Хэлмэгдсэн эмэгтэйчүүд – Шоронгийн өрөөний “нууц салхи”

/ цуврал нийтлэл /

20 дугаар зууны Монголын түүхийн хуудаснаа цуст мөр үлдээсэн эмэгтэйчүүдийн хэлмэгдэл. Жирэмсэн эмэгтэйг цаазалсан Монгол шүүхийн тогтоол. Мөн ч хөл хүнд эмэгтэйн нялх үрийг залгисан шоронгийн хүйтэн өрөөнүүд.

Эмэгтэйчүүдийн хэлмэгдлийн тухайд нэгэн сэртхийм баримт бол жирэмсэн эмэгтэйчүүд засанд хоригдож байхдаа даарч ядарснаас болж хүүхдээ дутуу гаргаж байсан явдал юм.

Шоронгийн хүйтэн өрөө жихүүн, сэрүүн салхиараа нулимсыг нь арчиж тайтгаруулна. Биесийн халуун элчинд бүлээцэх бүсгүй бүрийн чихэнд уйтгарт салхи “хатуужилтай байх тухай” шивнэнэ. Гуниг, зэвцүүцэл хурсан булан хамгийн дулаахан байсан тэр цаг мөчийг нь эмэгтэйчүүд бид хэзээ ч мартаж үл болно.

Зургаан сар гаруй  мөрдөгдөөд  суллагдсан гавъяат эмч Дэнсмаагийн дурсамжийг сөхөн үзье:  “байцаагч  Цэнд намайг  хэтэрхий доромжлон хүн хэмээн үзэхгүй байсан явдалд одоо ч гомдолтой  байдаг. Жишээ нь би баригдахдаа  олоод хоёр сар  болсон хүүхэдтэй  жирэмсэн байсан учир хүйтэн шоронд  хэтэрхий даарснаас хүүхдээ дутуу  гаргасан.  Цэнд намайг  эмэгтэй хүн гэж  өчүүхэн ч  бодоогүйгээс  би хичнээн  зовлон үзсэнийг та нар бодоод үз...” хэмээсэн байна. 

Энэ үед дутуу гаргасан үрийг нь хүний ёсоор оршуулах нь битгий хэл, өнөөх хүйтэн хонгилоос ч гаргасангүй. Эх хүн дутуу төрж, амьгүй болсон үрийнхээ хамт зовлон үзсэн тэр аймшигт өрөөнд ямар их хяслан, гаслан хурсан болдоо. Энэ үед өнөөх өрөөний нууц салхи үрийг нь илэн хайлна. Бүсгүйн нулимсыг илбэн арчина.

Одоо ч сонсогдож байна. Хамаг зүрх сэтгэлийнхээ гүнээс хамгийн харамсалтайгаар хашгирах бүсгүйчүүдийн дуу хоолой. Одоо ч сонсогдож байна. Хэзээ ч эрхлэхгүй нялх үрээ тэврэн бүүвэйн дуу аялах бүсгүйн хатаж, сөөсөн ч уянгалагхан хоолой...

Ай, жихүүн салхи чи юунд ийм цөвүүн цагийг бидэнд илгээнэм? Ерөөс 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлт тэр чигтээ өрөвдөхийг мэдэхгүй харгис хэрцгийлэл байсан гэлтэй. Гэвч, хорвоо ертөнцөд нүдээ нээж, цангинасан хоолойгоо сонсгож ч амжаагүй үрсийг дайран өнгөрсөн нь юутай харсалтай, юутай харгис...

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.