Анх удаа Монголоос эмэгтэй дэлхийн аварга төрлөө
Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Бразилийн Рио-де-Жанейро хотноо явагдаж байгаа билээ. Манай Улсын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргатай болж тэмцээнийхээ салхийг гайхамшигтай хагаллаа.

Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд медальтнууд тодорсон бөгөөд 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аваргалж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж, мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө барилдаж дийлдсэнээр тавдугаарт байрт шалгарлаа.

Ийнхүү Монголын жүдочид тэмцээний эхний өдөр алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр дэлхийн 123 орны манлайд бичигдэж байна. Манай баг тамирчдын араас Японы баг тамирчид удаалсаар явна.








