Чин сэтгэлээсээ инээмсэглэдэг ард түмэн - Тайланд
2012-06-20
/Тайланд явсан тэмдэглэл/
Байгаль дэлхий, ан амьтан, араатан жигүүртэнтэйгээ ойрхон амьдардаг хүмүүсийг би Тайландчууд гэж хэлнэ. Тай үндэстэн бол зүүн өмнөд Азид 70 саяуулаа аж төрдөг халуун орны ард түмэн.
Тэндхийн амьдрал өдөр тутамд буцалж байдаг. Гудамж нь үргэлж хүнээр дүүрэн гэж хэлвэл Америкийн Wall Street-д хөлхөлдөж буй ажил хэрэгч хувцастай завгүй хүмүүс санаанд тань бууж магад. Гэвч Тайланд арай ондоо.
Гудамжинд нь гэр оронтой нь дүйхүйц эгэл амьдрал өрнөж байдаг. Газраар дэлгэж тавьсан зарах хувцасныхаа дэргэд худалдагч нь хүүхдээ саатуулаад сууж байхад, залгуулаад сүүдэр бараадсан хөгшин өвгөн мөстэй хүйтэн цай уунгаа радио сонсож байх. Хажууханд нь массажны төвийн үүдэнд үндэсний хувцастай бүсгүй дэвүүрээ барин инээмсэглэн зогсож ахул цаахан талд үйлчлүүлэгч хүлээсэн таксины жолооч нар элдвийг ярилцан зогсоно.
Энэ мэтчилэн уртаас урт гудамжинд үргэлжилсэн их амьдрал өдөр бүр цаг тутамд буцалж байдаг. Энгийн ард түмэн нь байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдаг болов уу гэмээр үргэлж инээмсэглэж, царайнд нь баяр баясгалан гэрэлтдэг. Хүнтэй мэндлэхдээ хоёр гараа хавсран “Копункап...” хэмээн мэхийх нь уламжлалаа хадгалж үлдсэн үндэсний бахархал.

Хүн амын дийлэнх нь буюу 95% нь бурханы шашин шүтдэг, дэлхийд хамгийн том суугаа болон хэвтээ Будда зөвхөн тэнд л бий. Бурхан шашинтайгаа зэрэгцээд эзэн хаанаа эгээ л бишрэн дээдэлнэ. Хаантай ард түмнийг өмнө нь үзэж хараагүй надад тэр нь их сонин санагдсан юм.
Эзэн хаан, хатан хаан, ханхүү, гүнж, хунтайж гэх мэт ойлголтууд өнөөгийн 21-р зууны бидний сэтгэлгээнд төдий л ойр биш. Гэвч тэр л халуун орны хүн зоны онцлог, хүмүүжил, ёс суртахуун нь надад үнэхээр гайхам содон байсан.
Тайланд бол өнгөний орон. Хамгийн анхны хурц тод өнгийг онгоцны үйлчлэгчийн өгсөн энгэрийн зүүлт буюу амьд цахирмаа цэцэгнээс би олж харсан. Тэр бол аз жаргалын бэлэг тэмдэг бөгөөд бие биедээ сайн сайхныг бэлгэдэж өгдөг. Бангкок хотын төв, зах гээд хаанаас ч гэсэн байгалийн төрөлх сайхан өнгүүдийг олж харж болно. Тиймдээ ч тэнд юу ч уйтгартай биш санагддаг байх.

Тайланд орныг Заангүйгээр төсөөлөх аргагүйг хүн болгон мэднэ. Зааныгаа өнгө эрээн алагласан тохом малгайгаар битүү гоёх нь бас л сонин. Ер нь үндэсний хувцас хийгээд бэлэг сэлт, чимэг зүүлт нь чамин тансаг хийцтэй.
Эмэгтэй хүн, бүсгүй хүний тухайд нарийн юм яригдана. Гоо зүйн мэдрэмж өндөр хөгжсөн улс орон болохоор дэлхий нийтийн анхаарлыг татдаг, жуулчдын тоог өсгөж байдаг хэдэн зүйлийн нэг бол алдарт Ladyboy-чууд.
Энэ нутагт ирсэн бүхэн үзээд буцдаг гол үзүүлбэрүүдийн нэг бол Ladyboy Cabaret Show юм. Сэтгэлгээний гажуудал гэх юмуу байгалийн алдаа гэж хэлж болохоор тэдгээр гоо бүсгүйчүүд бол эрэгтэй биеийг олж төрсөн эмэгтэй сэтгэхүйтэй хүмүүс. Хамгийн төгс сайхан эмэгтэй байхыг мөрөөддөг тэдний хувьд амьдралын утга учир нь эмэгтэй хүний гоо сайхныг олж авахад оршдог.
Маш олон гоо сайхны нарийн мэс ажилбарын дараа эмэгтэй хүнээс ялгагдах юмгүй болдог. Тайзан дээр дуулан бүжих тэднийг харахад эгээ л бүсгүй хүн байх бөгөөд тоглолт дууссаны дараа хамтдаа зургаа авахуулах боломжтой.
Мөн насанд хүрэгчдэд зориулсан үзүүлбэрүүд, үдшийг зугаатай өнгөрүүлэх цэнгээний газрууд элбэг. Тав алхаад тааралдах массажны газарт өдөржин явсан алжаалаа тайлж тухлахад нэн таатай, бас боломжийн үнэтэй.
Түм түжигнэсэн хотоос түр холдож нарийн торгон элстэй Phuket аралд амархад гайхалтай дурсамж үлдэнэ. Үйлчилгээ гэдгийг жинхэнэ утгаар нь мөнгө болгож чаддагийн нууцыг би ялдам зөөлөн бүсгүйчүүлтэй нь холбож ойлгосон. Харилцааны урлаг нь хэнийг ч үгүй гэхийн аргагүй болгож орхидог.
Тийм ээ, Тайланд бол өнөө цагийн хамгийн сонин содон газруудын нэг яах аргагүй мөн. Хүн нь төрөлх мөн чанараараа оршдог, чин сэтгэлээсээ инээмсэглэдэг ард түмэн бол Тайландчууд.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zaya
(202.179.20.240)
2013-04-05 11:01:38
za yostoi hudlaa yumaa hunees heden togrog salgaj avahiin tuld urd hoino orool hudlaa ineegeel hamgiin muuhai dolginuur huuramch humuus
0
0
0
Хариулах








