бодисыг хөлсөөрөө дамжуулан гадагшлуулж чадахгүй байж нэмэлт уураг хэрэглэвэл таргална. Уураг уухаар таргалдаг гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Багшийнхаа зааснаар бүх дасгалаа зөв хийж сураад дараа нь уураг ууж болох уу гэдгээ асуух хэрэгтэй. Дасгалдаа анхаарал төвлөрүүлж чадахгүй бол бясалгал хийж болно. Сэтгэлээ тайван байлгаж төвлөрч чадсанаар биеэ хүссэнээрээ захирч чаддаг. Ер нь хүн сэтгэлээ захирч чадахгүй бол биеэ захирч чадахгүй гэж би боддог.
-Интернэтэд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн гээд турах, эрүүлжих тухай олон төрлийн зөвлөгөө байдаг. Мэргэжлийн хүний үүднээс харахад тэдгээр мэдээлэл хэр бодит байдаг юм бол?
-Зөв, буруу янз бүрийн л мэдээлэл байдаг. Тэдгээр мэдээллийг туршиж үзэхээсээ өмнө хүний биеийн болон турах, таргалах онцлогийг шинжлэх ухааны үндэстэй мэдээллээс өөрөө олж мэдэх хэрэгтэй. Үүний дараа хүмүүсийн зөвлөснөөс сонгож туршиж үзээрэй гэж хэлмээр байна.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд бодибилдингээр хичээллэх нь ихэсч. Зарим хүн эмэгтэйчүүд ийм булчин шөрмөстэй байх онцгүй ч гэлцдэг. Та яагаад бодибилдингээр хичээллэх болсон юм бэ?
-Би бусдын адил ажил хийгээд өглөө гараад орой харьдаг хэмнэлээр удаан явсан. Тэгээд өдөржин хөдөлгөөнгүй суух нь таргалах гол шалтгаан болдог юм байна гэж бодоод өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн. Хүн хамгийн эхлээд эрүүл байх ёстой гэж бодоод фитнес хийж эхэлсэн л дээ. Дасгалуудаа ном журмаар нь хийдэг болоод, хоолоо зохицуулаад өөрчлөлт гарч эхэлсэн. Үр дүнд нь хүн өөрийгөө хайрлаж эхэлдэг юм билээ. Шарсан, хайрсан хоол идэхгүй, зөвхөн эрүүл хоол идэх гэх мэт. Фитнесээр тасралтгүй хичээллэсээр яваандаа мэддэг чаддагаа хүмүүст заая гэж бодоод хувцас дизайнерын мэргэжлээ орхихоор шийдсэн. Харин дараа нь нэгэнт ийм замыг сонгоод багш болсон юм чинь биеэ гоё болгох нь хангалтгүй байсан учраас улам хөгжүүлэхээр тууштай зүтгэсэн дээ. Ер нь фитнес их өндөр хэрэглээтэй спорт. Гадаадын тамирчид үнэтэй амин дэм хоол хэрэглэдэг. Гэхдээ яагаад монгол хүн өөрийнхөө чадлаар энэ спортоор хичээллэж болдоггүй юм гэж бодсон. Тэгээд анх 2013 оны наймдугаар сард улсын аваргад орсон ч амжилт гаргаагүй. Дараа нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас “Perfect body” клубын Г.Ганбаатар багшид шавь ороод өдөрт хоёр удаа тогтмол дасгал хийдэг болсон. Орой нь аэробекийн багш хийж олсон мөнгөөрөө өглөө, өдрийн дасгалын уургаа авдаг байлаа.
-Цалингаа эргүүлээд дасгалдаа зарцуулдаг байсан хэрэг үү?
-Аэробикийн чиглэлээр хичээллэж байсан маань надад их тус болсон. Аэробик, йогийн хичээл заагаад дунд нь бэлтгэлээ хийгээд үлдсэн цагт нь амрах хэрэгтэй болно. Нэлээд хугацаанд ийм хэмнэлээр амьдарсан. Тэгээд хотын аваргад оролцоод мөнгөн медаль авсан. Дараа нь Будда Вистагийн фитнест багшаар ажиллах санал аваад ажилласан. Намар нь болох улсын аварга хүртэл ажил, клуб хоёрынхоо хооронд дугуйгаар яваад хоёр газраа давхар бэлтгэл хийдэг байсан.

-Гадаадад тэмцээнд орж байв уу?
-Өнгөрсөн оны улсын аваргын дараа есдүгээр сард Азийн аваргад оролцоод мөнгөн медаль авсан. Мөн дараа нь арванхоёрдугаар сард дэлхийн аваргад оролцох байсан ч санхүүгийн асуудлаас болоод явж чадаагүй. Харин энэ жил дэлхийн аваргад явна гэсэн зорилготой байгаа.
-Тэвчээр, хөлс, хөдөлмөр гаргаж бэлдсэн тэмцээндээ санхүүгийн асуудлаас болоод оролцож чадахгүй байна гэдэг харамсалтай. Энэ жил дэлхийн аваргад оролцоход гарах санхүүгийн асуудлаа шийдсэн үү?
-Шийдээгүй. Ямар ч байсан бэлдэж байна. Санхүүгийн туслалцаа үзүүлдэг газар байхгүй л дээ. Энэ чиглэлийн тамирчид өөрсдийнхөө хүчээр л явдаг. Уг нь манай тамирчид амжилт гаргах боломжтой. Жишээ нь, сая Азийн аваргад Монголын тамирчид их амжилттай оролцож нэг алт, хоёр мөнгө, арван хүрэл медальтай ирсэн.
-Тэмцээнд оролцох эрх авахын тулд аль хэр хугацаанд бэлтгэл хийх вэ?
-Хүн бүр харилцан адилгүй байх. Хамгийн гол нь, хоолоо сайн зохицуулаад тууштай байх хэрэгтэй. Жирийн хүмүүсийн өдөр тутмын хэмнэлээс өөр байдлаар амьдрах шаардлагатай болдог. Байнгын хүнд бэлтгэлээс гадна өдөрт хоёр удаа унтаж булчингаа амраах, эрч хүч өгөх үйлчилгээтэй давхар бэлдмэл ууна. Жилийн дотор тайзан дээр гарах хэмжээнд очиж байвал тэр хүн үнэхээр сайн байна гэсэн үг.
-Хэтийн зорилгоо хэрхэн төлөвлөж байна вэ?
-Би бодибилдингээр тууштай хичээллэнэ гэж зорьсон учраас энэ спортыг орхихгүй. Өөрийн гэсэн клуб нээж эмэгтэйчүүддээ тусална гэж боддог. Би ханиа алдаж, тэр их хагацал зовлонг дасгал хөдөлгөөний ачаар туулж байлаа. Тиймээс амьдралын янз бүрийн саад бэрхшээлтэй тулсан тэр дундаа ганц бие эмэгтэйчүүдэд урам зориг өгөх үүднээс тэдэнд чадах зүйлээрээ тусална.
-Амьдралын өмөг түшиг болсон ханиа алдана гэдэг хэцүү л дээ. Гэхдээ энэ бүхнийг давж гаран өөрийгөө ялж чаджээ, Та. Энэ үүднээсээ эмэгтэйчүүдэд тусалъя гэж шийджээ дээ...?
-Зовлон бэрхшээлийг туулахад тэвчээр хатуужил бас урам дэм хэрэгтэй. Би тэр зовлонг давахаар тэмцэж байхад миний дэргэд хэн ч байгаагүй. Найз нөхөд маань хүртэл холдсон тэр үед би өглөө эрт гараад гүйдэг байсан. Тасралтгүй, тэвчээртэйгээр өөртэйгөө ажилласан. Дараа нь хүмүүсийн дунд ороод аеробек заагаад эхлэхэд “баярлалаа багшаа” гэдэг үгийг сонсоод маш их эрч хүч авч байлаа. Хүн ер нь дэм дэмэндээ урагшилдаг гэдгийг тэгэхэд л ойлгосон доо.
-Клуб нээвэл ямар чиглэлийн хичээлүүдтэй байх вэ?
-Бүх төрлийн дасгалыг хийж болдог цогц төв нээх зорилготой байгаа. Зарим оронд фитнес клубуудэд эрүүл мэндийн даатгалын мөнгө нь олгогддог. Тиймээс хүмүүс дуртай газраа очоод даатгалаараа хичээллэж болдог юм билээ. Манайд ийм тогтолцоо байхгүйгээс өвдсөнийхөө дараа эмчлүүлж, их зардал гаргадаг. Хүмүүсийг эрүүл чийрэг болгох нь л фитнесийн гол зорилго шүү дээ. Эрүүлээр хүн гоо сайхнаа олж авч болдгийг би харуулах гэж хичээллэдэг.

-Монголд орж ирээд удаагүй байгаа “Spinning bike”-тай яаж холбогдсон юм бэ? Хөгжмийн хэмнэлд дугуйн дээр олон төрлийн дасгал хийх нь их сонирхолтой санагдлаа.
-Аэробикийн дасгал хөгжимтэй, хэмнэлтэй, эрч хүчтэйгээрээ онцлог. “Spinning bike”-гийн дасгал бол дугуйн дээр аэробик хийж байгаа юм. Анх хичээллээд л дурласан.
-Дугуйн дээр дасгал хийхдээ бүжгийн хөдөлгөөнийг хослуулаад байх шиг. Өмнө нь бүжиглэдэг байсан юм уу?
-Оюутан байхдаа “Галт шувуу” бүжгийн хамтлагийг нээгдэхэд бүжиглэж байсан. Бас “Хос уянга" гээд хамтлагт ч бүжиглэж байв. Ер нь би хөдөлгөөнтэй байх дуртай. Хөдөлгөөн, хэмнэл хүнд эрч хүч өгдөг. Өөрийгөө хөгжүүлж нээхийг их оролддог байсан. “Natur sound”-д дуулаачийн дамжаанд хүртэл явж байсан. /инээв/ Ер нь хүн чин сэтгэлээсээ хичээвэл заавал амжилтад хүрдэг гэж боддог. Ямар ч зүйл хийсэн ингэсхийгээд дуусгачихъя гэсэн үед цаг ч явж өгдөггүй. Харин ч бие ядраад, сэтгэл санаа хүртэл дагаад ядарчихдаг шүү дээ.
-Турах, гоё болох юмсан гэж ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгжүүлдэггүй хүмүүс байдаг. Хүсч байгаа зүйлээ яаж үйлдэл, үр дүн болгох вэ?
-Миний хувьд ярихаас үйлдлийг илүүд үздэг. Яриад л байгаа хүмүүс ихэнхдээ хэрэгжүүлдэггүй. Нэг арга нь таалагдахгүй бол нөгөөг нь туршиж үзээд өөртөө тохирохыг нь ол. Өөртөө кайфтайгаар зорилгодоо хүрэх аргыг олох хэрэгтэй гэсэн үг.
-Дасгалд явсан эхний өдрөөсөө жин дээр гараад хасагдаагүй байна гээд хямраад эхэлдэг. Тэр үед яах ёстой вэ?
-Жингээ үзэх гэж яарах хэрэггүй. Тэрний оронд дасгалаа хийж бай, тэгвэл цаг хугацаа чиний хөлс хүчийг үнэлээд өөрчлөгдөнө. Тиймээс тууштай бай, битгий их бод, битгий их ярь зүгээр л хэрэгжүүл.
-Дасгал хийгээд эхэлбэл залхуу хүрэхээ больчихдог уу?
-Нойр хүрэх, залхуу хүрэх, шантрах гээд бүхнийг өөрөө ялж дийлэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж үр дүнд хүрнэ. Дасгал их хийгээд ядраад унтвал зөв. Харин хоол идчихээд нойр хүрлээ гээд унтаад өгч болохгүй. Хоол идчихээд заавал алхаж шингээх хэрэгтэй. Өөртөө ядаж 15 минут зарцуул.

-Дасгал хийх гэхээр хүмүүст олон айдас байдаг, жишээлбэл бөөр өвддөг гэх мэт. Үнэхээр дасгал хүний суурь өвчинд нөлөөлдөг үү?
-Хөдөлгөөнөөр хүн өөрийгөө эмчилдэг гэдэгт би итгэдэг. Үнэхээр үсэрч дэвхэцсэн дасгал хийхэд бөөр, сав доргиж магадгүй тул бүс хэрэглэж болно. Угаасаа илүүдэл жинтэй хүний бөөр өөхөлсөн байдаг болохоор доргилт багатай. Ус их уусан үед бөөр хавагнаж өвддөгийг сайн тооцоолох хэрэгтэй. Харин дасгал хийснээр хүний өвчинг сэдрээнэ гэж ойлгож болохгүй.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд улам их амжилт хүсье
-Баярлалаа






