Цээж хорсоход яах вэ?
Цээж хорсох явдал хүн бүхэнд түгээмэл тохиолдох нь бий. Уг өвчлөлийг хэрхэн анагааж, урьдчилан сэргийлэх талаар товчхон өгүүлье. Шар хөөрөх буюу цээж хорсолтын үед өвчүүний толгойн дээд талаас цээжний урд хэсгээр түлж байгаа мэт халуу оргино. Энэ нөхцөлд айраг цагаа уувал өвчүүн тушаа гал манараад л явчихна. Тэр бүү хэл бүлээн сүү, хүйтэн хар цай уусан ч улаан хоолой, цээж зураад ордгийг бид мэдэх юм.
Анагаахын шинжлэх ухаанд үзсэнээр энэ нь ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болж рефлюкс үүсэх процесс аж. Ямар нэгэн өвчин зовиургүй эрүүл хүнд ч цээж хорсох тохиолдол гардаг байна. Ихэвчлэн хоол хүнсээ тохируулж хэрэглээгүйгээс, ялангуяа улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл, халуун ногоо, шоколад, кофе, улаан лоолийн соус, хийжүүлсэн ундаа зэргийг хэт давамгай хэрэглэж хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг гэнэ. Мөн архи хэтрүүлэн уух, гүн шарталт хордлого өгөх, мэдрэлийн ядаргаа болоод стресс нойргүйдлээс цээж хорсох явц мэдрэгддэг ажээ.
Цээж хорсолтыг цагаан лууван, далайн байцаа, жууцай, зуун наст, долоогонын шүүсээр анагаах арга бий. Цагаан лууванг чанаж буцалгах, эсвэл шарж хайралгүйгээр түүхийгээр нь хэрэглэвэл мах болоод өөх тостой хоолыг шингээх чадвар өндөр байдаг аж. Хөдөөгийнхөн цээж хорслоо гээд шанага шанагаар сүү залгилдаг. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Гэр бүлийн нөхцөлд хүмүүс содатай ус уудаг. Үүнийг ч шинжлэх ухаан таашаадаггүй. Учир нь ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлэх аюултай. Цээж хорсолтыг бий болгодог дээрх бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, уурлаж бухимдалгүй тайван байж буцалсан ус зэргийг тогтмол хэрэглэвэл цээж хорсох зовиургүй болохыг эмч нар зөвлөдөг.
Цагаан лууванг түүхийгээр хэрэглэх нь сайн
Цагаан лууванд “diastase” ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Max, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл лимонын шүүсээр бага зэрэг амталж болно.
Шарсан далайн байцаа
Далайн байцааг цээж хорсох өвчний үед хэрэглэдэг. Ингэхдээ дангаар нь зажилж, шарж идэж болно. Өдөрт 5 гр-ыг идэхэд хангалттай. Халуун ногоо, шөл зэрэгт хольж идэх нь эмчилгээг үр дүнгүй болгоно.
Жууцайны шүүс
Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй. Ойролцоогоор нэг cap хэрэглэхэд ходоодны үйл ажиллагаа сайжирдаг. Жууцайны шүүсийг бага зэрэг сармисны хандтай хамт хэрэглэж болно.
Долоогоны шүүс
Долоогоно нь ходоодонд ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. Есдүгээр сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээд удаан чанаад өдөрт гурван удаа ууна. Архи, спирттэй хольж уувал элэг түлэгдэх аюултай.
Зуун настны навчны нухаш
Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож халбагаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна.
Эх сурвалж: mongolcom.mn







