Венесуэлийн Мисс хорт хавдраар нас барлаа

Дэлхийн мянга мянган эмэгтэйчүүдийн амийг авч оддог аюулт өвчин болох хөхний хорт хавдраар өвчилсөн нэгэн эмэгтэйн талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ бол Венесуэлийн гоо сайхны үзэсгэлэнт хатан, фото модель, телевизийн хөтлөгч болон зохиолч асан Ева Эквалл юм. Тэрээр ердөө 28 наслаад 2011 оны 12-р сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь эдүгээ дуулиан тариад байна. Ева Эквалл 180 см өндөр, 54 кг жинтэй, хөх ногоон нүдтэй гайхамшигтай бүсгүй байсан бөгөөд 2000 онд 17 настайдаа Венесуэлийн Мисс болж удаах жилд нь Пуэрто Рикод болсон Дэлхийн Миссийн тэмцээнд 2-р байр эзэлж байв. Энэ бол сайхан бүсгүйгээрээ дэлхийд данстай Венесуэл улсын алдрын титмийг баталгаажуулсан томоохон үйл явдал байсан юм. Идэр залуу насандаа гоо сайхнаараа гайхагдаж байсан залуу авхай Ева Эквалл телевизийн мэдээний хөтлөгч, зохиолч, мөн улс орныхоо хорт хавдрын эсрэг хамгийн том энэрэлийн байгууллагын идэвхитэй зүтгэлтэн байсан. 2007 оны 9-р сард Эквалл радиогийн продюсер Жон Фабио Бермудестэй гэрлэсэн. 2009 оны 7-р сард тэд Миранда гэдэг бяцхан охинтой болж амьдралын аз жаргалыг амсаж эхэллээ. Гэвч 2010 оны 2-р сард ээж болсноос хэдхэн сарын дараа хөхний хорт хавдрын нэлээд хүндэрсэн онош тавигдаж, 8 сарын туршид химийн болон туяаны эмчилгээ хийлгэж, улмаар хөхөө тайруулахад хүрсэн юм. Тэрээр “Анхандаа би хүмүүст муухай харагдах байх хэмээн санаа зовж хагалгаа хийлгэх эсэхдээ эргэлзэж байсан. Дараа нь хамгийн гол зүйл юу болохыг ухамсарласан. Би нэгэнт хорт хавдартай болсон, тиймээс сайхан харагдах албагүй шүү дээ..“ гэж хэлсэн байдаг.
 
Ева Эквалл 2010 оны 12 сард хэвлэгдсэн “ Fuera de Foco (Дуран авайгаас гадуур) гэдэг нэртэй гэрэл зургийн номондоо өвчнөө хэрхэн даван туулж буйгаа тодхон харуулсан байдаг. Мөн тэрээр “Senos Ayuda” хэмээх хорт хавдрын хор уршигийн эсрэг байгууллагын зүтгэлтэн болсон байна. Эквалл АНУ руу явж, Техас мужийн Хьюстон хотын Их Сургуулийн ерөнхий эмнэлэгт шилжиж, эрчимтэй эмчлүүлж байсан хэдий ч, эрүүл мэндийнх нь байдал улам бүр дордсоор 2011 оны 12-р сарын 17-ны пүрэв гарагийн өдөр эцэг эх, нөхрийнхөө гар дээр өөд болсон юм. Түүнийг нас барсны дараа олон мянган Венесуэлчууд эмгэнэн гашуудсан билээ. Түүнчлэн нэр нөлөө бүхий олон жүжигчид, улс төрчид эмгэнэл илэрхийлсэн байна.
 

“Туйлын харамсалтай хэдий ч, Ева Эквалл өвчнийхөө эсрэг тэмцэхдээ ер бусын амгалан тайван, мөн зоримог байсан нь Венесуэлийн олон мянган эмэгтэйчүүдийн ирээдүйн амьдралд урам зориг өгөх болно“ гэж хэдэн зуун нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүс дуу нэгтэй хэлж байлаа. Түүний тэрхүү намтар ном нь Венесуэлийн эмэгтэйчүүдийн дунд хөнөөлт өвчний талаар илүү гүнзгий ойлгож мэдэхэд томоохон хувь нэмэр болсон гэж өндрөөр үнэлэгддэг ажээ. “Миний зурагнууд олон хүнийг цочирдуулсан. Яагаад гэвэл урьд нь намайг хэн ч халзан, бас будаг шунхгүй ийм байдалтай байхыг минь хараагүй“ гэж Эквалл зурагт намтар номондоо дурьдсан байдаг. Тэрхүү номоо гоо сайхны хагалгаа хийлгэх явдал түгээмэл болсон өнөөгийн цаг үед ард олныг ихэд цочирдуулна гэдгийг бүсгүй мэдэж байсан. Тэр хиймэл үс зүүж, нүүрээ мэдэгдэхээргүй буддаг байсан болохоор телевизийн олон мянган үзэгчид тийм аймшигт өвчнөөр өвчилсөнийг нь төсөөлөх ч үгүй байлаа. 2011 оны 2 сард “The Guardian“ сонинд өгсөн ярилцлагадаа Эквалл “Өөрийгөө толинд харахад сэтгэл зүрх минь үнэхээр шимширдэг байсан. Нүүр чинь хавдаж, биеийн чинь бүх үс унаж, тэр тусмаа хөмсөг, сормуусгүй болох шиг муухай зүйл үгүй юм билээ. Өөрийн эрхгүй зэрлэг адгуус шиг эсвэл өөрийгөө танихааргүй тийм аймшигтай зэвүүцэм болохыг ямар ч хүн тэсэхгүй дээ. Үнэхээр айдас хүрмээр байсан. Ялангуяа миний хувьд ямагт цэвэр цэмцгэр, аятай сайхан харагдах ёстой учраас ажлын тал дээр туйлын хүнд бэрх байсан“ гэжээ.

 
“Охинтой байхын аз жаргал, баяр баясгаланг охин минь мэдэхгүй дэндүү жаахан байсан ч, зөвхөн тэр л намайг олон хоногийн туршид амьд сэрүүн байлгаж чадсан юм шүү“ гэж номондоо тодотгосон байдаг. Христийн биш Буддын шашинд сүсэглэдэг анхны сайхан бүсгүй-Венесуэлийн Мисс, гоо үзэсгэлэнт Ева Эквалл ийнхүү тэнгэрт халин одсон юм. Дараа насандаа эрүүл саруул, урт удаан амьдраарай Ева!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.