ӨӨР ЗАМААР

(Цуврал нийтлэлийн 1-р хэсэг)

Өнгөрсөн зуны налгар нэгэн өглөө утсанд мессеж ирлээ. Үл таних уншигчдын маань нэг бичжээ. “Таны “Гэрт болсон яриа” гэдэг номыг сая уншиж дууслаа. Үнэхээр их зүйл ойлгож авлаа, баярлалаа. Одоо та охидод зориулж улс төрийн тухай ном бичиж өгөөч” гэжээ.

Ийм сонин хүсэлтийг тодруулах санаатай дугаар руу нь залгалаа. Шингэн дуутай, сэргэлэн охин утас авч байна. “Чи яагаад заавал охидод зориулсан улс төрийн ном уншихыг хүсэв?” гэж би асуув. “Таныг яаж улс төрч болсон тухай уншмаар байна. Эмэгтэй хүн улс төрд ямар замаар амжилтанд хүрдэг тухай тодорхой мэдээлэл олдохгүй юм. Гадаадын улс төрч эмэгтэйчүүдийн тухай ном байвч монгол хүний тухай илэн далангүй мэдээлэл байхгүй байна” гэнэ. “За тэгвэл эгч нь ядахдаа нэг сонгуульд ялж үзчихээд ном бичиж өгье, эгч нь тийм ч мундаг улс төрч биш шүү дээ” гэж тайлбарлав. Уншигч маань инээгээд, “Таны номыг тэсэн ядан хүлээнэ шүү” гээд устаа салгалаа.

Хэдэн сарын дараа Эйзенхауэрийн тэтгэлээр АНУ-ын 12 муж улсаар аялж 100 гаруй эмэгтэй лидер, хууль сахиулагчидтай уулзлаа. Энэ уулзалтуудын үеэр эмэгтэй улс төрчдийн үе тасрах нь амархан байдаг, эмэгтэйчүүдийг үе таслахгүй улс төрд байлгах нь чухал гэдэг талаар олон хүний захиас сонсов.  Ээлжит ийм уулзалт Нью-Йоркийн нэгэн цайны газар боллоо. Ратгерсийн Их сургуулийн Америк эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих төвд 30 жил ажилласан Дебора Уэлш гэдэг эмэгтэйтэй ярилцаж байтал тэрбээр толгой сэгсэрч,

“Нэг удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжих ч яахав, дараагийн үеийн эмэгтэйчүүдийг улс төрд яаж бэлтгэе гэж бодож байна даа” гэж ширээ тогшив.

“Энэ талаар одоогоор бодсон зүйлгүй...”

“Энэ талаар заавал бодох хэрэгтэй. Америкчууд бид танай монголын охидыг улс төрд бэлтгэж чадахгүй шүү дээ. Та нар өөрсдөө залгамжлагчдаа бэлтгэх ёстой. Та нар шиг улс төрд 20 гаруй жил болсон хүмүүс туршлагаа бичиж үлдээхгүй бол дараагийн үеийнхэн чинь дахиад л бүхнийг эхнээс нь эхэлж, бартаатай замаар явах болно шүү дээ” гэлээ.

Энэ үед миний уншигчийн утасны мессеж санаанд оров.  Тэр охин шиг олон охидуудад улс төрийн зам харанхуй гудамж шиг байгаа байх нь ээ.  Би өөрөө ийм харанхуй гудамжаар 19 жил алхжээ. Айдаггүйдээ, “тэнэгтээ” зоригтой алхалж. Сонгуульд ер ялж үзээгүй хэрнээ үргэлж ялж байсан хүн шиг бардам алхжээ. Гэтэл ирээдүйд охид маань заавал харанхуй гудамжаар алхаж байх албагүй юм. Заавал дуусашгүй эр зориг гаргаж байх бүр ч албагүй юм. Тэд гэрэлтэй гудамжаар алхаж, ирээдүйгээ бодолтой төлөвлөж, аюулыг урьдчилж тооцоолж, хамгийн гол нь сонгуульд орж, ялж байх эрхтэй билээ. Тэдэндээ тулгарах зүйлсийн тухай бичиж, сэрэмжлүүлж, харанхуй гудамжийг бага ч атугай гэрэлтүүлж өгөх нь улс төрд хүчээ өгсний маань үр дүн болох ёстой ажээ.

Ингээд би сонгууль хүлээхгүйгээр, өөрийнхөө хувийн амбийц, зорилтоо биелэгдэхийг хүлээлгүйгээр, ирээдүйн эмэгтэй улс төрчдийг бэлтгэх ажилд орохоор шийдэж энэхүү цуврал нийтлэлийг Эмэгтэйчүүдийн веб сайтаар дамжуулан эхлүүллээ.

Эргээд харахад би улс төрд эрчүүдээс тун ч өөр замаар явжээ. Үеийн эрэгтэй нөхдөө харахад тэд надаас өөр гараанаас гарч, миний төсөөлөхгүй өөр найз нөхдөөр хүрээлүүлж, өөр аргаар тэр амжилтууддаа хүрсэн байх юм. Миний туулсан зам бол эмэгтэй хүний зам байлаа. Миний гаргаж байсан шийдвэрүүд эмэгтэй хүнд тохиолдох онцлогуудыг тусгадаг байв. Би өөр замаар явснаа хэнээс ч нуух хэрэггүй бөгөөд цаашид ч эмэгтэйчүүд өөр замаар явсаар байх учир харин ч ил тод ярих ёстой асуудал гэж үзлээ.

Иймээс уншигч та бүхэндээ эмэгтэй улс төрчийн хувьд өөрт тохиолдсон адал явдлаасаа энэхүү веб сайтаар дамжуулан хуваалцая.

 

Улс төрийн анхны багш

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р дунд сургуулийн 9б ангийн багш З.Дамдинсүрэн 1982 оны хаврын нэгэн өглөө гартаа сонин барьсаар ангийн ажлын цаг удирдав. “Манай ангийнхан, та нар шуугилдахаа болиод наашаа анхаар. Энд нэг сонирхолтой тэмцээн зарласан байна, оролцооч” гэж багш уриаллаа. Энэ бол “Карл Марксыг хэн сайн мэдэх вэ” гэдэг тэмцээн байв.

Манай ангиас нэлээд олон сурагч энэхүү улс төрийн зохион бичлэгийн уралдаанд оролцохоор болцгоов. Бид сонинд гарсан асуултуудыг хуулж авцгаагаад гэр гэрийн зүг тарцгаасан билээ.

МАХН-ын төв хороо, МХЗЭ-ийн хороо гэх мэт тэр үед улсыг дангаараа удирдаж байсан нам төрийн байгууллагаас Марксын мэндэлсний 100 жилийг ойг угтаж зарласан энэ уралдаан 10 асуулттай байлаа. Энэ 10 асуултад хариулахын тулд анх удаа Ленин, Марксын зохиолуудыг хэрдээ л сүрхий уншиж үзэв. Аймгийн төвийн номын сангийн улаан дүнзэн байшинд өдөржин сууж хийсэн тэмдэглэлээ аймгийн музейн бичгийн машинд шивэхийн тулд музейн манаач Сосорбарам эгчээс түлхүүрийг нь гуйдаг байлаа. Музейн халаалтгүй өрөөнүүдэд жиндэн сууж хэдэн өдөр баахан бичиг цаас туурвиж аваад хот руу явуулахад бэлэн болсон гэж бодов.

“Миний охин хариултуудаа хот явуулахаас өмнө ээжээрээ хянуулаарай” гэж эмнэлэгт байгаа ээж минь утасдав.

Миний ээжийг хүмүүс Должин дарга гэж дуудна. Ээж намайг бага байхад “Должин багш, хичээлийн эрхлэгч Должин” гэдэг нэртэй байсан бол намайг 4-р ангид орох жилээс эхлэн “дарга” гэдэг нэртэй болсон юм. Ээжийн “Хөвсгөл аймгийн МАХН-ын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч” хэмээх ажлын талаар би сайн мэдэхгүй ч улс төрийн ажил хийдгийг нь гадарладаг билээ. Яагаад гэвэл ээж аймгийн бүх л хурлуудад суудаг, дарга нарын үгийг бичдэг, бас Октябрын баяр, Майн баяр болохоор индэр дээр зогсдог байв. Ээж долоо хоног бүр аймгийн кино театрт лекц уншдаг байсан юм. Ээж шиг дарга эмэгтэй тун цөөхөн тул хүмүүс түүнийг их хүндэтгэж харагдана. Харин яагаад эмэгтэй дарга нар тийм цөөхөн байдаг юм бол гэдэг асуултыг хэзээ ч асуухгүй, анзаарахгүй он цагийг өнгөрөөсөөр явлаа.

“Ээж би орой танд хоол аваачиж өгөхдөө хариултуудаа аваад очьё” гээд би утсаа тавьлаа.

Бичгийн машин дээр шивсэн хариултууд маань жирийгээд гоё харагдана. Ийм тодорхой сайхан бичсэн зүйлсийг хэн ч шүүмжлэхгүй байлгүй дээ гэсэн бодол орж ирнэ. Ээжид өөхгүй махаар хийсэн бууз, цай хүргэж өгөөд эмнэлэгийн өрөөнд нь тухлалаа.

Ээж хоолоо идэж, туранхай гараараа хөлсөө арчаад инээж, “за ээждээ үзүүл” гэж уралдааны хариултуудыг шаардав.

Ээж нүүрээ хувиргахгүй уншиж дууслаа. Би магтаалаа хүлээн тэсч ядна.

Ээж инээснээ, “Ихэнх хариултууд чинь болжээ. Хүүхэд гэхэд дажгүй л ойлгож бичсэн байна. Ганц л хариулт чинь байнд ч үгүй банзанд ч үгүй болсон байна даа” гэлээ.

Ихэнх нь магтуулчихсан болохоор би ганц хариултаа дор нь засчихъя гэж бодов.

“Марксын Антидюринг гэдэг номыг миний охин огт ойлгоогүй байна. Энэ хариултаа дахиж хийж ир” гэж ээж хоёр хуудас цаасыг хураав.

Би хэд хоногийн дараа шинээр бичсэн хуудсаа барьсаар шөл цайны хамт ээждээ ирлээ. Ээж бас л хураачихав. Энэ мэтээр ганц хариулт дээр тав зургаан удаа буцлаа. Сүүлдээ би аргаа барав.

“Ээж, миний хариултын яг юу нь буруу байгаа юм бэ, та хэлээд өгөөч” гэж би гуйв.

“Чи улс төр гэдгийг ойлгохгүй байна” гэж ээж хэлэв.

“Улс төр гэж юу юм бэ”

“Маркс, Дюринг гэдэг хүмүүс улс төрийн асуудлаар маргаад байгаа тухай наад номонд чинь байгаа. Яг тэр маргааны сэдвийг чи огт хөндөхгүй байхаар яаж зөв хариулт гарах юм бэ” гэж ээж тайлбарлав.

Би “Антидюринг” гэдэг номыг багтаасан Марксын түүвэр зохиолын ботийг аваад очсон тул ээжийн дэргэд нээж уншив. Тэнд улс төрийн тухай яг юу гэж маргаад байгааг олж харж чадахгүй байлаа. Бөөн нуршуу тайлбарууд л яваад байдаг, яваад байдаг. Үнэхээр гол агуулгыг нь олж уншиж чадахгүй байв.

“Ээж ээ” гэж би гуйсан дуугаар дуудлаа. “Та надад тайлбарлаад өгөөч дээ. Би уншаад уншаад ойлгохгүй байна.”

“За за” гэж ээж орноосоо өндийгөөд, “улс төр гэдэг чинь эрх мэдэл, мөнгөний тухай шийдвэр гэсэн үг, миний хүү. Мөнгийг хэнээс яаж авч, хэнд яаж зарцуулах тухай маргаан бол улс төрийн гол маргаан байдаг юм. Одоо ингэж бодоод унш, наадахыгаа” гэж хэлэв.

Ээжийн тайлбарыг сонссоны дараа тэр номыг уншихад бүх зүйл ойлгомжтой болж эхэллээ. Тэр ном тэр чигээрээ төсөв мөнгийг яаж олох, яаж хуваарилах тухай маргаан байх нь тэр. Өмнө нь би яагаад ийм амархан харагдаж байгаа зүйлийг олж хараагүй юм бол оо.

Ээж минь эмнэлэгийн тэр нэгэн өрөөнд охиндоо улс төр гээчийг сонирхох хүсэл төрүүлж орхисон юм.  Хоёрхон жилийн дараа гэхэд би ээжтэйгээ хэзээ ч уулзаж чадахгүй болсон билээ. Хаврын тэр өдрүүдэд ээжээр заалгаж бэлтгэлээ базаасны хүчинд би Марксыг хэн сайн мэдэх вэ гэдэг үндэсний уралдаанд 3-р байр эзэлжээ. Гэхдээ дандаа томчуудтай зэрэгцэж шүү.  Энэ дүн ээжийг минь ихэд баярлуулж харин надад улс төрийн анхны хичээл болсон билээ.

 

Ц.Оюунгэрэл

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.