“Амьд хөгжмийг мэдэрсэн хүн үхэн үхтлээ тэрийг хэзээ ч орхихгүй”
“PLAY TIME 2012”-т тоглох охидын “Солонго” хамтлаг :
Hi Fi Records-оос уламжлал болгон зохиодог Play time 2012-т их хотын залуустай хамт нэг үдшийг доргио өнгөрүүлж өөрсдийн дуу хөгжмөө мэдрүүлэх гуравхан охидын хамтлагийн нэг “Солонго” хамтлагийг танилцуулж байна.
Хамтлагийн нэр : Солонго
Байгуулагдсан он: 01.08.2011
Гишүүдийн тоо: Долоо
Хамтлагийн гишүүд:
Дуучин: Оюука
Keyboard: Номин
Соло гитарчин: Нансаа
Бааз гитарчин: Хулан /хамтлагийн ахлагч/
Бөмбөрчин: Халиунаа
Теонар саксафон: Шижир
Альт саксафон: Одко
Уран бүтээл: S Feeling
Жанр: Поп, Блюз, Жааз, Хард рок
Амжилт: “Universe best songs – 2012” наадмаас Рentetonik нэрэмжит шагнал, Витсамогийн нэрэмжит шагнал
Хамтлаг анх хэрхэн байгуулагдаж байсан түүхээсээ уншигчидтайгаа хуваалцвал?
Харанга хамтлагийн бөмбөрчин Пүрэвдаш гуай хамгийн анх амьд хөгжмийн эмэгтэй хамтлаг байгуулахаар шийдсэн юм. Ингээд л өөрийн шавь нараас сонгож, мөн үлдсэн гишүүдээ шалгаруулалтаар авсан юм. Өөрөөр хэлбэл бид хамтлагаа мэргэжлийнх гэж хэлж чадна. Хамтлагийн гурван гишүүн Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Тухайлбал, соло гитарчин маань хөгжим бүжгийн коллежийг ятга хөгжмийн мэргэжлээр төгссөн байх жишээтэй. Анх байгуулагдахад бид дөрвөн л гишүүнтэй байсан, харин сүүлд кейбоард, дуучин, бөмбөрчин нараа шалгаруулж авснаар бид долуулаа болсон юм даа.
Ихэнхи амьд хөгжмийн хамтлагууд бэлтгэл сургуулилт дээрээсээ дуугаа төрүүлдэг, харин Солонго?
Бидэнд ингэж зохиосон дуу их бий. Гэхдээ бэлэн болоогүй, сонсогчидод хүргэсэн хоёр л дуу байгаа. Бид илүү сайн боловсорч, мэргэшиж байж өөрсдөө дуу зохиох тухай ярих хэрэгтэй байх гэж бодож байна.
Play time болоход хоёрхон хоног үлдлээ, бэлтгэлийн байрнаасаа салахгүй л байна уу?
Бид өдөр бүр бэлтгэлээ хийсээр л байна. Яг өмнөх шигээ. Жилийн хугацаанд өдөр болгон л бэлтгэлээ хийж байсан. Одоохондоо өөрсдийн тогтсон байр байхгүй байгаа. Хамгийн гол нь бид бэлтгэлээ сайн хийх тусам илүү чанартай мэргэжлийн хамтлаг болох зорилгодоо ойртох юм. Бэлтгэлдээ бид онолын хичээл, гармоны хичээл зэргийг заалгаж байгаа.
Гэр бүлийн зүгээс ямар хандлагатай байна? Урлагийнханд төсөв гэж том асуудал ирдэг шүү дээ?
Бидний нас 1993- 1988 оны охид. Үнэндээ бидний хамгийн сайн дэмжигчид бол гэр бүл минь. Аав ээж эгч гээд л. Харин төсвийн тухайд бол бидэнд туслаж дэмждэг маш олон хүмүүс байдаг. Тухайлбал, Green building компани манайхыг ивээн тэтгэдэг.
Play time 2012-т ирсэн залууст барих бэлгээ задлаж болох уу?
Юутай ч бид үзэгчдийгээ уйдаахгүй гэдгээ мэдэж байна. Ганцхан дуун дээр л бид бүгдийн соло ноймрууд явна. Мэдээж ирээд үзвэл илүүг мэдрэх байхаа.
Олон гишүүнтэй хамтлаг мэдээж бие биенээ мэдрэх, ойлгох шаардлагатай. Харин тэр мэдрэмжээ хэрхэн олж авдаг вэ?
Анхандаа бид шалгаруулалтаар цуглуулсан охидууд учраас бие биенийгээ мэддэггүй байсан. Сүүлдээ бүх зүйл дээр, уран бүтээл дээрээ ч тэр яаж тоглохыг, ямар зан храктертай мэддэг болохоор бие биенээ их ойлгож мэдрэх болсондоо. Энэ нь нэг цул хөгжим, жинхэнэ амьд дуу хөгжим гарах үндэс нь болдог.
Орчин үеийн охидууд илүү сонгодог аяз, тухайлбал хийл, босоо ятга зэргийг сонирхож байна? Үүнийг сонгох боломж байсаар байхад яагаад заавал амьд хөгжмийг сонирхох болсон бэ? Түүнээс юу мэдэрч чадсан юм бэ?
Жинхэнэ эрх чөлөөг, өөрийнхөөрөө байх тэр орон зайг мэдэрсэн. Охидууд ихэвчлэн уянгалаг дуунд дуртай гэсэн. Рок поп аянуудыг бид тоглодог ч гэсэн хүсвэл хөгжмөөрөө уянгалаг дуу ч гаргана. Амьд хөгжим өөрөө маш гайхамшигтай зүйл. Бид зүгээр нэг поп дуучны бичлэгийг сонсож, хөгжим тавиад амаа хөдөлгөөгүй ,өөрсдөө хөгжмөө тоглоод мэдрээд, дуулахад маш их кайфыг авдаг. Амьд хөгжмийг мэдэрсэн хүн үхэн үхтлээ тэрийг хэзээ ч орхихгүй. Энэ мэдрэмж давтагдашгүй цор ганц байдаг.
Амьд хөгжмийг долоон нотын аль нэгтэй нь адилтгавал?
Амьд хөгжим бол бүх долоон нот. Хөгжмийн долоон өнгийг аль нэгийг нь тасархай гэж хэлэхэд хэцүү. Бүгд нийлж байж сайхан ая дугарах байх гэж бодож байна. Хөгжмөө мэдэрнэ, өөрийгөө мэдэрнэ, бүх зүйлийг мэдэрнэ.
Амьд хөгжмийн хамтлагууд ихэвчлэн сонсоход “cool” гадаад нэртэй байдаг? Харин танай хамтлагийн нэр Солонго?
Тийм шүү. Бид хамтлагийнхаа нэрэнд хайртай. Хамтлаг маань хэдий байгуулагдчихсан байсан ч бид нэрний асуудал дээр маш их удсан. Орчин үеийн хамтлагууд бүгд л их л гоё чамин гадаад нэр өгдөг. Бид монгол нэр өгнө гэдэгтээ бат зогссон байсан. Харин нэг удаа бид хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайн жааз тоглолтон дээр өөрийнх нь уран бүтээлээс тоглосон юм. Бид тоглолтын өмнө биднийг үзээд бидэнд нэр хайрлаач гэж хүссэн. Харин тоглолтын дараа Лувсаншарав гуай тайзан дээр гарч ирээд микрофоноор тайзан дээрээс “Би энэ охидуудын тоглохыг харлаа, Солонго гэдэг нэр өгч байна” гэсэн. Ингээд л бидний нэр “Солонго” болсон юм даа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







