НАРАН ЖАРГАДАГГҮЙ

     12 цагаас ерөнхийлөгчийн мэндчилгээг сонсон, оргилуун дарсаа “буудуулан” гэр бүлээрээ шинэ оноо угтлаа. Телевизийн бүх сувгаар баярын нэвтрүүлгүүд гарч, шилж сонгон үзсээр цаг нэлээд орой болсныг ер анзаарсангүй.

 

    ...Цасан бударсан, намуухан шинэ жилийн шөнө. Урьд өмнө би шинэ жилийн шөнө гадна гарч үзээгүй санагдана. Шинэ жилийн, шинэ өдрийн наран мандахыг харахаар хэсэг нөхдийн хамт шөнө хугаслан гэрээсээ гарлаа.

     Гадаа цас будраад, дулаахан, цаанаа л нэг л тааламжтай сайхан байлаа. Улаанбаатар хотоос 95 км-ын зайд орших төмөр замыг “Хангай” өртөөний зүг бидний хэсэг найзууд хөдлөв. Шинэ оны өглөөний нар харах аяллыг төмөр замынхан 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа аж. Галт тэрэгний билет аль эрт дууссан учир бид машинаар явж байгаа маань энэ. Наадмыг өглөөг санагдуулам машины цуваа, бүгд “Хангай” өртөөг зүглэн давхицгааж байлаа. Биднийг "Хангай" өртөөн дээр ирэхэд томоос том түүдэг гал, эгнэсэн машинууд угтлаа. Энд тэндгүй тойрч дуулалдаж баясах хүмүүсийн баяр хөөр дүүрэн...

   08 цаг 40 минутад мандах нарыг хүлээсэн хүмүүс цагаа байн байн харж, сэтгэл догдлон байлаа. Үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаас цайрч, цас хаяласан шинэ өглөө айсуй. Гэвч тэнгэр бүрхэг байсан учир нар мандахыг харж чадсангүй. Хөөрч догдолсон хүмүүсийн шуугиан хэсэг зуур намдаж, зарим нэг нь нар мандахыг харж чадсангүй, нар мандсангүй хэмээн халаглан харамсаж байсан юм.

   Наран авхай мөнхийн суудалдаа заларсан хэвээрээ л байгаа. Нар хэзээ ч манддаггүй бас жаргадаггүй. Жилийн анхны өдрийн тэнгэр бага зэрэг бүрхэг байсанд хүмүүсийн урам хугарсан ч гэсэн нар манддагаараа л мандсан.

   Дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ тойрон эргэлдэж, өдөр шөнө солигдсоор... Харин наран авхай хэнийг ч ялгалгүй халуун дулаан илч, гэрэл гэгээ түгээсэн хэвээрээ л байгаа. Наран хэзээ ч жаргадаггүй. 

У.Чимэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.