“Хатан сайхан ээж” дуугаа ээждээ зориулан бүтээлгэсэн

 

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Энхболдын Чулуунчимэг гэдэг. Өвөрхангай аймагт төрж өссөн, мөн Дархан-Уул аймагт өсөөд одоогийн байдлаар СУИС-ийн Дуурийн дуулаачийн дөрөвдүгээр ангид суралцаж байна. Багаасаа дуулах сонирхолтой байж байгаад энэ ангид орсон. Ерөнхийдөө хоёрдугаар курсээсээ эхлээд уран бүтээлээ хийж эхэлсэн. Хамгийн анхны уран бүтээл хөгжмийн зохиолч Баасанхүүгийн уран бүтээл “Санаандгүй учирсан дурлал”  нэртэй дуугаараа цомгоо нэрлэсэн. Цомог маань дан гэгээн хайрын сэдэвтэй. 15 дуунаас бүрдсэн. Оны өмнөхөн  МҮОНТВ-ийн “Өдөр өдрийн нар”  киноны дууг дуулсан. Энэ дуу маань эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойтой холбоотойгоор сүлд дуу нь болсон. Хамгийн сүүлд сэтгүүлч Тэгшжаргал, хөгжмийн зохиолч Мөнхжаргалын шүлэг "Эрхэмсэг" нэртэй бардам эмэгтэйн тухай дуундаа клип хийлээ.

- Урлагийн сургуулийн багш нар оюутнуудаа сурч байх хугацаандаа уран бүтээл хийхийг дургүйцдэг. Таныг яаж хүлээж авч байна?

- Эхлээд дургүйцдэг байсан.  Ерөнхийдөө одоо нийтийн дуу дуулахыг  хориглох нь бага болсон.  Бас тухайн багшаас шалтгаална. Миний багш Монгол улсын гавъяат жүжигчин  Найдалмаа. Найдалмаа багшийн маань түрүү үеийн шавь нар Баясгалан, Дэлгэрмаа, Эрдэнэтунгалаг гээд нийтийн дуу дуулахад нь дургүй байдаг байсан. Зарим нь бүр оргоод дуугаа дуулаад явдаг байсан гэдэг. Харин одоо бол  эсрэгээрээ бүр их дэмждэг. Хичээлээ орхигдуулахгүйгээр уран бүтээлээ хийж л байвал болно. Саяхан  би зориглоод шинэ гаргасан цомгоо багшдаа бариад очсон. Багш маань сайхан хүлээж авсан.

- Багадаа ямар охин байв?

- Би айлын том охин, эрэгтэй дүүтэй. Багаасаа  их биеэ даасан хүүхэд байсан. Цэцэрлэгтээ хүртэл дүүгээ дагуулаад л явчихдаг, ээж гудамны үзүүрээс хараад л хоцордог байсан. Ер нь бусад хүн хийгээд байгаа зүйлийг би яагаад чадахгүй гэж гээд юм болгоныг оролддог хүүхэд байсан. Төмрийн хайчаар төмөр хүртэл хайчлаад тосгуур хийдэг, юм их  оёдог. Хөдөөний айл цагаан сар болгоноор шинэ дээл өмсөнө гээд ээж аавд дээл хийхэд хажууд нь суугаад ур хийдэг хүүхэд байсан. Тэр маань  сүүлд их хэрэг болсон. Арван жилд  байхад аав  ээжээс нууцаар тэмцээнд ороход урлагийн хувцас байхгүй гээд өөрөө материал цуглуулаад бас л нууцаар хувцсаа оёдог байсан.

- Нууцаар дуулдаг байсан  гэж ярьлаа?

- Удамд маань урлагийн хүн байхгүй.  Өөртөө  бас тийм их итгэлтэй биш бүрэг  хүүхэд байсан болохоор нууцаар дуулдаг байсан. Сүүлд  аав ээж маань дэмждэг болоод харин одоо  бол байнгын үнэнч зөвлөх маань болсон.

- Өөрийг чинь сонсогчид  Баясгалантай адилхан, түүний дууг дуурайж дуулдаг, хулгайлж дуулдаг гэж  ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

- Багаасаа би  Баясгалангийн дууг сонсож өссөн. Тэгээд ч миний  хүндэлж явдаг дуучдын нэг.  Яагаад Баясгалантай холбоотой яриа гарчихсан гэхээр  хөгжмийн зохиолч  Сэр-Од багш маань  жил гаруйн  өмнө “Түмэндээ өргөх  талархлын цэнгүүн”  тоглолтоо хийсэн. Тэр тоглолтон дээр  Баясгалан " Зөвхөн чамдаа"гаа хүрч ирж  дуулах ёстой байсан.  Харин ирж  амжаагүй.  Тэгээд  багш маань тэр дууг надаар дуулуулсан. Тэр тоглолтноос хойш  ийм яриа гарсан. Баясгалангийн бүх дууг сэргээгээд дуулчихлаа гээд,  мөн  тембер  төстэй болохоор тэр байх.  Тэрнээс өмнө  би "Санаандгүй учирсан дурлал" дуугаа гаргачихсан байсан. Энэ дуу маань хүртэл  Баясгалангийн дуу  юм шиг хүмүүс  хандах болсон. Үүнээс үүдээд буруу ойлголт гарсанд би  жаахан таатай биш байгаа. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна гэж  бодож байгаа.

- Баясгалангийн  фен шоунд орж байснаа  яриач?

- 2004 онд долдугаар ангид байхад  Монгол телевизээр  дуучдын фен шоу гэж  болдог байлаа. Баясгалангийн  фен шоунд орох гэж Дарханаас  оргоод, оргох оргохдоо надад  явах  мөнгө байхгүй учраас  гэртээ  байсан  хоёр  ширхэг гуулин данхыг  авч  тушаагаад явж байсан.  Тэр үед  хүүхэд вагоноор  явахад 500 төгрөг байсан шүү дээ. Одоо бодоход хотод очоод  телевизийн  антенн хаана байдаг  вэ гэж  асуусаар байгаад вокзалаас   Монгол телевиз хүртэл алхсан байгаа юм. Тэгж  анх  тайзан дээр олны өмнө дуулж байсан. 

- Баясгалантай уулзаж  байсан уу?

- Уулзаж байгаагүй ээ. Намайг дуулж эхэлснээс хойш  тайзан дээр олон гараагүй болохоор тааралдах боломж гараагүй.

- Эмэгтэй уран бүтээлчдээс  хүндэлж явдаг дуучин  байна уу?

- Сайхан сайхан дуучид байна.  Түрүү үеийн дуучид, Долгор багш,  дуучин  Эрдэнэцэцэг,  гавъяат  жүжигчин Чулуунчимэг, Энхзул  гавъяат бүгдээрээ  сайхан хүмүүс. Анх намайг  тэр хүмүүсийн дууг дуулдаг байхад ямар хэвээрээ байсан яг тэр л, сайхан  хэвээрээ байна. Хүн болгон тайзан дээр харагддаг шигээ байгаасай гэж би боддог.  Зарим хүмүүс  ийм байдаг юмуу  гэмээр урам  хугармаар байдаг, заримдаа  бүр эсрэгээрээ  ийм сайхан хүн  байсан юмуу гэмээр байдаг.

- Эмэгтэй хүн ямар байх  ёстой гэж  та боддог вэ?

- Нэгдүгээрт, эмэгтэй хүн энэ хорвоо дээр зайлшгүй үр удмаа үлдээх гэж төрдөг байх. Миний мэдэх 40 хүрсэн мөртлөө үр хүүхэдгүй нэг эгч байдаг юм. Тэр эгчийг харахад хүн амьдралдаа заавал үр хүүхдийнхээ зулайг үнэрлэх  ёстой юм шиг.  Мөн эмэгтэй хүн  хорвоогийн хүмүүст эерэг сайхан зүйлийг бэлэглэх гэж  энэ хорвоод төрдөг юм болов уу даа.

- Найз залуутай юу?

- Найз залуу байгаа.

- Ээжийнхээ тухай яриач?

- Ээждээ зориулж би  “Хатан сайхан ээж” гээд дуу захиалж хийлгэж байсан. Ээж маань миний бүх зүйл дээр баруун гар болдог.  Жишээ нь сүүлд гарсан  “Эрхэмсэг” дуун дээр маань монгол дээл яаралтай хэрэг болоход  хамт  суугаад л хийчихэж байгаа юм.  Бараг л миний менежер болчихсон. Ээждээ  маш их хайртай.  Аав маань хүртэл байнга л ямар тоглолтонд дуулах гэж байна,  ямар хувцас  өмсөх гэж байна, ямар дуу дуулах гэж байна гэж  асуудаг. Тэгээд  энийгээ өмсөөд тэр дуугаа дуулвал зүгээр юм биш үү, нүдээ  яагаад ийм ширүүн будчихсан юм гээд л зөвлөдөг. Аав ээж хоёр маань миний хамгийн дотны зөвлөх.

- Харин та өөрөө хэзээ  ээж болохоор төлөвлөж байна?

- Бодсон юм байгаа. Гэхдээ одоогийн байдлаар арай болоогүй байгаа. Мэдээж хэзээ нэгэн цагт ээж болно. Гэхдээ бас оройтохгүй, урлагийн хүн гээд уран бүтээлээ урд нь тавиад  өөрийгөө мартчихдаг.

- Нийтийн дуучид одоо бүгд л нэгэн хэвийн болоод идэвхи нь суларчихсан.  Зарим нь уран бүтээл хийгээд байгаа мөртлөө танигдахгүй явсаар дуусдаг. Ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөж байгаа юу?

- Нэг үе нийтийн дуу маш хүчтэй байсан.  Тэр үеийн  дуучид бүгд идэвхи нь  суларчихсан. Магадгүй  амьдрал зохиогоод ирэхээр уран бүтээлдээ зарцуулах зав нь  хоёр хуваагдаад ирж байгаа байх. Чанартай  чанаргүй уран бүтээл их гарж, мэргэжлийн бус уран бүтээлчид ч  их болсон байна. Уран бүтээлч өөрөө  мартагдахаас нь өмнө  байнга сэргээлт хийхгүй бол  мартагдах зүйл байдаг. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд мэдээ орсон цагаасаа  дуучин болохыг мөрөөддөг байсан. Сайхан уран бүтээл хийх гэж их зүйлийг төлөвлөж байгаа.

- Мэргэжлээсээ ямар  кайф  авдаг вэ?

- Дуртай зүйлээ  өөрөөр хэлбэл хоббигоо мэргэжлээ болгочихсон болохоор өдөр тутам  өөрийн дуртай зүйлээ хийгээд, түүнийгээ ард түмэндээ хүртээж байна гэдэг  хамгийн сайхан зүйл юм даа.

- Танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.