Миний ухаантай аав
"Аавуудаа гэртээ эрт хариарай" аянд ирсэн захидал
Миний аавыг Тогоочийн Тогтох гэдэг. Ховд аймгийн Мөст суманд төрж өссөн. ХАА-н дээд сургуулийг Механикжуулагч мэргэжлээр төгссөн. Аав маань улс эх орондоо өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан гавьяатай хүн. Төр засаг ч энэ хөдөлмөрийг нь үнэлж алтан гадас одон, хөдөлмөрийн гаьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ. Миний аавыг гаднаас нь харахад жижигхэн биетэй, бор царайтай, нүдэнд дулаахан энгийн нэгэн эрхүн. Аав өөрийгөө “бичин жилний зуднаар төрсөн болохоор ийм жижиг биетэй болчихсон юм” гэж хошигнон ярьдагийн. Аав минь хэдий “жижиг” биетэй ч хийсэн ажил үйлс, өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхэд, ач зээ нараараа баян “дэндүү том” хүн. Намуухан алхаа, аядуу тайван яриа, ямарваа нэгэн зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэх, алсыг харах холч ухаан гээд тоочоод байвал олон сайхан чанар миний аавд бий. Анх танилцан уулзаж байгаа хүнд аав хямгардуу, их зантай гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ танилцаад дотносоод ирвэл жинхэнэ хань, найз, ах, аав, өвөө байж чаддаг. Аав олон жил удирдах ажил хийсэн дарга хүн. Гэсэн аталаа ааваас дарга хүний захирангуй, дээрлэхүү зан хэзээ ч гардаггүй.
Миний аав үр хүүхдүүдээ жинхэнэ хүн болгон хүмүүжүүлсэн маш сайн эцэг. Аавын хайр ээжийн энхрийлэлээр өсч торнисон зургаан хүүхэд нь бие биенийхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн, тийм нэгэн цул мэт, нэгэн зүгт харж чаддаг ахан дүүс. Нэг нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж, дутуугүй, дундуургүй амьдрахыг хичээдэг билээ.
Аав маань ач зээ нарынхаа хайртай өвөө нь. Баасан гаригийг хүлээн байж “Гачуурт”-ын өвөөгийнх рүү явцгаах гэнэ. Өвөө нь ач зээ нараасаа юугаа ч харамлахгүй, үргэлж тэднийхээ ая тухыг бодон, тэдэндээ хамаг сайханаа зориулан хошуу дэвсэнэ.
Аав маань хүргэн бэрүүдийнхээ хувьд хэнтэй ч зүйрлэшгүй хамгийн сайн хадам аав гэж би ам бардам хэлж чадна. Аавын маань холч ухаан хоёрхон үгнээс нь л харагддаг. Аливаа зүйлд хандахдаа чин сэтгэлээсээ бүгдийг нь олон талаас нь харж, нухацтай бодон байж сая л нэг эцсийн шийдвэрээ гаргана. Би аавыгаа архи тамхи хэрэглэж байхыг огт хараагүй. Гэсэн атлаа аавынд нямбайлан өрсөн нэлээд үнэтэй архи, виски, навчин тамхинууд байж л байдаг. Өөрөө энэ хоёр хорыг хэрэглэдэггүй болохоороо бусдад ч өгөхийг хүсдэггүй байх. Хүнтэдгэж өгсөн бэлэг болохоор харин хадгалдаг байхаа. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэдэгчилэн аавынд зочин гийчний хөл ер тасрахгүй.
Аав ээж хоёр маань тэдэндээ хоол цай, идээ ундаа гээд л хөл алдан үйлчилнэ. Ингэж байхдаа тэд огтхон ч түүртэхгүй, харин үүнээсээ сэтгэлийн асар их таашаалыг авдаг байх. Миний аавын амьдралын салшгүй нэгэн хэсэг бол авто замын бүтээн байгуулалт. “Алтан шар замын минь ач буян арвин билээ” гэж аав бахархан дурсах дуртай. 1984 оны 8 сард Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргаар томилогдож алтан шар замтай ажил амьдралаа холбосон түүхтэй. Ховд хотын нисэх онгоцны буудалын хатуу хучилттай зурвасыг чанарын онц дүнтэй ашиглалтанд оруулж байлаа. Мөн Булган гол, Манханы, Цэнхэрийн гол дээр баригдсан төмөр бетон гүүр, Ховдоос Буянт сум хүртэлх 25км хар зам, Ховд хотод Багшийн дээд сургууль, аймгийн захиргаа, 30,60, 72 айлын орон сууц зэрэг газрын гадна зам талбайг харж явахдаа эдгээр нь аавын минь үед хийсэн бүтээн байгуулалт юм шүү гэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм.
Аав удирдах байгууллагынхаа шийдвэрээр 1990-ээд оноос Найрамдлын Дархан хотод шилжин ирж ажилласан. Миний аав хэдийгээр гавьяаныхаа амралтанд гарсан ч замаасаа, замчидаасаа холдож чадахгүй тэдэнтэйгээ цуг одоо ч гэсэн хөдөлмөрлөсөөр л байгаа. Аав ажил мэрэгжилийнхээ буянаар Америк, Орос, Солонгос, Хятад, Тайланд, Сингапур зэрэг оронд номын дуу сонсож юм үзэж нүд тайлсан билээ гэж замаараа, замчин хам олноороо бахархан омогших дуртай байдгийн. Аав минь төрсөн өссөн нутаг шигээ Сэлэнгэ нутаг, Хараа, Орхоны хөндийд ээнэгшин дасч сэтгэлийнхээ гүнээс энэ нутгийг хайрладаг гэмээр.
Аавынхаа нэгэнтээ бичиж байсныг эргэн сөхөхөд “ Хайртай буурал ээж, хадам хөгшчүүдийн маань мөнх нойрсох өлгий бурхантын хөндий минь, буянтай ч өлзийтэй ч, өгөөжтэй ч нутаг гэж сүсэглэн дээдэлнэм” хэмээсэн байдаг. Ингээд бодохоор миний жижигхэн аавын их ухаанд өсөж өндийлөгсөн эх нутаг, тээж түшсэн элгэн нутаг, тэвэрч хайрласан нэгэн дэлхий тэр чигээрээ багтдаг бололтой. Би ийм аавын бэр нь болсондоо баярлаад баярлаад ханашгүй. Тандаа их хайртай шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







