Дөрвөн настнууд

Дөрвөн нас бол хүүхдийн хамгийн ярвигтай нас юм. Дөрвөн настануудын зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид “Уяанаас алдуурсан нас” гэж нэрлэсэн нь жирийн хэрэг биш ээ.
Хайр булаам, энхрий дөлгөөн гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй, сахилгагүй болоход эцэг эхчүүд гайхах нь мэдээж. Хүүхдээ хүмүүжүүлэх үйл явцад ямар нэгэн алдаа байна уу гэж бид өөрсдөө эргэлзэхэд ч хүрнэ. Гэвч энэ нь дөрвөн настануудын сэтгэл зүйтэй холбоотой юм. Дөрвөн настанууд хамтарч тоглох дуртай. Тэдэнд найз нөхөд 3 настуудынхаас илүү хэрэгтэй боловч нь хоорондын харилцаа нэлээд ээдрээтэй болж ирдэг.
Дөрвөн настануудын харилцааны гол хэлбэр нь өөрийгөө магтах, бие биедээ гайхуулдаг зан юм. Юм л бол “би мэднэ”, “би чадна”, “би хийе” гэнэ.
Тэд шулуун шударга, эрс хурц зантай байдаг учраас нилээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хмүүсийн санаа бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Өөрсдийнхөө санасан бодсоноор зүтгэх нь олонтаа. Маргахдаа амархан, сэтгэлийн их хөдөлгөөнтэй эсвэл ичимхий, дуугүй номхон байдал гаргана. “Тэнэг юм уу”, “Ховдог гахай” гэх зэрэг бүдүүлэг үгийг амархан тогтоож, ямагт хэрэглэх дуртай байдаг. Тэд харсан юм болгоноо минийх гэж өмчлөх дуртай.
Энэ нь эцэг эхчүүдийг хүнд байдалд оруулах нь цөөнгүй. Дөрвөн настнууд бусдын тоглоомоор тоглож байгаад аваад явчихна. Ийм үед эцэг эх нь тайван байж бусдын юмыг авч болохгүй гэдгийг нь сайн тайлбарлаж ойлгуулах ёстой.
Энэ насанд хүүхэд их хөдөлгөөнтэй байдаг. Бүх л өдөржин гүйж харайж, тоглож наадна. Ярих хүсэл нь ч хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт нэмэгддэг. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина. Энэ үед нь эцэг эх хүүхдийнхээ хэл ярианы зөв хөгжилтөнд анхаарах хэрэгтэй юм.
Та дөрвөн настай хүүхэдтэй бол буруу хэрэг хийлээ гэж шийтгэхээсээ өмнө санаа бодлыг нь өөр зүйлд хандуулбал илүү үр дүнтэй шүү.
Хайртай бяцхан үрс тань жаргалтай байг!







