Солонгос хоолны хачир хийж сурцгаая
Гэртээ солонгос хийж идэх бүрэн боломжтой болсон. Тагтуритан, самгибсал, жэеүгбуггим, калбижим гээд л ... гэвч панчан буюу хачирыг хэрхэн хийх тухай мэдлэг тун хомс. Тиймээс эзэгтэй нартаа зориулаад олон төрлийн хачир хийх жорыг хүргэж байна.
Цагаан луувангийн салат
Орц:
-Цагаан лууван 0,6 кг
-Ногоон сонгино 10 ширхэг ногоон урт иш
-Саримс 1 ширхэг
-Цагаан венегар 1 х/х
-Гучугару 1 х/х
-Бор сахар 1 х/х
-Давс 1 х/х
Хийх арга:
Цагаан луувангаа арилгаад нарийн савхан хэлбэртэй хэрчээд 1 х/х давс хийж маш зөөлөн базаж сайтар хутгаад хөргөгчинд 10 минут амраана. Хөргөгчнөөс гаргаад ялгарсан шүүсийг шүүгээд 2 гараараа сайтар базаж шахна. Цагаан лууван дээрээ нарийн хэрчсэн ногоон сонгино, бяцалсан саримс, венегар, гучугару, сахараа нэмээд сайтар хутгаад л амттай сайхан салат маань бэлэн боллоо.

Амталсан бууцай
Орц:
-Бууцай
-Саримс
-Ногоон сонгино
-Соя соус
-Гүнжидийн тос
-Гүнжидийн vр
Хийх арга:
Бууцайгаа сайтар угаагаад буцалсан халуун усанд 1 минут дэвтэйгээд шүүгээд хүйтэн усанд сойгоод усыг нь сайтар базна. Буцалсан халуун усанд 1 минутаас илүү удаавал хэт нялцанхай болно. Болсон бууцайгаа голоор нь 1 хуваагаад дээр нь бяцалсан саримс, жижиглэн хэрчсэн ногоон сонгино, соя соус, гүнжидийн тос, гүнжидийн үр хийж хутгаад бэлэн боллоо. Таваглаад дээр нь гүнжидийн үр цацаж чимэглээрэй.

Халуун ногоотой амталсан бууцай
Орц:
-Бууцай
-Саримс
-Ногоон сонгино
-Гучужан
-Гүнжидийн тос
-Гүнжидийн vр
Хийх арга:
Бууцайгаа сайтар угаагаад буцалсан халуун усанд 1 минут дэвтэйгээд шүүгээд хүйтэн усанд сойгоод усыг нь сайтар базна. Буцалсан халуун усанд 1 минутаас илүү удаавал хэт нялцанхай болно.
Болсон бууцайгаа голоор нь 1 хуваагаад дээр нь бяцалсан саримс, жижиглэн хэрчсэн ногоон сонгино, гучужан, гүнжидийн тос, гүнжидийн үр хийж хутгаад бэлэн боллоо. Таваглаад дээр нь гүнжидийн үр цацаж чимэглээрэй.

Шарсан дүпү
Орц:
-Дүпү 1 ширхэг
-Ургамлын тос
-Ногоон сонгино 2 ширхэг булцуутайгаа
-Саримс 1 ширхэг
-Жижиг халуун улаан чинжүү 2 ширхэг
-Соя соус 4-5 х/х
-Гүнжидийн тос 1 х/х эсвэл 1 ц/х
Хийх арга:
Дүпүгээ голоор нь 1 хуваагаад зураг дээрх шиг хэрчинэ. Минийхээр бол 1 дөрвөлжин дүпү 14 ширхэг болсон байгаа. Та нар минь өөрсдийн хүссэн хэмжээгээр хэрчээрэй. Гэхдээ хэт нимгэн бол дэмий. Хайруулын тавагт тосоо халаагаад дүпүгээ 2 талаар нь шаргал өнгөтэй болтол нь шараад таваглана. Саримсаа бяцлаад, ногоон сонгино халуун чинжүүгээ зураг дээрх шиг жижиглэн татаад соя соус, гүнжидийн тостой нийлүүлж хутгаад шарсан дүпүнийхээ дээр асгаад л бэлэн боллоо

Амталсан дууяа
Орц:
-Дууяа (кунамүл)
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Гучугару
-Ногоон сонгино
-Давс
Хийх арга:
Дууяагаа буцалж буй усанд хийж 1 минут буцалгаад шүүж аваад хйтэн усанд сойж усыг нь гүйцэт сэгсэрнэ. Бэлэн болсон дууяан дээр жижиглэн хэрчсэн ногоон сонгино болон бусад амтлагчнаас өөрийн амталгаандаа тохируулан нэмж хутгаад бэлэн боллоо.

Өргөст хэмхний кимчи
Орц:
-Өргөст хэмх 2 ширхэг
-Улаан сонгино 1/2 ширхэг
-Ногоон сонгино 2 булцуу
-Саримс 2 хумс
-Жууцай 3 булцуу
-Лууван 1 ширхэг жижиг
-Соя соус 3 х/х
-Гучугару 3-4 х/х
-Бор эсвэл цагаан сахар 2 ц/х
-Гүнжидийн тос 3 ц/х
-Гүнжидийн үр 3 ц/х
Хийх арга:
Бүх ногоонуудаа зураг дээрх шиг хэрчээд саримсаа бяцлаад бүх амтлагчаа хийж хутгаад л бэлэн болно

Юуцайны кимчи
Хийхэд маш амархан бөгөөд амттай.
Орц:
-Юуцай 1 кг
-Саримс 2 ширхэг
-Ногоон сонгино булцуутайгаа 2 ширхэг
-Тинжан (Doenjang, Soybean pasta) 3 ц/х
-Гучужан 4 ц/х
-Бор сахар 1 ц/х
-Гүнжидийн тос 1 х/х
-Гүнжидийн үр
Хийх арга:
Юуцайгаа булцуунаас нь салгаад сайтар угаана. Хэт том далбагарыг нь уртааш нь эсвэл хөндлөнгөөр нь 1 хуваагаарай. Дөнгөж буцалсан халуун усанд угааж цэвэрлэсэн юуцайгаа хийгээд бүгдийг нь халуун усанд далд ортол нь хутгаад 2 минут байлгаад шүүж хүйтэн усанд сайн булхуулна (3-4 удаа). Одоо бууцай маань маш гоё тод ногоон өнгөтэй хүйтэн болсон байгаа. Усыг нь шүүгээд зурагт харагдаж буй шиг 2 гарандаа атгаж байгаад юуцайгаа шальчийтал нь усыг нь сайн базна. Усархаг болчихвол амтлагчаа хийсний дараа урсаад муухай болох тул усыг нь маш сайн базаарай. 1 кг юуцайг цэвэрлэхэд 270 гр хаягдал гарсан. Халуун усанд дэвтээгээд хүйтэн усаар булхаад сайтар базсаны дараа бэлэн болсон юуцайны цэвэр жин 400 гр болсон байгаа. Мөн харагдах байдлаараа овор хэмжээ нь 3 дахин багассан. Юуцайгаа халуун усанд 2 минутаас илүү удааж огт болохгүй шүү, хэт болоод зөөлөрчихвөл муухай.
Саримсаа бяцлаад, ногоон сонгиноо хярж хэрчээд гүнжидийн үрнээс бусад бүх орцоо нэмээд сайтар хутгаад амтлагч маань бэлэн болно. Бэлэн болсон амтлагч дээрээ юуцайгаа хийж холиод л юуцайны гайхалтай сайхан амттай кимчи маань бэлэн болох нь тэр. Амсаж үзээд хүсвэл гучужан бага зэрэг нэмж болно. Өөрсдийн амталгаандаа тааруулаад таваглаад дээр нь гүнжидийн үр цацаж өгөөрэй.

Амталсан хаш
Орц:
-Хаш 700 гр
-Ногоон сонгино 2-3 ширхэг
-Саримс 2-3 хумс
-Соя соус 4-5 х/х
-Загасны соус 1-2 х/х
-Гучугару 1-2 х/х (өөрсдийн амталгаанд тохируулаарай)
-Гүнжидийн тос 3 х/х
-Гүнжидийн үр
Хийх арга:
Хашаа угаагаад зураг дээрх шиг хуваагаад буузны жигнүүрт 5-7 минут жигнэнэ.
Бага зэрэг хөргөөд уртааш нь гараараа цуулж хуваана. Эсвэл хэрчсэн ч болно.
Томхон саванд ногоон сонгиныг жижиг хярж хэрчиж, саримсыг бяцалж хийгээд бусад атлагчуудаа нэмж холиод дээр нь хаш хийж сайтар хутгаад бэлэн боллоо;)
Таваглахдаа гүнжидийн үр цацна. Хөргөөгөөд хүйтнээр нь идвэл илүү гоё байх болно.
Жич: Орсон амтлагчуудыг өөрсдийн амталгаанд тохируулж ихэсгэж багасгаарай.

Амталсан хаш
Орц:
-Хаш 700 гр
-3 өнгийн амтат чинжүү жижгэвтэр 3 ширхэг
-Лууван дундаж хэмжээтэй 1 ширхэг
-Ногоон сонгино 3-4 ширхэг
-Саримс 3 хумс
-Соя соус 5-6 x/x
-Загасны соус 2 x/x
-Гучужан 1-2 х/х (өөрсдийн амталгаанд тохируулаарай)
-Гүнжидийн тос 5 x/x
-Гүнжидийн үр
Хийх арга:
Хашаа угаагаад зураг дээрх шиг хуваагаад буузны жигнүүрт 5-7 минут жигнэнэ. Лууван амтат чинжүүг арилгаж угаагаад голоор нь 1 хуваагаад чинжүүг 3-4 минут, лууванг 10 минут жигнэнэ. Бүгдийг нь зурган дээрх шиг хэрчинэ. Томхон саванд ногоон сонгиныг жижиг хярж хэрчиж, саримсыг бяцалж хийгээд бусад атлагчуудаа нэмж холиод дээр нь хаш болон лууван чинжүүгээ нэмээд сайтар хутгаад бэлэн боллоо. Таваглахдаа гүнжидийн үр цацах эсвэл хутгахдаа хийж болно. Хөргөөгөөд хүйтнээр нь идвэл илүү гоё байх болно. Энэхүү хачирыг агшаасан будаатай холиод идвэл хоол л гэсэн үг.
Жич: Орсон амтлагчуудыг өөрсдийн амталгаанд тохируулж ихэсгэж багасгаарай.

Эх сурвалж: U CooK 4 U постоос
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







