“Шинэ үе ”сургуулийн дэд захирал Н.Цэрэндолгорын зээ охин Нацагдоржийн Одонтуяа ”Миний эмээ - миний захирал”
Ярилцлагаа таныг эмээтэйгээ хамт байсан тэр үеэс эхлэе.
Үндэс ургамал хоёр салдаггүйтэй адил эмээ бид хоёр хуучин, шинийг сүлэлдүүлж, өөр өөрийн ухаанаараа хоёр биендээ дэм болон зүтгэж байна.
Би 1985 онд ОХУ-ын Ленинград хотод ээж аавыгаа оюутан байхад нь төрсөн. Агуу их Петер хааны санаачилгаар тэнгэр доорх музей байгуулах зорилгоор энэ хотыг байгуулсан гэдэг. Оросын түүх соёлын өлгий болсон Баатар хот Ленинградад төрснөөрөө бахархдаг. Одоо Ленинград хотын медалионыг би хүндэтгэн хадгалж байдаг ба төрсөн хотдоо очих бодол тээж явдаг. Би 8 сартайдаа эмээ өвөө нар дээрээ ирж өсч хүмүүжсэн.

Тэгэхээр та хүүхэд байхаасаа л эмээгийн сургаалаар хүмүүжжээ
Тийм ээ, Манай эмээ хүүхдийг яг л хүссэн зүйлийг хийлгэдэг бөгөөд одоо хамт ажиллахад ч яг тийм арга барилтай. Багаас минь төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцуулж өөрийнхөө хийж чадах зүйлийг олоход үргэлж тусалдаг байлаа.Энэ нь миний төлөвлөсөн зүйлээ хийж чадна гэдэгт өөртөө итгэлтэй болох, мөн бие дааж аливаа ажлын ард нь гарах чадвартай болоход хамгийн том түлхэц болсон юм болов уу гэж боддог. Эрдэм номоо сурсан шиг сурсан хүн л энэ ертөнцөд хамгийн зөв амьдралын замыг өөртөө нээж чадна гэж сургадаг үг нь сэтгэлд минь хүч өгч ирсэн.“Ямар ч хүнтэй эргэж уулзахаар сайхан сэтгэгдэл үлдээж, нэг зангаараа байгаарай” гэж хэлдэг.
Би багаасаа орос 3-р сургуульд сурч байгаад улмаар 11-р сургуулийг төгсөж, МУИС-ийг банк-санхүүч мэргэжлээр төгссөн. Миний өвөө Монгол улсын Ардын багш Ү.Маам гэдэг хүн байдаг. Энэ мэргэжлийг сонгоход, өвөөгийн маань заасан математикийн хичээл нөлөөлсөн байх.
2006-2015 жилүүдэд АНУ-д сурч амьдарсан. 2013-2015 онд намайг АНУ-ын Сан Францискогийн Их Сургуульд мастерт сурч байхад ээж, эмээ 2 маань миний 3 хүүхдийг асарч хүмүүжүүлсэн. 2015 онд сургуулиа төгсч ирээд одоо Шинэ үе сургуульд олон улсын хөтөлбөр хариуцан 3 дахь жилдээ эмээ, өвөөтэйгээ хамт ажиллаж байна.
Эмээ маань туршлагатай хүн болохоор би хийхээр төлөвлөсөн зүйлдээ зөвлөгөө авахаар ярилцах гэж өрөө рүү нь өөрийн эрхгүй гүйдэг. Аливаа зүйлийг тайлбарлахад маш зөвөөр ойлгож, олон талаас нь харж чаддаг. Ямар нэг зүйл хийх гээд ороход надад байнга чиг өгдөг ба бичиг цаасны ажлыг маш сайхан найруулж тусалдаг. Эмээ маань ямар ч ажлыг хийхэд асууж зөвлөх хүмүүсийг амархан олж шийдвэрлэж өгдөг.

Хүүхэд байх, хариуцлагатай ажилтан байх үеийн эмээ охин хоёрын харилцаа ямар байдаг вэ?
Тэс ондоо шүү. Сургууль дээр бол эмээ миний захирал. Багш нартаа ямар шаардлага тавина, надад ч бас тэгж хандана. Заримдаа бүр ч илүү хариуцлага үүрүүлж зэмлэх нь ч байна. Ажил амьдрал хоёрыг салгаж сурсан захирал хүн гэж би боддог.
Таны ажилдаа ханддаг гол зарчим
Миний хувьд хийж байгаа бүх ажилынхаа гүйцэтгэлд их анхаарч ажилладаг. Энэ соёл хандлага багаас минь суусан учраас бүх зүйлийг чанартай төгс гүйцэтгэж, ажилд сэтгэлээсээ хандахыг хичээдэг.

Та эмээгийнхээ ямар чанарыг илүү хүндэлдэг вэ?
Эмээ маань хэдий нас ахиж яваа ч гэсэн ер тэгж санагдахааргүй, эрч хүчтэй хүн байдаг. Заримдаа бид нар “энэ насандаа” ингэж явж чадахгүй байхаа гэж ярьцгаадаг. Энэ нь үнэхээр ч тийм санагддаг. Учир нь эмээ маань сургуулийн санхүүг хариуцахын зэрэгцээ сургуулийн урлагийн дугуйлангуудын үйл ажиллагаа, төлбөр тооцоог хариуцна. Сургуулийн сурагчдын автобус болон цайны газрын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавина. Мөн багш нарын хичээлд сууж зөвлөгөө өгч, орос хэлний хичээлийн үйл явц руу ч ороод амждаг. За тэгээд сургуулийн бүхий л том том үйл ажиллагаа, жишээ нь цагаан толгойн баяр, ABC-н баяр, дугуйлангуудын тайлан тоглолтууд, жилд 1 удаа болдог урлагийн үзлэгээс шалгарсан шилдэг үзүүлбэрээрээ хийдэг багш сурагчдын хамтарсан гала тоглолтыг Хүүхдийн ордон буюу Тусгаар тогтнолын ордонд өөрөө хөгжмийн багш хүн болохоор гаднын урлагийн мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж , урлагийн багш нартайгаа өндөр түвшинд зохион байгуулдаг. Ингээд бодоод байвал ер нь бараг оролцдоггүй зүйл байдаггүй, сургуулийн бүх үйл ажиллагааг зохион байгуулахад голлож оролцдог. Энэ их ажлын ачааллыг эмээ маань маш сайн даадаг. Ажил их байна гэж ер түүртдэггүй, нэг зүйлийг шийдээд л за одоо өөр юу байна гэсэн хандлагатай бүх зүйлдээ ханддаг нь залуус биднийг улам их хурцалж, энэ хүн ингэж ажиллаж байхад бид энэнээс бага ажиллах эрхгүй мэт санагдуулах ч үе байдаг шүү.
Манай сургуулийн хамт олон эмээг маань хүндэтгэдэг нь илт байдаг.

Манай сайт бүсгүйчүүдэд зориулагддаг учраас бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн талаар ямар бодолтой явдагийг тань асуухгүй байхын аргагүй
Гоо сайхныг яаж харж байгаагаас л шалтгаална. Үзэмжийн гоо сайхан, дотоод сэтгэлийн гоо сайхан, оюуны гоо сайхан гэж байна.Ер нь гоо сайхангүй бүсгүй хүн гэж байдаггүй гэж би боддог. Энэ ертөнцөд төрсөн бүхэн өөр өөрийн давтагдашгүй гоо сайхантай. Хамгийн түрүүнд аливаа бүхнийг яаж харахаас л гоо сайхан эхэлнэ.Сэтгэлийн гоо сайхантай хүн гэрэл гэгээтэй бүхнийг илүү харж аливааг сайн сайхнаар хүлээн авдаг. Тийм болохоор ертөнцийн гоо сайхан хүн бүрт бий гэж боддог доо.
Таны одоо хийж байгаа ажлын сайхан зүйл нь юу вэ?
Би эмээгийнхээ удирдлага дор сургууль хэмээх ариун ертөнцөд хүмүүжих хүүхэд багачуудын ирээдүйн төлөө өөрийнхөө мэдсэн сурсан бүхнийг зориулан зүтгэж байна.Багш хүн хүүхдийн сэтгэхүйд үр тарьж түүнийгээ ургуулдаг цэцэрлэгч гэдэг.Хүнийг хөгжүүлдэг, сайхан сэтгэлийг түгээж тэднийг мэдлэгтэй болоход нь тусалж, нөлөөлж, үлгэрлэж буй нь энэ багш мэргэжлийн хамгийн сайхан чанар байх. Тийм гэгээлэг ертөнцийг гадаад ертөнцтэй холбон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх үүрэг хүлээж байгаа болохоороо ажилдаа дуртай бас жаргалтай байдаг.Манай сургуулийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IB хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ ажилд сургуулийн гадаад харилцаа холбоо маш чухал гэж захирал маань үздэг юм.
Сүүлийн үед аливаа салбарт өөрчлөлт маш хурдан явагдаж байна. Боловсролын шинэчлэлийг сургуульдаа хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Боловсролын шинэчлэл гэдэг нь:
- Хөтөлбөрийн шинэчлэл
- Багшийн хөгжил, тэдний заах арга зүйн шинэчлэлийг хэлнэ.
Бид цөм хөтөлбөрийг IB хөтөлбөртэй уялдуулан, хөтөлбөрийн шинэчлэл хийж байна. Энэ хөтөлбөрийн дагуу багш нарын заах арга барилыг өөрчлөх үүднээс хамтарсан хичээлийг багаар бэлдүүлж, үзүүлэх хичээлийг зохион байгуулж, сайн хичээлийн сантай болж байна.
Сургуульд гэхэд шинжлэх ухааны хэлээр бол индиго хүүхдүүд сурч эхэлж байна. Тэдний зан төлөвийн өвөрмөц онцлогууд болох өөрийгөө мэдэрсэн, өөрөө илүү шийдвэр гаргаж сонголт хийхийг зорьдог, олон талын сэтгэлгээтэй, бие даасан гэх мэт шинж чанарууд нь бүх зүйлийг нарийн танин мэдэх шаардлагатай болж байна. Түүнийг нь шийдэх шинэ арга зам хэрэгтэй болж байгааг ч бид мэдрэх хэрэгтэй юм.
Бид хоёр нэг нь захирал нөгөө нь гадаад харилцаа хариуцагч болохооор бүх ажил маань л уялдаатай байдаг. Эмээ сургалтын талын бүхий л зөвлөгөөг надад өгөхийн хамт орчин үеийн боловсролын шинэчлэл дэлхийн түвшинд хэрхэн өрнөж байгааг судалж сургуульдаа нэвтрүүлэхийг шаардана шүү дээ.
Эрс шинэчлэлийн замд энэ шаардлага хэрэгжиж байна уу?
Тийм ээ. Манай сургууль 2016-2018 онд олон улсын IB хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил амжилттай боллоо.
IB хөтөлбөр нь гадаадын их, дээд сургуульд суралцах чадвартай болгодог олон улсын сургалт юм. Энэхүү хөтөлбөрөөр сурч төгссөн хүүхэд TOEFL, IELTS гэх мэт шалгалт өгөхгүйгээр гадаадын их дээд сургуулиудад шууд элсэн суралцах бүрэн боломжтой. Сурагчид төгсөхдөө IB диплом, Бүрэн Дунд Боловсролын гэрчилгээг хоёуланг нь авна.
IB хөтөлбөрийн багийнхны өгсөн зааврыг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын шаардлагад нийцсэн лабораториудад хичээлийн 30 % туршилтын үйл ажиллагаа явуулж, сурагчдын англи хэлний төвшин, олон улсын агуулгыг англи хэлээр судлах хэмжээнд хүрч байна. Даалгаврын биелэлтийн талаар тайлан мэдээллээ ч хүргүүлээд байгаа. Бидний явуулсан тайлан мэдээллийг үзээд “хангалттай сайн” гэдэг үнэлгээг өгсөн. Гэхдээ намар манай сургууль дээр ирж хэрэгжилтийг үзээд IB эрх өгөх эсэхийг шийдэх юм.
Танай сургууль шалгалтад тэнцээд IB эрх авбал ямар сургууль болно гэсэн үг вэ?
Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, хими, физик, биологи, монгол хэл-уран зохиолын хичээлийг өндөр түвшинд заадаг, олон улсын IB хөтөлбөрийг хэрэгжүүлсэн монгол сургууль болно.

Аргагүй л шинэ цагийн боловсрол , хуучин туршлага хоёр бие биендээ дэм болж байгаа юм байна
Тэгж хэлж болно. Тэд маань намайг өндөр боловсролтой болгосон болохоор эргээд би ч бас шинэ үеийнхэнд өөрийнхөө хувь нэмрийг оруулах үүрэгтэй шүү дээ. Номонд тусгаагүй олон эрдмийг эмээгээсээ би сурч, эмээ маань энэ сургуулийн дэд захирлын хувьд шинэ үеийн боловсролыг биднээс шаардаж хамтдаа зүтгэж байна. Миний эмээ-миний захирал болохоор бид амьдралын залгамж чанарын дагуу өнөөдрөөс маргааш илүү байх их үүргийг хамт биелүүлэх хүсэл зорилго нэгтэй нэг багийнхан болж байна.







