Аав охин хоёр

“12 цаг өнгөрчихөөд байхад дахиад л аав ирсэнгүй. Нэгэнт оройтчихсон болохоор нэгмөсөн битгий ирээсэй! Эсвэл орж ирээд шууд унтаасай! “

Ингэж бодсоор охин унтаж чадахгүй орондоо хөрвөөнө. Гэхдээ бас унтаагүйг  ээж нь мэдчихвий гээд нүдээ анин дүр үзүүлнэ. Тэр дөнгөж 8 настай. Гэхдээ гэр бүлийн орчин түүнийг жаахан биедээ ахадсан ухаан суухад хүргэжээ. Түүний үгийг бурхан сонссонгүй юу, дахиад нөгөө хар дарсан зүүд шиг явдал болох нь. Хөлөө удаан зөөх хүнд алхаа орцонд сонсогдсоор хаалга чангаар балбав. “Аав байна.”  Ээж дуртай дургүй очиж хаалга тайлав. Орж ирээд л чанга дуугаар орилж, ухаангүй болтлоо согтсон аав охинд хурдан өглөө болоосой гэх хүлээлт, айдсыг авчрав. Унтахгүй шөнө ямар удаан өнгөрдгийг охин сайн мэднэ. Аав ээж рүү нь үг хаяж, уурлаж агсамнаад зориуд хэрүүл өднө. Гэр бүлдээ хамаагүй уур бухимдлаа бохир муухай үгсээр илэрхийлэн гаргахдаа бяцхан охиныхоо сэтгэл түгшиж байгааг үл тоох нь үнэхээр харамсалтай.

Анхандаа аавыгаа эрхэлж аргадан, унтуулахыг хичээдэг байсан ч одоо өөрөө унтсан юм шиг дүр үзүүлэн гүрийн хэвтэх нь охины энэ бүхнийг давах арга. Ээж ч энэ байдлаас залхаж, муухай хэрүүлийг тэвчин сонсож байгаа охиноо өрөвдөн, сэтгэл шимширнэ. Охинд элэг бүтэн амьдрал, хэрүүл хүчирхийлэлгүй амьдрал хоёрын аль нь илүү хэрэгтэйг шийдэж ядсаар дэмий л цаг алдана. Аавын ааш авир өдөр ирэх тусам улам муудна. Зүгээр үгэлж агсамнаж байгаад унтдаг байсан бол одоо эд хогшил авч шидэн, ээжид нь чанга хүрдэг болсонд охин улам бүр сэтгэлийн дарамтанд орно. Гэхдээ тэр аавыгаа муу хүн гэж боддоггүй. Аав нь архи л уухгүй бол ухаантай, хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, халамжтай аав. Битгий архи уугаарай гэсэн үгэнд нь за гэж хариулснаа мартаад байдагт нь жаахан гомдоно. Аавынх нь  ажил бүтэмжгүй, хүмүүстэй таарамжгүй байгаа гутралтай амьдралд охин өөрийн юу хийж тус болохоо олж ядна. Аавынхаа хэлсэн бүхэнд зарагдаж л түүний хайрыг татахыг хичээнэ. Тун цөөхөн удаа байсан ч аав ээжийнхээ голд хөтлүүлээд хамтдаа хотын гудамжаар инээлдэн алхаж байсан мөчөө охин байнга санан, аль болох дахиад аав ээжтэйгээ хамтдаа сайхан байхыг хичээнэ. Гэвч бараг долоо хоногт нэг удаа аав согтуу ирж, нойргүй өдрүүд өнгөрсөөр. Охин хичээлдээ ч шамдаж чадахгүй үеийнхнээсээ хөндийрнө. Ангийнхан нь ээж аав нь ямар гоё тоглоом авч өгдийг ярьж суухад охин өөрийнхөө аав ээж байнга муудалцдаг тухай хэнд ч хэлж чадахгүй, ганцаардсаар. Ээж нь босгосон амьдралаа хамгаалж үлдэх гэж хэрэндээ хичээх ч охиндоо шинэ зургийн дэвтэр авч өгөх ч сөхөөгүй зүдэрнэ. Жоохон том болохоор миний амьдрал гоё болно, дараа, дараа ээж аавтайгаа хамт парк яваад гоё зугаална гэж охин боддог. Дараа гэж нэг сайхан мөч заавал байгаа гэдэгт итгэнэ. Гэхдээ тэр дараа нь хурдан болоосой гэж үргэлж горьдоно.

Гэвч нэг өдөр хичээлээ тараад ирэхэд гэр нь эмх замбараагүй болсон байв. Ээжийгээ уйлж суухыг хараад охин маш их айв. Учир нь өөрийг нь бүхнээс хамгаалагч сахиусан тэнгэр шиг ээж нь тэр үед тун сул дорой харагджээ. Аав тэр өдрөөс хойш гэртээ ирсэнгүй. Одоо охин жоохон байхаа болих хэрэгтэй, ээждээ дараа бололгүй бас өөрийгөө харж хандах хэрэгтэй. Илүү ухаантай байхгүй бол  өмөөрч хамгаалах аав байхгүй болсон. Гэхдээ охин аав ээжтэйгээ хамтдаа аз жаргалтай зугаалах мөч ирэх нөгөө дарааг хэзээ нэгэн цагт ирэх болов уу гээд найдсаар л байгаа.

Амьдралаа хангалуун авч явж чадахгүй, бусдад мэхлэгдэн, эрхэлсэн бизнес нь нурж эхлэхэд аав сэтгэлээр улам бүр унав. Эхнэр охиндоо хайртай ч өөрийн мэдэлгүй тэднийгээ гомдоож байгаагаа хар усыг балгахдаа үл мэднэ. Тэдэндээ хайртай болохоор сайхан амьдруулах ёстой, сайхан амьдруулахын тулд мөнгө олох ёстой. Гэвч өөрийгөө хангалттай мөнгө олж чадахгүй улам бүр доройтон байгаадаа гутран,  буруу  замыг чиглэсээр байв.

Хүн шаналахдаа дэргэдэх хүмүүстээ сэтгэл хөдлөлөө гарган, зовлонгоос мултрах аргыг хайдаг. Гэвч буруугаа ойлгодог нөхцөл дэндүү хожим тохиодог аж. Эхнэр нь түүнээс салахаар шийдэхэд аавын ертөнц төгсөх шиг болжээ. Гэрээ орхин яваад, ганц найз архитайгаа улам дотносов. Хэний төлөө  зүтгэж амьдрахаа мэдэхгүй амьдралд төөрөн явна.

Нэг өдөр охиноо маш ихээр санав, өдөр бүр санадаг ч энэ удаад бүр илүү санав. “Эхнэр бид хоёрын шийдсэн салалтанд хэн хамгийн их хохирч үлдэв. Би эхнэртээ эргэж очих эрхгүй ч одоо ч охиныхоо аав нь хэвээр шүү дээ”. Бурхан охины сэтгэлийг сонсоод энэ бодлыг аавд нь төрүүлэв үү. Аав хүн охиныгоо хамгаалагч баатар нь байх ёстой. Хүссэн бүхнийг нь хийж өгч чадахгүй ч хэзээ ч ямар ч үед хайрлаж чадна. Охиноо хайраар дутаахгүй өсгөвөл аавын хийж чадах хамгийн том амжилт тэр. Хайр гэдэг заавал хангалуун амьдруулах ёстойг хэлдэггүй. Халамж анхаарал тавьж, зүгээр л охиноо эрхлүүлэн тэврээд, духыг нь үнэрлэн үнсэхэд л  юугаар ч орлуулашгүй хайрыг охин нь мэдэрдэг юм. Аавынхаа нөмөрт байхад хорвоогийн хамгийн аюулгүй газарт охин нь байдаг. Айдасгүй байвал хүүхэд баяртай байна. Хүүхэд баяртай байхаас илүү жаргал аавд байхгүй. Жаргалаас хайрыг дахин олж авна. Хайр бүгдэд хүч өгдөг.

Охины хүлээсэн дараа болов. Сургуулийн гадаа аав нь ээжтэй нь хамт хүлээж байв. Амьдралаа бүрмөсөн алдахаасаа өмнө засаж болохыг аав нь ойлгосон. Ээж уучилсан. Мөнгөгүй ч гэсэн гэр бүлийн гурав хамтдаа хөтлөлцсөөр гэртээ харив. Бүгд жаргалтай байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.