Ээжүүдээ хэрхэн зөв хөхөө саах вэ?


 Эхийн сүү бол 0-6 сартай хүүхдийн өсөлт, хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнс юм. Тиймээс хүүхдээ 6 сар хүрэхээс өмнө ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн эхчүүди йн хувьд аль болох бусад цагаар сүүгээ сааж, байхгүй үедээ саасан сүүгээр хүүхдээ угжиж эхийн сүүгээр таслахгүй байх нь таны хүүхдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, дархлаанд маш чухал ач холбогдолтой. Мөн хүүхдийг 6 сартайгаас нь нэмэлт хоол тэжээлд оруулсан ч 2 нас хүртэл нь байнга хөхөөрөө хооллож байх ёстой. Иймээс танд хөхөө хэрхэн саах, саасан сүүгээ яаж хадгалах талаар дараах зөвлөгөөг толилууж байна.




Хөхөө гараараа саах арга:

Хөхөө сааж эхлэхээсээ өмнө

• Гараа сайтар савандаж угаана.

• Саасан сүүгээ хийх цэвэрхэн аяга эсвэл том амсартай шил бэлтгэнэ.

• Сүү сааж байх явцад сүү цацрах магадлалыг бодолцож гараа арчих алчуур эсвэл сальфетка бэлэн байлгана.

• Та хүүхдээсээ нэлээд хол байгаа бол сүүгээ сааж байхдаа хүүхдийн зургийг хараад суувал саах явцыг хялбарчилах болно.

• Аль болох биеэ сул, чөлөөтэй, тайван байх хэрэгтэй.

• Өрөөний хэм хэтэрхий халуун эсвэл хүйтэн байж болохгүй.

• Хажуудаа уух ус, жимсний шүүс тавьж болно.

Ажил хийдэг эхүүд сүүгээ сааж дуусаад шил, таг аль алийг нь 5 минут буцалгаж ариутгасан шилэн саванд хадгална. Эхийн сүү өрөөний температурт 6 цаг, хөлдөөгчинд 6 сар хадгалахад чанараа алддаггүй. Хадгалж, хөлдөөсөн эхийн сүүг буцалгаж болохгүй. Хадгалсан сүүг шилэн савтай нь халуун усанд суулгаж бүлээцүүлдэг. Сүүг халаах зорилгоор богино долгионы зууханд хийж огт болохгүй.

1) Сүүг саах явцад анхаарах зүйлс

• Чигчий хуруу цээжин хэсэгт тулж, бусад хуруунууд хөхийг доороос нь өргөж барьсан хэлбэртэй, долоовор хуруу хөхний хүрэн толгойн доод хэсэгт байрласан байна.

• Эрхий хуруу мээмний дээд хэсэгт хөхний толгойн хүрэн хэсгийн ойролцоо байрласан байна.

• Эрхий болон долоовор хуруугаар хөхний үзүүр хэсгийг бага зэрэг базаж өгөхөд хөхөн доторх усан үзэмний ширхэгүүд шиг бөөрөнхий жижигхэн хэсгүүд баригдана. Эдгээр нь хөхний толгойн хүрэн тойрог хэсэг дотор байрладаг сүүний сувгууд юм.

• Сүүний сувгаас сүүг сааж гаргахын тулд базаж, суллах үйлдлийг хийнэ. Энэ хоёр үйлдлийг ээлжлэн давтан хийх эх хүн өөрөө хурдыг, даралтыг, хэмнэлийг өөрөө тохируулж сүүгээ саана.

• Сүүгээ сайн саахын тулд хөхийг толгой хэсэг рүү нь шахах хэлбэрээр саавал хөхөнд хуримтлагдсан сүүг амархан гадагшлуулж чадна.

• Хөх бол эмзэг эрхтэн учраас хэтэрхий чанга базах, өвтгөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

• Ерөнхийдөө 90-100 мл грам сүү саахын тулд 10-15 минут шаардагдана. Сааж эхлэхэд шууд сүү гарахгүй учраас үүнд эхчүүд санаа зовох хэрэггүй, үйлдлээ үргэлжлүүлсээр байвал хөх эвлэж сүү амархан гадагшлах болно.

2) Саах үйлдлийг хялбар болгох зарим аргууд

• Сүүгээ саахаасаа өмнө бүлээн шүршүүрт орох эсвэл хөхөн дээрээ бүлээн алчуураар жин тавьбал саахад илүү хялбар болж өгнө.

• Хөхөө гараараа саах явцдаа цээжиндээ сайн нааж, шахаж өгвөл сүү сайн гардаг.

• Мөн сүүг илүү сайн гаргахын тулд өөрөө бага зэрэг тонгойсон байрлалд суух хэрэгтэй.

• Хөхөө хоёр талаас нь сайн шахаж өг. Нэг гараа хөхөн дээрээ, нөгөөг нь хөхөн доороо байрлуулаад гараа хөдөлгөглгүй нэгэн зэрэг хоёр талаас нь шахаж суллах аргыг хэрэглэж болно.

• Хурууныхаа үзүүрээр хөхний гадна хэсгээс толгой хүртэл нь дугуй хэлбэрээр нухаж өгвөл суган хэсгээс толгой хүртэл зангирч чинэрсэн сувгуудын зангираа гарна.

• Хүүхэд хөхийг жигд суллаж, сүүг сайн сордог. Харин гараар саахад төдийлөн бүх сувгийг жигдхэн хоосолж чаддаггүй. Нөгөөтэйгүүр нэг хөхөө сааж эхлэхэд нөгөө хөх эвлэж сүү гоождог учраас үүнээс урьдчилан сэргийлж хувцсаа норгохгүй байх арга хэмжээг өмнөөс авсан байх хэрэгтэй.

Саасан сүүгээ хүүхдэдээ халуун усанд угжтай суулгаж бүлээлгээд уулгах хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд угжаар ууж чаддаггүй бол халбагаар өгч бас болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi (118.79.86.48) 2015-06-12 15:37:40
eej boloh ch hestuu shuu ***** chinereed l