Хурим
Усан ягаан өнгийн даашинзаар гоёсон охид, тас хар хослолыг чамбай гэгч нь өмссөн залуус хээр талын салхинд байгальд өнгө нэмэн
зогсоход хажуугаар өнгөрөх хүмүүс сонжиж сонирхон харна.

Удалгүй удаан хүлээлгэсэн хосууд маань ирж хуримын зураг авалтын нөр их ажил дэлгэр зуны дэнж ногоорсон зүлэг, сэвэлзүүр салхи, сэнгэсэн горхины дэргэд эхэлсэн юм. Аз жаргал, амраг хайраа найз нөхдөөрөө гэрчлүүлнэ, батлуулна гэдэг нь хос хоёрын хувьд хуримын хамгийн чухал хэсэг нь болжээ. Энэ өдрийн хамгийн үзэсгэлэнтэй, өөрөөсөө нарнаас ч илүү тод гэрлийг цацруулсан хүн бол сүйт бүсгүй байлаа. Түүнтэй хэн ч өөрийгөө зүйрлэхийн аргагүй тийм гоо үзэсгэлэн төгөлдөр харагдана. Харин сүйт залуу дэндүү бардам, өөртөө итгэлтэй алхаж байлаа.
Арван жил хайрласан бүсгүйгээ эхнэрээ болгож авна гэдэг, арван жил хайрлуулан байж эхнэр нь болж очино гэдэг хэн хэнд нь бахархалтай байх нь аргагүй. Хүлээлт хүсэл үргэлжилсэн өдрүүдийг эргүүлж нэг санахад гунигтай ч хоёр биенээ олсон халуухан өдрүүд жаргалтай байдаг хойно өнгөрснөө дурсаж маргаашруугаа хөтлөлцөн алх, хосууд минь.

Аав, ээж ах дүү, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт олондоо гэр бүлээ зарлан, эхнэр болсон эмэгтэйгээ, нөхөр болсон залуугаа насан туршдаа хайрлана гэж ам тангараг өгөн гэр бүлийн амьдралаа эхлэнэ гэдэг хамгийн сайхан.
Хуримын цав цагаахан даашинз өмсөх нь бүсгүй хүн бүрийн мөрөөдөл нь байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Сүйт бүсгүйн даашинз зохидоггүй бүсгүй гэж байдаггүй болохоор хуримын даашинз гэдэг бол эмэгтэй хүний хамгийн тансаг бас эрхэмсэг гоёл юм.
Сүйт залуу, сүйт бүсгүй хоёрыг даган хуримын ордны шатаар өгсөн гэрлэх ёслолын өргөөнд орох тэр мөч, гэрлэлтийг удирдан баталж буй сайхан эмэгтэйн дуу хоолой, хэлж буй утга төгөлдөр үгс, аяархан эгшиглэх хөгжим, сэтгэл нь догдолсон зочид энэ бүхнийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж хоёр нүдний аягаар нулимс дүүрээд ирдэг юм билээ. Түүнийг олон хүнд мэдэгдэлгүй буцаан залгих, урсгачихгүй барих нь үнэхээр хэцүү.

Яг энэ мөчид ганц бие хүмүүс эсвэл хурим хийж амжилгүй гэр бүлийн амьдралаа зохиосон бүгд л дотроо битүүхэн, цагаанхан атаармаар.
Хурим хийж чадаагүй гэсэн гомдол тээсэн бүсгүйчүүд зөндөө л байдаг. Гэхдээ энэ бас гомдох зүйл биш юм. Хайртай хань чинь ганцхан чамайг гэж сонгоод, сонгосон сонголтондоо бардам байхад бид атаархаж, гомдоод яах билээ. Хайр өөрөө бүх зүйлийн баталгаа байдаг. Өнгөрсний баталгаа, өнөөдрийн баталгаа, маргаашийн баталгаа. Хувь тавилан чиний суусан онгоцонд хуримын дуу эгшиглүүлэхээ мартаа л биз. Харин хажууд чинь түших хань илгээсэнд баярлаарай, бүсгүй минь.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
бүсгүй
(202.126.91.103)
2015-09-09 14:47:55
тийм шүү
0
0
0
Хариулах






