ХЭЭ Угалз юуг билэгддэг вэ?
Монголчуудын нүүдлийн соёл урлан бүтээх үйлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Эрт үеэс жин, овор ихтэй зүйлийг урлахаас зайлсхийж, тэрхүү урлаж бүтээх хүсэл эрмэлзлэлээ гэрийн эд хогшил, малын тоног хэрэгсэлдээ шингээж үлдээжээ. Авдарын нүүрний хээнээс эхлээд дээлийн эмжээр хажаар, эмээлийн хэрэгсэл, гэрийн багана, унь, хаалга гэх мэт зүйлс нь нүүдэлчин хүний урлан бүтээх эрмэлзлэлийнх нь давчуухан талбар болж байжээ. Гэсэн хэдий ч монголчууд орд харш, сүм дуган, асар майхан, гэр өргөөгөө хээ угалзаар чимэглэж ирсэн нь олон баримтаар нотлогддог. Гоёл чимэглэл дотроос хамгийн хөнгөн нь болох хээ угалз нь тус тусын утга бэлгэдлийг агуулдаг. Монгол үндэсний хээ угалз 1500 орчим байх бөгөөд дүрсэлсэн хэлбэрээр нь геометрийн, амьтны, ургамлын, байгалийн үзэгдэл зэргийг дүрсэлсэн, шашны утга агуулсан гэж таван хэсэгт хуваан үздэг.
Геометрийн дүрсэн хээ: Өнцөг болон шулуун зураас бүхий хээ угалзуудыг энэ төрөлд хамааруулдаг.

Өлзий хээ:
Олон янзын хувилбар дүрстэй бөгөөд чимэглэж буй зүйлийнхээ гол дунд
сүлжсэн цэцэг хэлбэрээр чимэглэдэг. Баяр жаргал, урт удаан наслахын
бэлгэдэлтэй. Өлзий хээг өвчин зовлонгүй, дайн дажингүй, чоно нохой
хулгай дээрэмгүй гэсэн утгаар хэрэглэдэг. Бүх юм сэтгэлийн аяар,
санаснаар, бүрэн төгс бүтнэ гэсэн утгыг агуулдаг байна.
Түмэн наст хээ: Хас
юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн хээ. Нэг
буюу хэд хэдэн дүрс зохицон байрлаж бүх зайг таглан үргэлжилдэг нь энэ
хээний онцлог юм. Түмэн наст хээ нь төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас
урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл болж байдаг.
Ханан хээ: Хэн ч халдашгүй дархан, мөнхөд үргэлжлэх утгатай.
Хатан сүйх ба хаан бугуйвч: Хэлхээтэй
дөрвөлжин болоод дугуй нь мөнхийн хайр дурлал, түүний ялагдашгүй бөгөөд
үнэнч шударга гэдгийн утга санааг илэрхийлдэг. Хаан бугуйвч нь эр
хүйсийн тэмдэг, мөнхийн холбоог илэрхийлдэг бол хатан сүйх нь эм хүйсийн
тэмдэг, хувиршгүй үнэнч сэтгэлийн бэлгэдэл болно.

Амьтадыг дүрсэлсэн хээ угалз: Эвэр хэлбэртэй хээ угалзын олон хувилбар багтах бөгөөд мал сүрэг олшрон өсөж, малчин ардын амьдрал баяр жаргалтай байхыг бэлгэдсэн байдаг. Мөн энэ төрөлд морьгүй монгол мохоо хэмээх утгыг агуулсан морин толгой бүхий хээ, хүч чадлыг илэрхийлсэн луу, сонор соргогийг илэрхийлсэн загас, мал сүрэг өсөх, эд хөрөнгө арвижихыг бэлгэдсэн хулгана зэрэг дүрс бүхий хээ багтана.
Загасан хээ: Арга билэг, сонор соргог, өсөж үржихийг бэлгэднэ.
Ланз буюу пүүзэн хээ: Нэн
эртний хүн ба амьтан дүрст хээнээс үүдэлтэй бөгөөд “ланз” хэмээн
нэрлэдэг. Эр эм хээ болон хосолж, дангаараа нар сарыг бэлгэддэг. Пүүзэн
хээг “шалзан хээ” ч гэж нэрлэдэг байна. Урлаг судлаач Л.Батчулуун
“хачиг шалз нь салхинд хөөгдөн тэнгэрт гарч хавар тэнгэрээс унаж ирдэг
амьтан тул тэнгэрийн амьтан гэж үзэх нь түгээмэл байсантай холбоотойгоор
хээ угалзанд орсон байж болох талтай” хэмээн тайлбарлажээ. Мөн ланзан
хээ нь ланз үсгийн илэрхийлэл ч болох учраас эрдэм мэдлэг, оюун билгийг
илэрхийлнэ.
Шувуун хээ: Сүр сүлд, онгон шүтээн, хязгааргүй хүсэл мөрөөдлийг илэрхийлнэ.

Эрвээхэй хээ: Эрхэм дотно, уян зөөлөн, хээнцэр тансагийг илэрхийлдэг.
Ургамлын дүрс бүхий хээ: Цэцэг навч дүрсэлсэн цэцэг угалзан хээнүүд багтана. Голдуу уран барилга, уран зураг, бурхны баримлын бүтээлд өргөн ашиглаж ирсэн бөгөөд цэвэр ариун ёсыг бэлгэддэг.

Цэцэг навчин хээ: Элдэв төрлийн өвс түрүү, навч нахиаг эх дүрс болгон авсан хээ угалзыг навчин хээ гэдэг. Гоёмсог, дур булаам өнгө үзэмж, урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, өсөж үржихийн бэлгэдэл болно.
Бадамлянхуа: Бурхны шашны найман тахилын нэг бөгөөд ариун нандины бэлгэдэл болно. Бурхан бол орчлонгийн ариун нандингийн дээд тул түүнийг Бадамлянхуан дэлбээн дээр залруулан дүрсэлдэг. Энэтхэгт “бадам”, түвдэд “мядаг”, хятадад “лянхуа” гэх бөгөөд монголчууд “бадамлянхуа” гэж заншсан байна.
Байгалийн үзэгдлийн хээ: Хамгийн эртний гаралтай хээ бөгөөд гал, цахилгаан, уул, үүл, солонго зэргийг бишрэн гайхаж байсан цаг үед үүссэн гэж үздэг.
Гал дөлөн хээ: Дэвжиж дээшлэхийн бэлгэдэл болгон аливаа юмны оройд чимэглэдэг. Сайн юм бүхэн өөдөө мандан бадарч, муу юм бүхэн галын дөлд шатаж үгүй болтугай хэмээсэн гүн утгатай ажээ. Хүсэл мөрөөдөл, зөн билгийг илэрхийлдэг.
Усан долгио хээ: Жигдхэн мяралзан долгиолж, хөөсрөн цацарч давалгаалж, үелзэн урсаж байгаа шинж байдлуудыг илэрхийлдэг. Гэрийн эсгий үүд, ширмэл ширдэг, хивс зэрэгт усан долгио хээг тавина. Гоо үзэмж, ариун дөлгөөн, хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэл, тунгалаг ариун байдал, эх ундарга, хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг. Монгол гэрийн үүдэнд усан долгио хээ гарган ширдэг байсан нь сайхан бүхэн ариун далайн мандал дээгүүр нар мандах адил цацран гийсээр орж ирэхээс гадна хар муу санаатан үүдэнд байгаа усан далайд унаж саатах болтугай гэсэн утгатай гэнэ.

Үүлэн хээ: Нүүж буй бөөн үүл, сэмжин үүл, аадрын үүл гэж ялгагдана. Огторгуйг төлөөлөн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан бөгөөд утга агуулга нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ хэмээнэ. Мөн хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэднэ.
Шашны утга бүхий хээ: Эхний дөрвөн ангилалд багтах угалзнуудад тулгуурласан хээнүүд багтах бөгөөд шарын шашны дүрслэл, үзэл санаа нэвтэрсэн байдаг. Гол төлөөлөгч нь цагаан шүхэр, загас, цэцэг, дун, өлзий, жанцан, хорол зэрэг бөгөөд дуганы хаалга, хөгжмийн зэмсэг, тахилын зүйлүүдэд дүрсэлдэг. Мөн долоон эрдэнэ, гурван эрдэнэ, чандмань эрдэнэ зэрэг хэд хэдэн үнэт дүрслэлүүд бий.

Нацагдорж: Дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын хамт элдэв хор хөнөөлөөс сэргийлэх санааг илэрхийлнэ.
Хадган хээ: Хадгийг эцэг эхдээ золгох, унага уургалах, хурдан морь мялаах, баярын мэнд асуух, бэлэг сэлт өгөх, эмч домчид бараалхах, шавь орох, оршуулга үйл
дэх зэрэгт хэрэглэдэг. Ийнхүү хадгийг хүндэтгэлтэй бүгдэд барьдаг учраас ариун сайхан сэтгэл, урт нас ерөөх, аз жаргалын бэлгэдэл болгож хээлэн дүрслэх нь бий.
Хорол хээ: Тэрэгний дугуйнаас үүсэлтэй бөгөөд хорол хээ гуч орчим төрөл байдаг. Тус хээг өнө эртнийх гэдгийг нотлох сүг зураг Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны сүг зурагт олджээ. Мөн орон сууц, барилга байшингийн хувьсал хөгжлийн үе шат бүхэнд дээдлэн хэрэглэгдсээр иржээ. Хорол хээг дээдэлснээр өрх гэр, гал голомтоо дээдэлж байна гэсэн үг бөгөөд айл гэрийн энх амгалан, бат бэхийн бэлгэдэл болно. Тийм учраас монгол гэрийн хорол тооно үүсчээ. Хорол үндсэн дөрөв, завсрын дөрөв бүгд найман хигээстэй байдаг нь дөрвөн зүг найман зовхисыг илэрхийлдэг.
Чандмань хээ: Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүслийг хангагч эрдэнэ бөгөөд арга билэг, ариун сайхан, наран саранг хамгаална гэсэн утгатай.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном







