Чимээгүй аллага

Монгол улс тусгаар тогтнолоо зарлаад 90-ээд жил, эрх чөлөөт ардчилсан замыг сонгоод нэгэнтээ 20 гаруй жил өнгөрчээ. Бид эрх чөлөөтэй хүмүүс. Амьд явах, хүссэн газраа амьдрах, хүссэн зүйлээ сурах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, хүүхэдтэй болох, хань ижлээ сонгох гээд бидний эдлэх эрх олон бий ч хүн алах, бусдын эрхэнд халдах эрх бидэнд байхгүй. Тэгвэл бидний мэдэх аборт бол аймшигт аллага юм. Залуу хос хөтлөлцөн эмнэлгийн хаалгаар ороод саад тотгороосоо нэгэнт ангижирсан шиг инээлдэн гарч ирэхэд энэ бүхэн хялбар юм шиг санагдавч амьдаараа бие эрхтэнээ тасдуулан тарчилж үхэж буй ургийн хувьд энэ бүхэн дэндүү шударга бус юм. Тэд ч гэсэн амьдрах эрхтэй. Анагаах ухаан нэгэнтээ хэвлийд тогтсон ураг нь хамгийн эмзэг, мэдрэмтгий, хариу үйлдэл бүхий амьд бие гэдгийг тогтоосон байхад тэрхүү нандин оршихуйн амийг таслах нь сүсэг бишрэлийн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч асар том нүгэл хийгээд гэмт хэрэг юм. Монголчууд бид эрт үеэсээ ураг бүрэлдэхийг хүн бүрэлдлээ хэмээн үзэж эхийн хэвлийд байх үеэс нэг нас нэмэн тоолдог эрхэм нандин уламжлалтай. Гэвч 20-р зууны гайхамшигт ба гай таригч хүнд зэвсэг, цөмийн бөмбөг тэргүүтэй ололтуудын нэг аборт гэгчийг 1990 оны ардчилсан хувьсгалаар хүлээн зөвшөөрч эдүгээ 20 жилд нийтдээ 600 мянган үр удмаа өөрсдөө хөнөөжээ. Ийм аймшигт хядлагыг бид түүхийн ямар ч үед, ямар ч дайны цагт амсаж байгаагүй. Энэ бол маш эмгэнэлтэй тоо. БНМАУ хүн амын тоогоо өсгөх хүчтэй бодлого баримталж үр хөндөлтийг хуулиар хатуу хориглодог байжээ. Айл бүхэн алдарт эхтэй болж байсан тэр цаг өдгөө хүртэл байсан бол Монгол улс өнөөдөр даруй 3,3 сая, 2015 он гэхэд 4 сая хүн амтай элэг бүтэн, магадгүй өндөр хөгжсөн омог бардам сууж байх байсан. Эрх чөлөө нь дэндсэн гэдэг АНУ-д хүртэл абортыг хуулийн дагуу эхийн амь насанд аюултай тохиолдолд тусгай  аргаар хамгийн сайн гэсэн эмнэлэгт хийхийг зөвшөөрдөг байна. Дэлхий дахинд абортын тухай хуулийг авч үзвэл абортыг эрс хориглосон лалын шашинт улсууд, зөвхөн эхийн амь насанд аюултай үед зөвшөөрдөг хэдэн улс, ургийн гажилт, хүчиндэлт, нэн ядуу үр хүүхдээ тэжээж чадахгүй гэсэн тохиолдолд зөвшөөрдөг бурангүй улс орнууд, хүн амын илүүдэл, байгалийн баялгийн хязгаарлалт зэргээс болж зөвшөөрсөн арван хэдхэн улс байдаг. Гэтэл уудам их газар, шавхагдашгүй байгалийн баялагтай хэрнээ 2,5-хан сая хүн амтай, хүн амаа өсгөх нэн тэргүүний шаардлагатай Монгол улс шиг үр хөндөлтийг ямарч хязгаарлалтгүй болгосон улс үндэстэн хаа ч үгүй юм. Ухаангүй эсвэл ёс суртахууны доройтолд орсон гэмээр ийм байдлыг буурай хөгжил, харь орны хорт бодлого, төрийн түшээтнүүдийн цамаан байдал, завхайралт, жирэмслэлтээс хамгаалах найдваргүй арга гээд олон шалтаг тайлбараар хаацайлж болох хэдий ч хэзээ энэ бүхэн засарна гэж хэзээ бүрэн шийдэгдэнэ гэж бяцхан ураг эхийнхээ хэвлийгээс тарчлан тасдуулах ёстой гэж. Монгол улсад байгаа хэдэн зуун хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг жил бүр ойролцоогоор 30 мянган чимээгүй аллага хийж байна. Хүүхэд алж мөнгө олдог энэ хувийн эмнэлэгүүдэд төр засаг, татвар, эрүүл мэндийн яам бүр мэргэжлийн хяналтын газар ч олигтой анхаарал тавихгүй хэвээр. Тэгвэл ядахдаа энэ үйлдлийг хийдэг эмч та дотроо бодоод үзээрэй. Эмч хүн алуурчин биш. Өргөсөн тангарагаа бодсон ч, энэ их мэдлэгийг олж авах гэсэн олон жилийн хөдөлмөрөө бодсон ч Монгол хүний эрүүл мэндийг хайрлаж хамгаалах үүрэгт нэгдэх ёстой. Орлогын эх үүсвэр багатай, гэр бүл төлөвлөөгүй, нас залуу байхад хүсээгүй жирэмслэлт гэдэг толгойны өвчин болох нь аргагүй ээ. Хийж сурах зүйл их, нас залуу байхдаа хүүхэд тэврээд гэртээ суухыг хүсэхгүй байж болно. Эсрэгээрээ хангалттай хүүхэд гаргалаа, цаашид тэжээж чадахгүй гээд авахуулах айл олон ч хайр дурлал, шунал тачаалдаа автах үедээ, хангалттай таниагүй байж гэр бүл зохион тоглох үедээ, хүүхдээ тэжээх орлого үгүй байж жирэмснээс хамгаалах энгийн арга хэрэглээгүй үедээ, зугаа цэнгэл хөөж явахдаа хажуугийн дэлгүүр ороод бэлгэвч авахаас залхуурах үедээ та энэ үйлдлийнхээ үр дагаварыг бодоорой. Монголын үрс маш олон болтугай..

Б.Билгүүн

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.