Нийтлэлчийн мэндчилгээ

Шинэ онд шинэлэг, содон, ухаалаг, зөв, бодит мэдээлэл хүргэх гэж зорьж буй сэтгэл, итгэл нэгдсэн сэтгүүлч бүсгүйчүүдтэй хамтран ажиллах болсондоо туйлын их баярлаж байна. Уг цахим хуудаст зочлон, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншин, буруу зөвийг дэнслэх эрхэм уншигч та бүхэнд шинэ ондоо эрч хүчтэй, эрүүл энх, сэтгэл амар байхыг  ерөөе!  Ардын авьяастан, агуу шүлэгч Тангадын Галсангийн талбидаг ерөөлийн та бүхэнд хүргэе!

Эрүүл энхийн цагаан буян

Эрдэм номын гэгээн буян

Эд хөрөнгийн арвис буян

Инээд хөгжлийн далай буяныг ерөөе!

Уг шинэ цахим хуудас нэрнээсээ эхлээд зорилго нь тодорхой билээ. Нийтлэлчийн булангаараа Франц болон өрнөдийн сэтгэгч эмэгтэйчүүдийн амьдрал, нийгмийн байр суурь, эх хүн, эмэгтэй хүн байх утга учир зэрэг эмэгтэй хүнтэй холбогдох бусад сонирхолтой мэдээлийг та бүхэнд хүргэхийг хичээнэ.

Францын алдартай эмэгтэйчүүд 

Жорж Санд

 

Франц эмэгтэй зохиолчдоос анх удаа эрэгтэй хүний хувцас өмсөж, гаанс зуун тамхи татдаг байсан эмэгтэй бол яахын аргагүй Жорж Санд юм. “Эмэгтэй хүний минь хувьд хаалттай байсан тэр л орчинд орж амьдрахыг хүсдэг байлаа” хэмээн “Миний амьдрал” номондоо дурьдсан байдаг. Жорж Сандын нэр нь Орор Дюпан бөгөөд хожим зохиол бичиж эхлэнгүүт Жорж Санд хэмээх нууц нэртэй болсон. Нууц амраг Жюль Сандо-гийнхоо нэртэй төстэй нэр авсан гэж үздэг.

XIX зууны эхэн үед эмэгтэй хүн өөрийн санаснаар амьдрана гэдэг хатан зориг, сэтгэлийн тэвчээр байсан гэлтэй. Жорж Сандын хайрын адал явдал, түүх олон түмэнд ил тод. 1822 онд өөрөөсөө нэлээд ахимаг насны Касмир Дюдөвантай гэрлэн хоёр хүүхэд төрүүлсэн хэдий ч 1831 онд тэднийгээ орхин Парис яваад өгсөн гэдэг. Тэнд очоод залуухан амраг Жюль Сандо-той байр түрээслэн амьдрах болжээ. Мөн тухайн үеийн алдарт зохиолч Альфред Мюсе, хөгжмийн зохиолч Фредерик Шопантай холбогдож байжээ.

 

1831 онд гаргасан анхны роман “Индиана” –гаараа олны дунд алдаршжээ. Индиана гэрлэсэн эмэгтэй боловч хоёр нууц амрагтайгаар дүрсэлсэн байдаг. Тухайн үеийн алдарт зохиолч Бальзак “Индиана”-г уншаад “Тэр энгийн мөртлөө маш ойлгомжтой, амттай бичих юм аа” гэж дуу алдаж байсан гэдэг.

1833 онд бичсэн “Лелиа” роман нь Францад төдийгүй дэлхий дахинд алдаршсан. Жорж Санд тухайн үеийн Францын нийгэм, улс төрийн амьдралыг сонирхон судлан 1842 онд “Консуэло” (монгол хэлээр орчуулсан) зохиолдоо тусган харуулсан байдаг. Жорж Санд амьдарч байсан үеийнхээ эмэгтэйчүүдийн амьдрал, зовлон бэрхшээл, өөрийн дураар гэр бүл болох боломжгүй байдлыг зохиол бүтээлдээ тусгасан байдаг.

Жорж Санд зөвхөн роман бичдэг төдийгүй богино өгүүлэг, жүжгийн зохиол, уран зохиолын шүүмжлэлийн өгүүлэл хэвлүүлж байв.

Амьдралынхаа сүүлийн үед хөдөө амьдран, нутгийнхаа сайхнаа магтан дуулан, амьдралын бодит үнэн, эмэгтэйчүүдийн зовлон бэрхшээл, нийгмийн дарамт зэрэг олон асуудлыг хөндсөн байдаг.

Орор Дюпан- Жорж Санд бол тухайн үеийнхнээсээ илүү сэтгэгч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч, өөрийн бие болон зохиол бүтээлдээ бодлоо тусган  харуулдаг агуу сэтгэгч эмэгтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.