Ирээдүйн төлөө өнөөдөр зовж амьдрах нь зөв үү
Би далай ламыг Монголд ирээд явахдаа Монголчуудад хандан захиж хэлсэн үгийг сонсоод, түүний цаадах мөн чанарыг нь ухаж ойлгох гэж өөрийнхөө бодолтой зөрчилдөн байж олон хоногийг өнгөрүүллээ. Дараа нь энэ тухай найзуудтайгаа удаан гэгч нь ярилцсан.
“Хүн ирээдүйн амьдралын төлөө өнөөдрийнхөө амьдралыг умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр маргааш хоёрын алинд ч амьдарч чаддаггүй. Тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг”
Уншигч та ч гэсэн энэ үгний тухай бодоод өөрийнхөө амьдралтай жишээд нэг үзээрэй.
Бид ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг нь үнэн.
Гэвч өнөөдөр өөрийгөө золиослон байж олсон хэдэн төгрөг, үхэлтэй нүүр тулахад биднийг аварч чадах болов уу?
Өнөөдрийн монголын залуучуудын нэлээд нь харийн оронд гэр бүлээсээ хол “мөнгөний төлөө” хамгийн хүнд хүчир ажлыг хийж байна.
Цаг наргүй, амралтгүй шахам ажиллаж, тухайн үедээ тэсэхийн аргагүй хүнд өвчин тусчихгүй л бол, бусад өвчнийг үл тоон тэсвэрлэж шүд зуун ажилласаар л ...
Ахиухан шиг мөнгө олж байвал, эрүүл мэндийн асуудлыг хоёрт тавьж байна.
Бидэнд өнөөдрийнхөө амьдралыг утга учиртай болгож, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж харийн оронд биш эх орондоо ажиллаж амьдрах боломжууд зөндөө байгаа гэдэгт би итгэдэг. Гэр бүлийн аз жаргал, хамтдаа ам бүлээрээ эрүүл энх байхад оршдог.
Айл гэрийн аав, ээж хэн ч бай, хэн нэгэн нь эзгүй бол тэр айл дундуур эзэнгүй л юм шиг болдог. Ирээдүйн төлөө санаа зовох нь зөв хэрэг. Гэвч ирээдүйн төлөө, өнөөдөр зовж өөрийгөө золиослох нь зөв үү уншигч та эргэцүүлж бодоорой.
Далай багшийн бас нэгэн хэлсэн үг “Зүрх сэтгэлээ хөгжүүлцгээе”...
Энэ нь амьддаа бие биенээ хайрлаж, нэг нэгнийгээ уучилж, аливаад тайван уужуу сайхан сэтгэлээр хандацгаая гэсэн утгатай үг ажээ. Энэ үг надад үнэхээр их таалагдсан. Өнөөдрийн Монголын нийгэм ямар байгаа билээ дээ.
Утаа униар, түгжрэл гээд л гэрээсээ гараад бухимдаж эхэлдэг. Яг ийм үед зүрх сэтгэлээ л хөгжүүлэх хэрэгтэй юм.
Уурлаж уцаарлах биш, хайрлаж өршөөж сурах нь өөрийгөө энэ бухимдлаас аварч байгаа хэрэг. Уурлаж, бухимдсанаас болж алдсан энерги эргэж хэзээ ч нөхөгддөггүйг эрдэмтэд нэгэнт баталжээ.
Хүмүүсээ!
Одоо байгаадаа сэтгэл хангалуун байж, бусдад хайраа түгээж амьдарцгаая.
Амьдраагүй юм шиг үхэхгүйн тулд, өнөөдрөөрөө сайхан жаргалтай амьдарцгаая! Хэн нэгнийг гомдоосон бол та яг одоо түүнээсээ уучлал гуйгаарай...
У. Чулуунчимэг





