Өөртөө итгэлтэй Giorgio Armani

Италийн загварын загалмайлсан эцэг гэгдэх өдгөө 77 насыг зооглож буй Giorgio Armani-г мэдэхгүй хүн бараг үгүй. Түүнийг машинаар зүйрлэвэл Rolls Royce л гэсэн үг. Учир нь Giorgio Armani гэх нэр өөрөө тансаг байдал, дээд зэргийн чанар, хөрнгө мөнгө нэр хүндийн илэрхийлэл болж байдаг. Түүний нэр алдар загварын ертөнцөд хэдийнээ домог болсон. Италийн уугуул иргэн ноён Armani загварын ертөнцөд хөл тавихынхаа өмнө огт өөр чиглэлээр ажиллаж байв. Түүнийг өөрийн сонирхлоор анагаахын чиглэлээр суралцаад хоёр жил болж байхад нь цэргээс дуудлага ирж улмаар цэргийн эмнэлэгт хэсэг ажиллажээ. Харин энэхүү хугацаанд Armani өөрийгөө эмч болоход тохирохгүй хүн гэдгээ ойлгосон гэдэг.
Армийн хугацаа дууссаны дараа Миланы La Rinascente их дэлгүүрт үзмэрийн цонх чимэглэгчээр ажиллаж эхэлжээ. Үүний дараа алдарт Nino Cerruti-н загварын ордонд эрэгтэй хувцасны дизайнераар ажиллаж эхэлсэн нь түүний загварын ертөнц дэх амьдралын гараа нь байлаа. Ийнхүү хэдэн жилийн турш Nino Cerruti-ийн загварын ордонд чөлөөт загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаад 1974 онд Giorgio Armani гэсэн өөрийн нэр бүхий шошгыг олонд танилцуулжээ. Улмаар 1975 онд Милан хотноо өөрийн найз Sergio Galeotti-той хамтран “Giorgio Armani Spa”-г байгуулж тэр жилдээ эрэгтэй хувцасны ирэх оны хавар зуны коллекцио танилцуулсан юм. Энэхүү томоохон амжилтын дараагаар мөн л эмэгтэй хувцасны хавар зуны загвараа олонд танилцуулав. Тийнхүү 1980-аад оны үед түүний нэр олон улсын загварын чиг хандлагыг тодорхойлогч гэдэгтэй ижил утгатай болоод байлаа.

Armani эрэгтэй хувцасны хувьд өөгүй цэмцгэр оёдол, хийц, эдэлгээ мөн үзэмжээ алддаггүй байдал нь гол онцлог нь болдог. Түүний урласан эрэгтэй чөлөөт загвартай хүрэм, бүдэг хул, саарал өнгө бүхий загварууд, эрэгтэй бие барьдаггүй чөлөөт хослолууд, бүсгүйчүүдийн коктейлний даашинз зэрэг нь олны таашаалд ихээхэн нийцэж байлаа.
Түүний амжилтын гол нууц нь чанарыг дээд зэрэгт тавьдагт оршдог. Хамгийн сайн материал, тоног төхөөрөмж, баг хамт олны туслалцаатайгаар жинхэнэ дээд зэрэглэлийн тансаг бүтээлүүдээ хэрэглэгчдэд санал болгодог. Giorgio Armani-н хослолоор гангарах нь өөртөө итгэлтэй байдлын бүрэн илэрхийлэл гэж үздэг нь үүний нэгээхэн илрэл болов уу. Түүнчлэн англиар ярьдаггүй энэ эрхэм Katie Holmes, Tom Cruise, Cate Blanchett, Penelope Cruz зэрэг Холливуудын алдартнуудтай нэлээд дотно хамтарч ажилладаг бөгөөд түүний загварууд нэлээдгүй дэлгэцийн бүтээлд мөнхрөн үлджээ.
Armani нас өндөр гарсан ч одоо хэр нь спортын хорхойтон гэдгийг та мэдэх үү. Тэрээр Италийн сагсан бөмбөгийн лигийн Olimpia Milano багийн эзэн төдийгүй Италийн хөл бөмбөгийн Inter Milan клубын үнэнч хөгжөөн дэмжигч. Спортод элэгтэй Armani 2007 оноос хөл бөмбөгийн Chelsea клубын тамирчдын хувцасны загварыг гаргах болжээ. Одоо тус брэнд нь 3 хэсэгт хуваагдан үндсэн 6 чиглэлийн үйл ажиллагааг хамруулж өргөжсөн бөгөөд жилдээ 1,6 тэрбум долларыг эргэлдүүлдэг байна. Италийн хамгийн алдартай баян хүмүүсийн нэгд зүй ёсоор орох ноён Armani-н хувийн хөрөнгө 2011 оны байдлаар 7 тэрбум доллар гэж тэмдэглэгджээ. Өнөөдрийн хувьд Giorgio Armani гэдэг нэр жирийн нэг загвар зохион бүтээгчийн нэр биш, бүх л бүтэн байгууллага, олон улсын загварын бэлэг тэмдэг, хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх брэндийг төгс утгаар нь илэрхийлж байна. Түүний загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


