Жинлүүрийн ордонд төрсөн хүний төөрөг зурхай




Нийтлэг зан чанар 

Царай зүйс сайтай эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ ч дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. Жинлүүрүүд оюунтай төрсөн хүмүүс гэхдээ заримдаа их гэнэн итгэмтгий ярьж хөөрч ч чадна, хүний яриаг анхааралтай сонсож ч чадна. Тэд налгар хүмүүс биш боловч аливаад яарч ухаан жолоогүй довтолгох бас дургүй.

Жинлүүрийн ордын нэр бүрэн тэнцвэрт байдлыг бэлгэдэж байвч тэдний хувьд тэнцвэрээ олох тийм ч амаргүй. Нэгэн агшинд тэд тайван тогтвортой, сайхан сэтгэлтэй тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа хэрүүлч зөрүүд амьтан мэт байдаг. Энэ ордыг бас залхуу жинлүүр гэж нэрлэх нь бий бөгөөд энэ нь 11 сарын 24 өөс 10 сарын 23 ны хооронд төрсөн хүмүүсийн зан төлөв тууштай биш байдагтай олон талаар холбоотой.

Жинлүүртэн олон хоног тэр ч байтугай сараар амрах, сатаарахыг умартан хоёр нарны хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт "чадал" барагдлаа гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар ч арга байхгүй. Чадал тэнхээгээ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин их эрчимтэй орж явчихна. Нэг бодгалийн дотор хоёр өөр хүн байгаа адил, жинлүүрийн сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхийн аргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилсаг гэж хэрхэвч санахгүй.

Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагааг сайн амралттай хослуулахын чухлыг зөн билгээрээ мэдэрдэг, ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны тохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агшинд тэд уяран хайлж, уйлж орилж ч мэднэ. Нөгөө агшинд нь хоржинтой үгээр егөөдөж ч мэднэ. Эсвэл хайлсан тугалга шиг байж ч мэднэ. Хэт их ядарчихгүй бол өвчин тусах нь ховор. Хэрэв өвчин тусч гэмээнэ дээд зэргийн анхаарал халамж шаардагдана.

Жинлүүртнүүд маргахдаа дуртай гэхдээ үнэн шударгыг эрхэмлэнэ. Болох болохгүй хоёрыг жингийн тавган дээр тавьж хэмжсээр байгаад заримдаа өөрөө ч учраа олохоо болих нь бий. Олонхи нь дуу хөгжим, өнгө хэлбэрийн сайханд бахаддаг. Тэд бас гүн ухаан хууль анагаах ухаан хэвлэл нийтлэлийн талын авъяастай. Жинлүүрүүд удирдах ажилтан бол өөрийнхөө үзэл бодлыг хамт олондоо итгүүлж чаддаг маргагчид, уран илтгэгчид байдаг. Харин шийдвэр гаргахаасаа өмнө дэндүү удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.

Хэрэв эрэгтэй бол

Жинлүүрийн эрчүүд сэтгэл булаам хүмүүс бөгөөд тууштай овсгоотой, бүсгүй хүний сэтгэлийг даруй эзэмдэж чадна. Харин түүнийхээ дараа хэрхэхээ бодно. Сэтгэлийг нь эзэмдсэн завшаанаа ашиглаад өнгөрөх үү, эсвэл гэрлэх үү гэж удаан бодож сэтгэлийн хямралд орох бөгөөд эмэгтэй нь санаачлагыг гартаа эс авбаас аль ч үгүй өнгөрч мэднэ. Иймд ‘"жинлүүртэн"-д сэтгэлээ өгсөн бүсгүйчүүлд зөвлөхөд : та нар өөрсдөө л ямар нэгэн арга сүвэгчил, эс тэгвэл та хоёр хоёулаа орцны үүдэнд бороонд норж зогссоор байгаад хатгалгаа тустлаа нэг тийш болж чадахгүйд хүрнэ. Харин хожим нь санаачилга гаргасанд тань баярласанаа хэлнэ. Жинлүүртэн эрчүүд голдуу насан өөд болтлоо хүүхэнд дуртай хэвээр байдаг бөгөөд ярвигтай байдалд байн байн ордог. Жинлүүртэн хэн нэгнийг гомдоох юм уу шударга бус зан гаргахаасаа ямагт эмзэглэдэг. Харин өөрөө сэтгэлийн шархтай үлдэх нь ховор үлдлээ ч шарх нь удаж төдөлгүи илааршиж анина.

Тэрбээр гэр бүл болоод өрхөө аж төрлийн их шуурган дундах нам гүм арал байлгахыг хүсдэг. Тэд голдуу л сайн эцэг болдог бөгөөд нэр хүндээрээ сахилга батыг чандлан барьж ах эгч нь дүү нараа шоглох гоочлохыг хэрхэвч гаргуулахгүй. Хэрэв хэн нэгийг нь шийтгэх болж гэмээнэ сайтар тайлбарлаж өгдөг учраас хүүхэд түүнд гомдол өвөрлөхгүй. Жинлүүртэн эрчүүд эхнэрээ хүүхдүүдээсээ илүү үзнэ.

Хэрэв эмэгтэй бол

Жинлүүртэн эмэгтэй бол эрдэнэ мэт эхнэр мөн. Олон сайн талтай. Жишээ нь: Нөхөртөө ирсэн захиаг хэзээч задлахгүй ингэх нь зохисгүй явдал гэж үзнэ. Албан нууцыг .найз нөхдөд нь ч итгэж хэлэхгүй. Харин ч нөхрийнхөө сэтгэлийг татдаг сайхан инээмсэглэлээрээ даргынх нь сэтгэлийг булааж мэднэ. Жинлүүртэн эхнэр хилэн бээлийтэй төмөр гараар нөхрийнхөө ажил хэргийг өөртөө ашигтай тал руу чиглүүлнэ. Ингэж буй нь нөхөрт нь огт анзаарагдахгүй.

Санхүүгийн асуудал тулгарахад тэрбээр нөхөртөө хэнээс ч илүү ажил хэрэгч зөвлөгөө өгнө. Ер нь жинлүүртэн эхнэрүүд эелдэг найланхай боловч гэрийн дотор ихэнхдээ өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг, ингэх нь тэдэнд зохимжтой. Хурц үгээрээ жинлүүртэн эхнэр ямарч маргаанд нөхрөө дор нь дийлдэг агаад тэгэхдээ сэтгэл булаам инээмсэглэлээрээ халхавч хийх тул нөхөр нь хэрхэн дийлдэж бууж өгч байгаагаа анзаарахгүй. Жинлүүрийн ордод төрсөн хүүхнүүдийн олонхи нь гэрийн үнэтэй тавилга, гоё хувцас, сайхан үнэртэн танартанд дуртай. Тэд бас нөхөртэйгээ эн тэнцүү байхыг хүсдэг.

Гэр бүл гэдэг тэдний хувьд худалдааны үйлдвэрлэл шиг л тийм хамтын ажиллагаа юм. Жинлүүрийн эмэгтэй бол гол төлөв эелдэг боловч хирдээ л хатуу ээж. Тэд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахгүй байна гэж огт үгүй хүүхдүүдээ үргэлж аятайхан цэвэр цэмцгэр хувцаслан өсөж торних тусам эелдэг нямбай байлгахыг хичээдэг. Гэхдээ эр нөхрөө эн тэргүүнд халамжилдаг бөгөөд эцгийгээ хүндлэхийг хүүхдээсээ шаарддаг. Хэрэв эцэг нь хүүхдүүддээ хэтэрхий чанга ханддаг бол хүүхдийнхээ толгойгий нь илж аманд нь амттайхан юм хийж яаж ийгээд тайвшруулдаг.

Хүүхэд  ахуй цагтаа

Бяцхан жинлүүртэн нойрондоо хөнжлөө хэзээ ч тийчэхгүй зутангаас нүүр буруулахгуй. Харин хоолоо өөрөө бариад иддэг болсон үед нь хоёр янзын идэх юм өмнө нь тавьчихаад алинд ч хүрч чадахгүй суугааг нь та ажиглана. Учир юу гэвэл тэр хоолны аль алинд нь дуртай боловч алинаас нь эхлэхээ мэдэхгүй суугаа нь тэр. Иймд хоолыг нэг нэгээр нь цувуулж өгөх нь зүйтэй. Эндээс нэгэн дүгнэлт хийх буйзаа. 9-24-нөөс 10-23 хооронд төрсөн хүүхэд аливаа юмыг шилж сонгохдоо дургүй. Нэгэн жишээ хэлье: бяцхан жаал өөрөө хувцсаа өмсөж сурч байгаадаа их л хөөртэй байна. 

Та цамц, өмд богино оймс гутлын нь дөхүүлж өглөө. Цамц өмдөө бол дор нь өмсчихнө, харин оймсон дээрээ очоод... алийг нь эхэлж өмсөх вэ? Баруунаа юу? Зүүнээ юу гэж бодоод өрөөсөн оймсоо бариад л суучихна даа. Таныг дөхөж очоод эелдэгхэн боловч шийдвэртэйгээр : алив оймсоо баруун хөлдөө өмсчих гэж хэлтэл суусаар л байх болно. Харин түүнийг зандарч хэрхэвч болохгүй, тэгвэл аминдаа л их чухал шийдвэр гаргах гэж суусан үед нь түүний сэтгэлийг шархлуулж мэднэ.

Ийм хүүхэд хүмүүсийн боддог шиг зөрүүд хүүхэд биш, жинлүүрийн ордод төрсөн болохоороо аливааг шийдэхээсээ өмнө “зөв” буруу хоёрыг жигнэн бодож байгаа нь тэр . Ийм хүүхдийг хүмүүжүүлэхэд залхуу гэж нэг юм бий. Гэхдээ тэд бол залхуу биш, нэг юмаар тоглоод юмуу оролдоод хичнээн  ч цаг болж болно, харин дараа нь аль болох удаан амраахыг бодох хэрэгтэй. Зөв хүмүүжүүлбэл тэд багш нартаа төвөг бага учруулна. Тэд саруул ухаантай, бас хэрэгт дуртай болохоороо шинэ юм олж мэдэхийнхээ хирээр багш нартай маргах хүсэл төрдөг.

Тэд өөрсдийнхөө өрөөг цэвэр цэмцгэр эмх цэгцтэй байлгана. Охид нь өрөө тасалгаагаа юухан хээхнээр чимэх дуртай, хүүхдүүд нь их юм уншдаг. Ийм хүүхдийн хөгжим уран зургийн авъяас эрт тодордог тун хайран авъяасыг талаар өнгөрүүлэхгүй байхыг бодох нь зүй. Ер нь жинлүүртэнүүд их сайхан хүүхдүүд өсч том болоод аз жаргалтай сайхан айл болцгооно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.