6 САРААС 2 НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ
Боломжтой бол хүүхдийг 2 нас хүртэл нь хөхнөөс гаргах хэрэггүй. Хүүхэд ойноосоо өнгөрсөн ч гэсэн хүссэн үед нь хөхүүлж бай. Тохирох хоолыг тухай бүр шинээр бэлтгэж өгнө. Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 250-300 мл орчим байна. Хоолны төрөл 6 сараас 12 сар хүртэлх насны хүүхдүүдийнхтэй адил боловч өдөрт 5 удаа хооллоно. Ер нь хүүхдийн хоол олон төрөл байвал сайн. Төмс, байцаа, лууван, тараг, хоормог, ээдэм, бяслаг, өндөг, мах, загас өргөн хэрэглэ.

Хоёр ба түүнээс дээш насны хүүхдийн хоол
- Гэрийнхний хоолноос өгч болохоос гадна өдөрт 3 удаа тусгайлан бэлтгэсэн хоол өгнө.
- Хоолны хооронд аминдэмээр баялаг тэжээллэг бүтээгдэхүүн өдөрт 2 удаа өгнө.
Үүнд:
- сүү, цагаан идээ, айраг
- жимс, жимсгэнэ
- хүнсний ногоо
- цөцгийн тостой талх, боорцог, жигнэмэг болон бусад гурилан бүтээгдэхүүн
1-1.5 нас
Ой хүрсэн хүүхдийг хооллох дэглэм хагас хагас жилээр өөрчлөгддөг жамтай. Энэ үед хүүхдэд хоолыг нь 10-11 сард өгч байсан шиг давтамжтай, хагас шингэн, нухаш хэлбэрээр үргэжлүүлэн өгөөрэй.
- Угж (соска) нь хүүхдийн хоол идэх дуршлыг бууруулж, хоолоо зажлах дадлыг төлөвшүүлэхэд сөрөг үр дагавар дагуулдаг тул энэ насанд аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хүүхэд хоолоо залгихаасаа өмнө рефлексийнхаа дагуу зажлах хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ нь цаашид бүхэл хоолонд шилжих бэлтгэл болдог юм.
- Ой таван сар хүртэл хүүхдийг өдөрт 5 удаа хооллох ёстой. Гэхдээ хүүхэд тань эрүүл сүүлийн тав дахь хоолоо идэхээс цааргалж байвал, дөрвөн цагийн зайтай дөрвөн удаагийн хоолны дэглэмд шилжих бас боломжтой. Давтамж дөрөв юм уу тавын аль нь ч бай, өдөр бүр баримтлаж байх нь хамгаас чухал.
- Нийт өдрийн хоолны хэмжээ 1200 г буюу өдөрт таван удаа хооллоно гэж үзвэл нэг удаад 240-250г ноогдоно.
- Сүүн бүтээгдэхүүн урьдын адил голлох үүрэгтэй. Энэ насанд сүүгээр хийж болох төрөл бүрийн хоолыг оролцуулан 700 мл сүү байна. Хүнсэндээ зайлшгүй өргөнөөр хэрэглэх материалын нэг бол ээдэм юм: ээдэмтэй лууван, ээдэмтэй төрөл бүрийн жимсгэнэ гм.
- Энэ насанд гагцхүү тахианы өндөг өгөх хэрэгтэй. Ингэхдээ ой таван сар хүртэл гагцхүү өндөгний шарыг бүрэн болгож ногооны нухаштаа холих маягаар хэрэглэх бол ой таван сараас хойш цагаантай нь өгч болно: шарсан өндөг, өндөг ногооны холимог салат гм.
- Гурван нас хүртэл хүүхдийн нэг өдөрт хүртэх махны хэмжээ 85 г. Шувуу, гахай, үхэр, загасны махыг түлхүү хэрэглэж, хонины махыг хаяадаа хэрэглэж байх. Махан хоолыг өдрийн эхний хагаст хэрэглэж занших, учир нь сүүлийн хагаст хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч, нойрыг нь сэргээх талтай. Тэжээллэг эсэх нь эргэлзээтэй ч хаяадаа идэхэд яахав гэмгүй бантангаас гадна махаа татаж юм уу машиндан котлет, бөөрөнхий мах зэргийг хийж өгч болно. Мөн элэг нь их тэжээллэг тул хүүхдэдээ татаж, жижиглэн өгөөрэй. Соусны тухайд гурилыг бага тосонд шарж, шөлөөр зутагнасан энгийн хурц бус амттайг хэрэглэх нь зохистой.
- Долоо хоногт хоёр юм уу ядаж нэг удаа хүүхэддээ жижиг ясгүй загасны мах өгч сурах цаг болжээ бид. Ой таван сар хүртэл хүүхэддээ загасны махыг машиндан бөөрөнхий мах болгон бэлтгэх юм уу ууранд жигнэн бэлтгээрэй.
- Өөх тосны тухайд, ургамлын тосыг салат, нухаш зэрэгтээ нэмэн боловсруулалгүй хэрэглэх, амьтаны гаралтай өөх тосноос гахайн дотор өөх болон салог долоо хоногт нэгээс хоёр удаа, холестерин багатай хонины сүүлийг ч хоолондоо хэрэглэхэд гэмгүй, харин үхэр хонины дотор өөх нь удаан шингэцтэй тул татгалзах хэрэгтэй.
- Ногооны тухайд, их хэмжээний цардуул нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг тул төмсний нухашнаас татгалзаж байхад гэмгүй.
- Өдрийн норм нь 150 г. Бусад ногооны тухайд лууван, цэцгэн байцаа, өнгөт байцаа, улаан манжин, хулууг түлхүү оруул.
- Консервлэсэн болоод савласан хүүхдийн бүтээгдэхүүний тухайд нэгээс дээш жил хадгалана гэсэн тэмдэглээтэй байвал химийн бодис оржээ гэж ойлгож болно. Харин 4-7 хоногийн хугацаатай хадгалдаг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байхад гэмгүй шүү. Сул тал нь гэвэл амтнаас нь амархан уйдах хандлагатай байдаг.
- Хүүхдийн будаа \каш\ -өглөөний цайнд түлхүү хэрэглэсээр ирсэн энэ хоолыг өдөрт нэгээс илүү өгөөд хэрэггүй. Учир нь сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийн будаанд агуулагдах фитинийн хүчил нь хүүхдийн ясны бэхжилтэд сөрөг нөлөөтэй болохыг тогтоогоод байгаа юм.
- Ээдэм, жимс юм уу ногооны нухаш зэргийн хөнгөн хоолыг эхний болон сүүлийн хоолонд түлхүү оруул. Их хэмжээний глюкоз агуулдаг зөгийн балыг хүүхдэд болгоомжтой өгөх нь зүйтэй.
- Баримжаалах цэс
- Өглөөний унд I : дөнгөж бүрэлдсэн бүлээн тараг юм уу хярам -180г
- Өглөөний унд II: сүү -100мл, жигнэмэг – 10г, бяслагтай /үрүүлээр үрсэн/ сүүнд чанасан вермишель /жижиг савхан гоймон/
- Үдийн хоол: улаан манжин, хар чавгын жижиглэн хэрчсэн салат
- Ногооны шөл -100мл
- Элэгний нухаш - 50г
- Төмс/ногооны нухаш - 50г
- Үрүүлд үрсэн алим -100г
- Хар талх - 20
- Их үдийн цай: Сахар, зөөхий хутгасан ээдэм -5г/10г/40г
- Жижиглэн хэрчсэн юм уу машиндсан жимс/дэлгүүрийн бэлэн жимсний нухаш-100г
- Оройн хоол: ногооны нухаш -150г
- Сүүтэй цай -100мл
- Маслотой цагаан талх -5г/20г
- Нэг өдөрт оногдох хүнсний бүтээгдэхүүний хэмжээ (г, мл)
- Цагаан талх -40
- Хар талх -10
- Гурил -10
- Гоймон, амуу будаа -25
- Жигнэмэг -10
- Төмс -120
- Төрөл бүрийн ногоо -150
- Шинэхэн жимс -100
- Сахар -60
- Хатаасан жимсгэнэ -15
- Мах, элэг -60
- Загасны гол мах -10
- Өндөг -1/2
- Цэвэр масло - 15
- Ургамлын тос -3
- Ээдэм -40
- Сүү -700
- Зөөхий, цөцгий -5
- Бяслаг -3
- Цай -0,2
- Давс -3
1,5-2 нас
Энэ наснаас хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт хүртэх хоолноос өглөөний цай 25%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 15-20%, оройн хоол 25% эзэлнэ.
- Хоолонд орох бүх хүнсээ заавал машиндан бэлтгэх шаардлагагүй, сайтар чанаж, жигнэн сэрээгээр жижиглэн өгч болно. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, тоор, чангааз зэрэг жимс, жимсгэнийг жижиглэн өгөхдөө хальсийг нь авч байх хэрэгтэйг бүү март. Шарсан, хуурсан хоол урьдын адил хориотой.
- Салатны ногоог жижиг бус том үрүүлээр үрж болно. Хэмжээ нь бол хоолны халбагын дайтай болж нэмэгдэнэ. Ногооны төрөл зүйлийн тухайд манжин, өнгөт байцаа, вандуй (бяцлан өгөх) зэргээр баяжуул. Хүүхдийн будааны эгнээг ч цагаан, шар, хүүхдийн, хөц, арвайн, “Геркулес” гэх овъёсон агшаамал будаагаар тэл.
- Махаа урьдын адил машиндаж юм уу татаж, нэг бол ялз болгон хэрэглэ. Хоёр нас хүртэл хүүхдэд утсан хиам төдийгүй бүр сувиллын хиам ч өгч болохгүй.
- Варень юм уу жимстэй талх бэлдэхдээ заавал цааган талх хэрэглэх албагүй. Жимсний нэг өдрийн хэрэгцээ 100-130г. Сэлгэж хэрэглэж занш. Жимс ногоо ховорддог өвөл, хаврын улиралд хүүхдэд С амин дэм ихээр дутагддаг. Үүний эсрэг хүүхдийнхээ цэсэнд нохойн хошууг буцалсан усанд хандлан уулга. Нэг өдрийн С амин дэмийн хэрэгцээг ½ шилэн аяга хангана.
- Ногоонд эрдэс давс ихээр агуулагдах тул нэг хоёрдугаар хоолонд түлхүү оруул. Ногоондоо багахан ус хийж, битүү таглан зөөлөн гал дээр жигнэ. Ингэхдээ масло юм уу ургамлын тос жаахан хийхээ мартав. Хонины сүүл ч байсан болно.
- Хүүхэд жигнэмэг, бялуу, кекс гэх мэт амттанд дуртай. Эдгээрийг гагцхүү сахар, тос ихээр агуулдаг дээд цагаан гурилаар л хийдэг тул илчлэг их. Тэгтэл хүүхдийн бие организмд шаардлагатай уураг, амин дэм, эрдэс давс бага байдаг.
- Хүүхдийн хоолыг урьдчилан бэлтгэж, дараагаар нь халааж өгөх маягаар бэлгэх нь зохисгүй. Энэ нь хоолны амтыг өөрчлөөд зогсохгүй, бүрдэл хэсгүүдийн чанарт муугаар нөлөөлдөг.
- Энэ насанд хүүхдийн зажлах үйл удаан, асгаж зутгасан хэвээр байдаг. Иймд зарим эцэг эх цаг хэмнэх үүднээс нэг, хоёрдугаар хоолыг нь холиж, дээрээс нь талхыг үүрүүлэн хийж өгөх нь бий. Хоол нь чанараа алдахгүй ч, хоолны дуршил хөдөлгөхөөр амттай харагддагүй төдийгүй хүүхэд хүнсний бүтээгдэхүүн, хоол тус бүрийн амтыг бүрэн таньж мэдэхэд хэцүү, нарийн дэс дараалалтай хооллох журманд суралцаж чадахгүй.
- Нас нэмэгдэхийн хэрээр хүүхдийн таалдаг амт чанар өөрчлөгддөг. Хүүхэд бүрийн таашаадаг хоол унд, түлхүү хэрэглэх бүтээгдэхүүнд ч ялгаа илэрдэг учир хоол хийж өгөхдөө эдгээр хүчин зүйлийг бодолцох нь зүйтэй.
- Зарим хүүхдүүд шохой, шавар, элс идэх нь бий. Энэ нь нэг л төрлийн хоолоор дагнан, ногоо жимс бага өгснөөр хүүхдийн бие организмд кальци, эрдэс бодисын хэмжээ дутдагдаж байгааг илэрхийлнэ.
- Баримжаалах цэс
- өглөөний унд:
- хүүхдийн будаа алимны пудинг /чунз/ -150г
- сүү -150лм
- масло, бяслагтай цагаан талх -5г/10г/30г
- өдрийн хоол:
- лууван алимны салат -30г
- сүүнд чанасан вермишель /нарийн гоймон/ -100мл
- махан шанзтай төмсний зраз -120г
- хатаасан жимсний компот -100г
- хар талх -20
- их үдийн цай:
- жимсний нухаш -100г
- сүү -150мл
- жигнэмэг -10г
- оройн хоол:
- алимтай жигнэсэн байцаа -150г
- тараг -150мл
- маслотой цагаан талх -5г/30г
- Бүтээгдэхүүний нэг өдрийн хэрэгцээ (г, мл)
- Буудайн талх -60г
- Хөх тарианы талх -20г
- Гурил -15г
- Тариа будаа, гоймон -30г
- Жигнэмэг -10г
- Төмс -150г
- Бүх төрлийн ногоо -150г
- Шинэхэн жимс -130г
- Сахар -60г
- Хатаасан жимс -15г
- Мах, элэг -60г
- Загасны цул мах -15г
- Өндөг -1/2
- Цэвэр масло -15г
- Ургамлын тос -5г
- Ээдэм -70г
- Сүү -700
- Цөцгий -10
- Бяслаг -3
- Цай -0,2
- Какао -0,2
- Давс -5







