Францчууд болон хоолны соёл

 

 

Франц хоол дэлхийд алдартай. Францчууд хоол хийхийг урлаг хэмээн ойлгосон ард түмэн. Тиймээс ч  2010 онд Францын хоол хийх урлагийг ЮНЕСКО соёлын биет бус өв хэмээн бүртгэж авсан юм.

Суурьшмал амьдралтай, үе залгамжилсан хааны угсаатай, ардчилсан хувьсгалын өлгий нутгийн ард түмний хоол ундны соёл нүүдэлчин амьдралтай, эрс тэс уур амьсгалтай биднийхээс өөр байх нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ гол асуудал энэ зөрөөнд байгаа юм биш.

 Бид “амьдрахын тулд хоол иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу?” гэсэн асуулт маргааны эх үүсвэр болсоор ирсэн билээ. Энэ асуудалд бодитоор хариулах, үлгэр жишээ болох тийм нэгэн эгэл ард түмэн бол Францчууд юм. Хөгжсөн орон бүрт хоолыг соёлын нэг ухагдахууны хэмжээнд авч үздэг үү гэвэл бас тийм биш бололтой.

Хоолны тухай ойлголт хамгийн энгийн зүйлээс эхэлнэ. Францчуудын хувьд хоол иднэ гэдэг нь гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цуглан сууцгааж өнгөрсөн амьдрал, ирээдүйд болох үйл явдлын тухай халуун дотно яриа өрнүүлэн тааваараа байна гэсэн үг. Тэд ингэж хоол идэхдээ 1-2 цагийг элбэг зарцуулна.

Аяга таваг, халбага сэрээ, хутга, тогоо шанага, ширээний бүтээлэг, ам арчих алчуур, цаас, гал тогоо, хоол идэх өрөө, хоолонд тохирсон дарс, амттан гээд иж бүрдэлээр нь хоол гэдгийг ойлгоно. Ямар ч айлд очсон хоол хийх хэрэгсэл, аяга таваг, хоолны төрөлдөө онцгой анхаарах бөгөөд нэг нэгэндээ хоолны жор хэлж өгч, сонссон нэг нь туршиж үзэж, ямар санагдсан тухайгаа заавал хэлнэ.

Хоолыг зоогийн газар, гэртээ, зочныд гэх мэтээр идэх ямар ч тохиолдолд бүх хүн хоол идэх нэг л дэг жаяг, хүндэтгэлийг үзүүлнэ.

Хоол идэхэд ихэвчлэн виски, архи гэх мэт хатуу төрлийн ундааг санал болгоно. Хүн 50-100 грамм уухад хоол идэх дуршлыг төрүүлнэ гэж үздэг. Энэ үед самар, чипс зэрэг даруулга хэрэглэн ойр зуурын зүйл ярилцаж байгаад хоолны ширээнд сууцгаана.

Хоолны ширээнд суусны дараа айлын эзэгтэйн бэлтгэсэн хөнгөн зуушнаас өөрсдөө авч иднэ. Дараа нь ээлж дараалан нэг, хоёрдугаар хоол ирэх бөгөөд хүн бүр өөрийн аяганд хүссэн хэмжээгээр аягалан авна. Энэ үед тухайн өдрийн гол сэдвийг хөндөн ярилцах ба хүмүүс анхааралтай сонсож байгаад саналаа эвтэйхэн хэлдэг. Хоолны дараа амттанг санал болгоно. Амттанд зайрмаг, хайлуулсан шоколад, жимс, бялууны төрлүүд, бяслаг, чихэр гэх зэрэг чихэрлэг зүйл багтана. Дараа нь кофе, цайны аль нэгийг санал болгоно. Хоол идэх явцдаа махны төрөлдөө тааруулан үхрийн болон хонины махтай бол улаан, ягаан дарс, далайн гаралтай хоол идэж буй бол цагаан дарсыг голлон хэрэглэдэг.

Хоолоо тайван, чин сэтгэлээсээ ярилцан идэхэд миний түрүүний хэлсэн 1-2 цаг дороо өнгөрнө.

Ийнхүү хоол идэнгээ хүнийг сонсож сурахаас гадна үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурдаг байна. Өөрөө ярихаас гадна бусдыг сонсоно гэдэг нь тэвчээртэй болгож буй юм.

Өдөр тутмын хоол идэх соёлд бие биенээ хүлцэн тэвчих, сонсож сурах, өөрийгөө илэрхийлэх гэх мэт хүмүүжлийн асар өргөн ойлголт багтаж байгаа юм. Энэ соёл зөвхөн дээдсийн хүрээнд бус жирийн ард түмний дунд, өдөр тутмын амьдралд нь хэрэгждэг тул Францчууд “амьдрахын тулд иддэг” гэж хэлж болохоор байгаа нь харагдаж байна.

Хоолны төрөл зүйлийн хувьд тоолж баршгүй. Зөвхөн бяслаг гэхэд л 350 гаруй нэр төрөл байдаг гэхээр гайхалтай байгаа биз.

Тэд дайн үзэж хэцүү бэрх амьдралыг туулсан тул илүүдэл хоол хийж, хаяна гэдэг ойлголт бараг үгүй. Тавгандаа идэх хэмжээний хоол аягалж аваад, идсэний дараа тавгаа талхаар арчиж цэвэрлээд иднэ.

Хоолыг 10-30 хоногоор нөөцлөнө. Ямар ч айлд очсон хэд хэдэн хөлдөөгч, дарсны агуулах их бага хэмжээгээр байна. Хоолоо 7 хоногт нэг удаа худалдан авах хэдий ч, өглөө бүр шинэ талх, боовыг цайндаа хэрэглэхийг эрхэмлэнэ. Том том хүнсний худалдааны төвөөс гадна, талхны, махны, цагаан идээний, амттаны дэлгүүр, лангуу гэж хаа сайгүй байна.

Францчууд ийнхүү зөв хооллон, хоол хийхдээ ач холбогдол өгдөг тул илүүдэл жинтэй хүн ховорхон. Бүгд биендээ таарсан мах шөлтэй, биеээ зөв авч явна, архи согтууруулах ундааны хэмжээг тааруулж хэрэглэх тул эрүүл зөв сэтгэдэг мэт санагддаг юм.

Өдөр тутмын хоолны соёл тухайн ард түмний ахуйн болон оюуны соёлыг харуулдагийн тод томруун жишээ энэ бөлгөө.

Б. Алтангүл

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.