Торгон дээрх байгалийн өнгө хоршил

Хаа нэгтээ таны харж байсан цэцэг, навч тэр битгий хэл ердийн сонгины хальснаас гайхалтай өнгө будгийн хоршлыг торгон алчууран дээр амьдруулжээ.


Эрхэмсэг ганганы дээд болсон  торгоны бүтэц, зөөлөн гялгар  шинж чанарыг нь  өөрчлөлгүй, ямар нэг химийн бодис хэрэглэхгүйгээр энэ бүгдийг бүтээсэн нь шинэлэг юм.

Дизайнер Данейн Майрагийн “Бугат” эсгийн урландаа гараар урласан гоёмсог ороолтууд нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг бүсгүйчүүдийн гангараа болон гадаад руу илгээх эрхэмсэг бэлгүүдийн сонголтын нэг болжээ.


Тэрбээр торгон төдийгүй эсгий, торго эсгийний хосолмол ороолтуудыг гар аргаар зөвхөн танд зориулсан ганц хувилбараар бүтээдэг.

Эрхэмсэг бүсгүйчүүдийн эрхэм чанарыг тодруулах гайхамшигт торго, байгалийн өнгөтэй хоршин давтагдашгүй урлал бий болжээ.


Торготой танилцсан нь

“ Гоёл” наадмын тайзнаа дизайнер Сэндэмийн торгон том том алчууруудыг топ моделиуд тайзан дээр эргэлдүүлэн, намируулан алхах нь ид шидийн мэт сонихон харагдана. Энэ үед буюу 1997 онд Д.Майра оюутан байлаа.  

Сургуулиа төгсөөд Норвегийн тусламжийн байгууллагын Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетингийн төсөлд эсгийний багш, дизайнераар ажиллаж байхад нь Шинэ Зеландаас ирсэн эсгий урлаачид эсгийг торготой нэгтгэх аргыг зааж өгчээ.  “Гоёл  2002” наадамд тэрбээр энэ шинэ бүтээлээрээ оролцохыг хүссэн ч  тэр гоё торго нь олдохгүй байсан учраас эсгийг  торон материалтай нэгтгэж  хувцас хийж оролцоод тусгай байрын шагнал хүртэж байжээ.


Анх төсөөлж, сэтгэлдээ буулгасан тэр гоёмсог торгыг хайж явсаар 2008 оноос эсгий, торгыг хослуулсан урлалаа эхлүүлж, ороолт алчуур хийх болжээ.

Байгалийн өнгө буюу цэцэг, навчаар будах нь

Хүн төрөлхтөн химийн будагтай танилцахаасаа өмнө даавуу нэхэж, хувцас хийхдээ ургамлаар буддаг байжээ. Илүү хялбар, олон өнгө гаргах боломжтой болсноор уламжлалт аргыг ашиглахаа больсон ч энэ нь хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй, бас байгалийн жинхэнэ бүтээл болохыг мартаж болохгүй. Д. Майра 2005 онд  Биологийн хүрээлэнгийн доктор Гарамжав гуайгаас ургамлаар будах аргачлалыг суралцаж,  2007 оны сүүлээр түүнтэй хамтарч “Ноос будах технологи” ном гаргасан юм.

Эхлээд зөвхөн нэг өнгөөр буддаг байсан бөгөөд будах арга технологийн эрэл хайгуул хийсээр  гурван  жилийн өмнөөс дэлхийн даавуун урлалын  чиг хандлага болоод байгаа ургамлаар будах тэр дундаа навч, цэцгээр хээлж будах арга техникийг эзэмшсэн байна.


Торгон алчууруудаа урласан  нь

Орчин үеийн хувцас загварын чиг хандлага  тэр дундаа даавууны дизайн нь  уламжлалт хэв маягаас татгалзаж, өмнөх үеийнхнийхээ төсөөлд байгаагүй шинийг бүтээж, химийн будгаас татгалзаж байгаа нь түүний сонирхол, хэв маягтай яв цав тохирсон болохоор гайхалтай торгон алчууруудаа хийсээр нилээн хугацаа өнгөрчээ.

Торго эсгийг нэгтгэж, байгалийн өнгөөр гоёдог дизайнер Д.Майра удахгүй Дани улсад болох Монголын соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах үзэсгэлэндээ бэлтгэн урландаа шинэ бүтээлүүдээ урласаар л байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.