ЗАГВАР ӨМСӨГЧ П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: “Эмэгтэй хүн “Э” үсгээр эхэлсэн бүх сайхан үгийн эзэн байгаасай гэж хүсдэг”

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе?
Баярлалаа. Уншигчиддаа бас энэ өдрийн мэнд хүргэе.
-Яриагаа эхлэхийн өмнө манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач?
Би ээж, эгч, үеэлтэйгээ болон нохойтойгоо амьдардаг. СУИС-ын тайз дэлгэцийн сургуульд урлаг судлаач мэргэжлээр суралцдаг. Мөн ХААИС-ыг маркетингийн менежент чиглэлээр энэ жил төгсч байгаа.
-Багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Арван жилийн сурагч байсан үеэ эргэн санавал?
Нэлээн туниа муутай охин байсан. Дуугүй чимээгүй тийм охин байсан. Манай ээж шпризний шар тусаад би халдвартад төрж байсан юм. Дутуу төрж байсан болоод ч тэр үү жаахан туниа муутай охин байсан юм даг. Харин саяхан манай гэрийнхэн намайг ийм хэлэмгий доломгой амьтан болно гэж хэн бодох билээ. Байгаа байхгүй нь мэдэгддэггүй л амьтан байсан гээд бөөн инээдэм болж байхав. Харин арван жилдээ урлагийн авьяастай, нийгмийн идэвхи сайтай охин байсан. Яг үнэнийг хэлэхэд 9-р анги хүртлээ их сайн сурсан.

- Шүүдэрцэцэг гэдэг хүнийг тайзан дээрээс ч тэр, кинон дээрээс ч тэр харахад нэлээн эрх танхил бас ямбатай юм шиг харагддаг. Амьдрал дээр яг ямар зан араншинтай хүн юм бол?
Би амьдрал дээр тийм эрх танхил биш. Багаасаа биеэ дааж сурсан. Тайзан дээр бүтээж байгаа дүр шигээ эд мөнгөнд шунаад байдаггүй. Магадгүй бүтээж байгаа дүрээс шалтгаалаад хүмүүст тэгж харагддаг байхыг үгүйсгэхгүй юм л даа.
-Хүн болгоны шуналыг их бага хэмжээгээр хөдөлгөдөг олон хүчин зүйл байдаг. Юунд хамгийн их шуналтай вэ?
Машин, Шивээс хоёр. Маш гоё газраа, маш гоё шивээс хийлгэе гэж нэлээн удаан бодож байгаа. Мөн sanоta7 гэсэн машинтай болно гэж бодож байгаа. Удахгүй болох байх, авна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Гэр бүлээ төлөвлөсөн үү? Хэдий хугацааны дараа гэр бүлээ зохионо гэж боддог вэ?
Мэдээж гэр бүл төлөвлөх талаар бодолгүй яах вэ. Ээждээ, эмээ өвөөдөө ачийг нь тэврүүлье гэж бодно. Гэхдээ яг одоо миний хүссэн хүлээсэн хүн гарч ирээгүй байна.
-Мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгээс бидэнтэй хуваалцвал...?
-Энэ гэхдээ мөрөөдөл байх л даа. Би victory secret-ийн тайзан дээр алхаж үзэх юмсан гэж боддог. Ядаж ганц удаа ч байсан хамаагүй.

- Өөрийн тань хувьд эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Эмэгтэй хүний үнэлэмжийн тухай яривал?
Эрэлхэг зоригтой, энэрэнгүй нийгүүлсэнгүй, эгц өөдөөгөө харсан, эелдэг. “Э” үсгээр эхэлсэн бүх сайхан үгийн эзэн байгаасай гэж хүсдэг. Бурхан эмэгтэй хүнд эрчүүдээс илүү их зүйлийг хайрласан байдаг. Тийм болохоор эмэгтэй хүнийг хайрла гэж хэлэх дуртай. Гэхдээ энэ үгэнд эрчүүд дургүй байдаг юм шиг байна лээ./инээв/
- Өөртөө хэр итгэлтэй вэ?
Маш их итгэлтэй. Гэхдээ өвдсөн үедээ ямар ч итгэлгүй болчихдог. Ерөнхийдөө жаахан бие муутай. Би дуртай зүйлээ хийж байгаа болохоор жүжигчний мэргэжилдээ үнэхээр сонирхолтой. Миний хэлэх дуртай нэг үг байдаг юм. Юу вэ гэхээр “Би чадна, яагаад гэвэл чадах учраас, Би чадна яагаад гэвэл хүсч байгаа учраас, Би хүсч байна яагаад гэвэл чи намайг чадахгүй гэсэн учраас гэж. Энэ үгийг их баримталж өөртөө итгэлгүй болох үедээ хэлж зоригжуулдаг даа.

-Сүүлийн үед тайз дэлгэцийн урлагт өндөр, гоолиг бүсгүйчүүд хүч түрэн орж ирэх болсон нь анзаарагддаг. Эдгээр хүмүүс дотор мэргэжлийн жүжигчид байхад, мэргэжлийн бус жүжигчид ч байгаа. Өөрийн тань гадаад төрх кино урлагт хөл тавихад хэр их нөлөөлсөн бэ?
Ерөнхийдөө урлаг гэдэг бол бусдад үлгэр дууриалал үзүүлж байгаа гэдэг утгаараа гадаад гоо үзэмж нөлөөлнө. Урлаг гэдэг бол өөрөө цэвэр гоо сайхны илэрхийлэл гэж би ойлгодог. Хүн болгоныг царай муутай, царайлаг гэж би ялгах дургүй л дээ. Эмэгтэй хүн бүр гоо сайхны бүтээл. Эрэгтэй хүний тухайд би сайн мэдэхгүй. Эмэгтэй хүнд дотоод гоо сайхан, гадаад гоо сайхан гэж байдаг. Мэдээж урлагт дотоод гоо сайхан хамгаас чухал.
- Ер нь жүжигчин болно гэж боддог байсан уу?
Би багаасаа жүжигчин болно гэж бодоогүй. Бусадтай адил эмч болно, багш болно гэж боддог байсан. Гэрийнхнээс сонсоход манай удамд 20-р зуунд ид мандаж байсан мундаг ардын жүжигчин, төрийн шагналт хүмүүс байсан юм билээ. Энэ бүхнийг сонсоод би яагаад жүжигчин болж болохгүй гэж бодсон. Надад нэг хувийн авьяас байгаа юм чинь 99 хувь хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн бодол төрөөд урлагийн чиглэлээр суралцах болсон.
-Өөртэй чинь адил загварын тайзнаа алхдаг, мөн тайз дэлгэцийн урлагт хүчээ сориод багагүй амжилттай яваа бүсгүйчүүд нэлээдгүй байдаг. Жишээ дурьдахад мисс Б.Бадамцэцэг байна. Эдгээр хүмүүсээс уран бүтээлч хүний хувьд суралцах зүйл гарна биз?
Хүн хөдөлмөрлөж л байвал түүнийхээ үр өгөөжийг хэзээ нэгэн цагт хүртдэг гэж боддог. Манай Б.Бадамцэцэг их хөдөлмөрч өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гээд анагаахад нүүр ам судлалаар сурдаг. Маш том зорилготой, мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө зүтгээд дээрээс нь дуртай зүйлээ хийгээд явж байгаа нь бахархууштай. Залуу насанд ер нь завгүй байвал гоё шүү дээ.
-Ямар ч хүнд их бага хэмжээгээр өрсөлдөгчид байдаг тэр дундаа уран бүтээлч хүн өрсөлдөгчтэй байх тусмаа тэр хэмжээгээрээ хурцлагддаг гэдэг. Хэр олон өрсөлдөгчидтэй гэж боддог вэ?
Одоохондоо өөрөө өөртэйгөө л тэмцэлдэж байна. Эхлээд өөрөө өөрийгөө ялан дийлчихээд дараа нь өрөөл бусадтай өрсөлдөх хэрэгтэй гэж боддог. Миний дотор хоёр өөр хүн байдаг. Хоёр өөр зүйл ярьдаг. Дотоод хүнтэйгээ маш их тэмцэлддэг дээ.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд гоо сайхны хагалгааг ихэд сонирхон хийлгэх болсон. Урлагийн хүний хувьд гоо сайхны хагалгааны талаар ямар байр суурьтай явдаг вэ. Байх ёстой зүйл юм бол уу аль эсвэл огт хэрэггүй зүйл юм гэж боддог уу?
Хувь хүнийхээ хувьд дэмждэг. Хүн ганц л амьдарна. Өөрөө өөртөө таалагдаж амьдрах нь зөв ч урлагийн хүн бусдад таалагдаж, гоё сайхан харагддаг байх хэрэгтэй. Үнэхээр гоё харагдаж байвал яагаад болохгүй гэж солонгосын бүх л одууд засвартай байна.Зохисон юм зохисон хүндээ гоё харагддаг гэж боддог.
-Үүнийг асуух болсон шалтгаан нь өөрийг чинь хамраа янзлуулсан гэсэн мэдээлэл гараад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Үнэхээр ойроос харахад хамар тань нэлээн өндөр юм аа. Хамраа янзлуулсан юм биш үү?
Тийм ээ. Намайг хамраа өндөрлүүлсэн гээд л байдаг юм. Би ч хэлдэг. Шүүдэрцэцэг үнэн төрхөө нуулаа энэ тэр гээд л шар хэвлэлээр их бичдэг. Үнэндээ надаас илүү намайг мэддэг хүмүүсийг би гайхдаг.Одоохондоо надад засуулж, янзлуулсан юм алга. Хамар, ам, миний бүх эд эрхтэн эхээс төрсөн хэвээрээ л байна. Ерөнхийдөө багадаа мах шөлтэй хүүхэд байсан. Миний хамар хэзээний л ийм сонин чимхсэн юм шиг хэлбэртэй. Ээжээсээ авсан ганц юм.
Манай ээж их өндөр хамартай хүн. Ээжийг минь харсан хүмүүс бол мэдэх байх. Багадаа өндөр хамартай төрсөндөө их эмзэглэдэг байсан. Харин одоо бол хүмүүст гоё харагдаад хүмүүсийн анхаарлыг татаад байгаа болохоор тэр бодол маань алга болсон. Харин яагаад хиймэл харагддагийг би ойлгодоггүй юм. Заримдаа хүмүүс хэлсээр байгаад ч тэр юм уу, зурган дээр үнэхээр хиймэл юм шиг харагддаг. Гэхдээ би хамрандаа сэтгэл хангалуун байдаг.
Олон хүн намайг тоогоод гэрийн гадаа ирээд, хонож өнжитлөө дурлана гэдэг бол гоё мэдрэмж

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөе. Шүүдрээд ямархуу зан араншинтай эр хүн таалагддаг вэ? Ирээдүйн ханиа ямархуу хүн байгаасай гэж боддог вэ?
Надад халамжтай эр хүн надад таалагддаг. Намайг ойлгох миний амьдралаар амьдарч чадах намайг дэмжих тийм л хүнийг сонгоно. Би халамжтай хүнд маш их татагддаг, зүгээр л халамжтай хүн хэрэгтэй. Би хайрыг халамж гэдэг нэг үгээр хэлнэ.
-Олны танил эмэгтэйчүүдийг мөнгөтэй эрчүүдээр ивээн тэтгүүлж үнэтэй бэлэг авдаг гэх мэт яриа их гардаг. Өөрийн тань хувьд ийм зүйл тохиолдож байсан уу. Ер нь тиймэрхүү асуудал тулгарахад яаж хүлээж авдаг вэ?
Тохиолдож байсан л даа. Гэхдээ аль болох өөрийгөө үзэн ядуулахгүйгээр, зөвөөр ойлгуулахыг хичээдэг. Гэхдээ олон хүн намайг тоогоод гэрийн гадаа ирээд, хонож өнжөөд байж байна гэдэг бол гоё мэдрэмж.
- Сайхны өмнө харц буруугүй гэдэгчлэн сайхан царай зүс бие хаагаа ашиглан нэрд гарахын тулд хэн нэгэн баяны нөмөр нөөлгөн дундаас олонд танигдсан хүмүүс цөөнгүй байдаг. Ер нь олны үг оргүй хоосонгүй гэдэгчлэн зарим нэг нь бол бараг ил тод байна. Энэ тал дээр өөрөө ямар байр суурьтай явдаг вэ?
Чадаж байгаа юманд аргагүй гэдэг шүү дээ. Тухайн хүн нь тэр хүндээ үнэхээр хайртай байж болно аль эсвэл үнэхээр мөнгө хэрэг болсон байж болно. Энэ бол хувь хүнийн өөрийн хэрэг л дээ. Тэрийг буруу зөв гэх арга байхгүй.
-Саяхан Маск продакшны жүжигчин Алдраатай хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн мэдээлэл гарсан байсан энэ хэр үнэний ортой бэ?
Оргүй хоосон мэдээлэл. Алдраа ах бид хоёр бие биенийгээ мэднэ. Харин албан ёсоор саяны рекламанд тоглохдоо танилцсан. Өмнө нь зүс мэддэг байсан. Хос цамцыг рекламамд тоглуулсан хүмүүс нэг нэгээр нь дурсгасан. Түүнээс биш хайр сэтгэлийн холбоо огт байхгүй.
Би хэл дамнуулаад, хувцас авчруулж өмсдөг азтай хүн

-Сүүлийн үед бүсгүйчүүд маань өмсөж зүүснээрээ их өрсөлдөх болсон. Олны танил эмэгтэй хүний хувьд өдөр бүр гоё сайхан харагдах шаардлага гардаг. Ямар брэндийн хэрэглэгч вэ?
Брэнд хөөх дургүй. Тэр үнэтэй зүйлийг би ямар авсандаа аваад үхэх биш. Брэнд гэдэг магадгүй чанар байх л даа бас нэг нэгэндээ гайхуулах зүйл юм шиг санагддаг. Би бол тэдгээр хүмүүсийн нэг биш ээ. Надад брэнд хөөцөлдөөд явах сонирхол байхгүй. Ер нь зүгээр л өөртөө таарсан зохисон хувцсаа өмсөхийг илүүд үздэг. Хүссэн юмаа өмсөж, эдлэхийг хүссэн юмаа эдэлдэг. Хүмүүстэй л адилхан энгийн юманд дуртай.
- Эмэгтэй хүн болгон гутал цүнхэндээ ихэд анхаардаг. Өөрөө бусдыг бодвол брэнд бараа бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэлээ. Тэгвэл хаанаас хувцас, гоёл чимэглэлээ авдаг вэ?
- Ерөнхийдөө Америк, Англиас захиж авдаг. Тэнд манай ах эгч,хамаатан садан, нагац ах эгч нар маань амьдардаг. Монголоос бараг хувцас авдаггүй. Ийм юм авмаар байна гээд захингуут тэрийг маань явуулчихдаг. Би бас азтай хүн хэл дамнуулаад хувцас авчруулчихдаг.
-Загвар өмсөх, кинонд тоглох, тайзан дээр жүжиглэх эдгээрийн аль нь илүү өөрт чинь ойр санагдаж байх юм?
Би нэг өдөр зүүдлээд. Тэгээд сэрэнгүүтээ л босож ирээд “ээж ээ би загвар өмсөгч болно гэсэн чинь юу балайраад байгаа юм бэ? Чам шиг бүдүүн хүн загвар өмсөгч болохгүй” гэж байсан. Тэгээд би өөрөө явж очоод загварын дамжаанд орсноор турсан. Түүнээс гадна биеэ авч яваа байдал маань ч эрс өөрчлөгдсөн. Тэгээд би бодсон л доо. Хүн юм юманд өөрийнхөө хүчийг сорьж байгаа үед үр өгөөжөө өгдөг гэж. Монголын загварын тайзан дээр миний өндөр бол намддаг. Фото авхуулахаасаа илүү тайзан дээр загвар өмсөж алхах илүү гоё мэдрэмж төрүүлдэг. Надад боломж олгож намайг тоож тайзан дээр алхуулбал би хэзээ ч татгалзахгүй. Гэхдээ жүжигчний ажилдаа хайртай анх тайзан дээр гараад хэзээ ч авч байгаагүй мэдрэмжийг авч байсан. Жүжигчнээр илүү явах дур сонирхолтой.
-Өөрөө саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө эротик дүр бүтээхэд бэлэн биш байна гэж ярьсан байсан. Харин саяхан нээлтээ хийсэн “Гэнэтийн бэлэг” жүжигт нэлээн эротик дүр бүтээсэн харагдсан. Тэгэхээр эротик дүр бүтээхээр зоригтой болсон гэсэн үг үү?
Энэ жүжгэнд бол тийм сүртэй эротик зүйл байхгүй шүү дээ. Би ер нь нүцгэлэхээс эмээдэг. Энэ чинь урлаг учраас сэтгэл санаагаа бэлдэхээс гадна бие мах бодио ч гэсэн хүний өмнө гаргахад ичихээргүй болгосон хойноо хийх ёстой зүйл гэж боддог. Дуртай зүйлийнхээ төлөө ямар нэг зүйлээ золиослох болоход магадгүй тэр золиослох юм нь миний нүцгэн бие байх юм бол дахиж олдохгүй бие хаагаа хүний өмнө харуулаад, залуу насандаа дүрсжүүлээд авч яагаад болохгүй гэж. Гэхдээ одоохондоо бэлэн биш байна.
Бидний урилгыг хүлээн авч гэртээ урин, халуун дотно яриа өрнүүлсэн П.Шүүдэрцэцэгтээ баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
gggg
(182.160.32.220)
2013-04-25 15:30:22
zagvar umsdug uu iim namhan bj uu
0
0
0
Хариулах







