Юнгэн хатан

 

Ойрад Монголоос Түмэд түмэнд ураглан очсон Юнгэн нь говийн өмнөх монгол аймаг болох Түмэдийн захирагч Алтан хан /1507-1562/-ы хатан юм.

  XVI зууны дунд үеэр Алтан хан нь Хятадын Мин улстай найрсаг харилцаа тогтоож тариалан, гар үйлдвэрийн бүтээгдэхүүн авч байхын тулд шаргуу тэмцэж, Бээжин руу  удаа дараа довтлон худалдаа арилжаа хийхийг тулган, гэрээ хэлцэлийг олон удаа байгуулж  байсан Монголын хүчирхэг удирдагчдын нэг байв.  Тэрээр Хөх хотыг үндэслэн  байгуулж,  өмнөт Монголд шарын шашныг анх түрүү дэлгэрүүлсэн.

Энэ үед нийт Монголын хаан ширээнд  Дарайсун Гүдэн хаан /1548-1557/, Түмэн засагт хаан /1558-1593/ нар  заларч байв. Түмэн хан Монголын хаадтай хамтран  Хятадын эрх баригчдын эсрэг өөрсдийн бодлогоо тулган хүлээлгэж явсан нэгэн.

   Монголын баруун гap Түмэдийн Алтан ханы Юнгэн хатан /1550-1612/ бол ухаалаг, үзэсгэлэн гоо, авъяас билэгтэй бүсгүй байлаа. Залуу бүсгүй Юнгэн хадамд гарах үед Алтан хан нэгэнт нас өндөр болсон байсан тул, түүний хатан Юнгэн төрийн хэрэгт шамдан оролцож найдвартай түшиг тулгуур, зөвлөгч нь болж байлаа. Юнгэн хатан өнгө зүс гоо үзэсгэлэн, хурц сэргэлэн ухаантай хүн байв. Тэр жилд нэг удаа явагдах Монгол, Хятадын харилцан алба барих ба арилжаа худалдаа хийх ажлыг өөрийн биеэр эрхлэн явуулдаг байсан учраас говийн өмнөх Монгол аймгийн дунд ихээхэн нэр хүндтэй болсон ажээ. Юнгэн хатан үргэлж нэхий дээл, булган малгай өмсөж, морь унаж саадаг агсан, хил хязгаар орноор байцааж явах ба Монгол Хятадын найрамдлын хэлэлцээрт тогтоосон зүйлс хэрхэн явагдаж байгааг хянан, ингэснээрээ хязгаар нутаг амар тайван, ард иргэд амар жимэр аж төрөн, аюул зовлонд унахгүй болно гэж үзэж байжээ.

   1581 оны 12 дугаар сарын 19-нд Алтан хан 75 насан дээрээ өвчнөөр нас баржээ. Түүний орыг ахмад хөвгүүн Дүүрэн Сэнгэ хунтайж /Алтан ханы өөр хатнаас төрсөн хөвгүүн/ залгамжилсан. Дүүрэн Сэнгэ хунтайж Юнгэн хатныг өөрийн хатнаа болооч гэж гуйсанд хатан сая гуч гарч явсан бөгөөд бусдын дураар явах дорой эмэгтэй биш байсан учир нас ахисан  Дүүрэн Сэнгэ хунтайжтай суух дургүй  байсан тул олон харъяат аймгаа авч одоогийн Хөх хотоос зайлж явсан ажээ.

  Дүүрэн Сэнгэ хунтайж Юнгэнг хатнаа болгон авах гэсэн нь ч учиртай юм. Тэр хэдийгээр Алтан  ханы суурийг  залгамжилсан боловч, Юнгэн хатны дэмжлэг тусламжийг олохгүй бол, аймаг угсааны дотоодод их зөрчил тэмцэл гарах бололцоотой гэдгийг мэдэж байлаа.

Тэр үед Мин улсаас ноёд түшмэд томилон ирүүлж Юнгэн хатныг ятган сануулж, Монгол Хятадын харилцааг бодолхийлж хунтайжийн хатан болбол, Мин улс сая түүний байр суурийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байжээ. Ухаалаг сэргэлэн Юнгэн энэ нөхцөл байдлыг тунгаан бодож Дүүрэн Сэнгэ хунтайжийн хатан болжээ.

1587 онд Дүүрэн Сэнгэ хунтайж 65 насандаа нас барсны дараа, дотоодын хямралдаан үүсч, хагацал задрал үүсэх болсонд Юнгэн хатан Дүүрэн Сэнгэ хунтайжийн орыг залгамжилсан Амудай Сэцэн хунтайжийг хавсарч, төрийн явдлыг шийдвэрлэж байсан бөгөөд Монгол, Хятад эв найрамдалтай оршин суухад таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө зүтгэн чармайж явав.

Мин улсаас Юнгэн хатны нөхөрсөг сэтгэлгээг хариулахын тулд түүнийг «Үнэнч шударга хатан»-аар өргөмжилсөн байдаг. Юнгэн хатан 1612 онд жаран гуравтайдаа нас баржээ. Монголд ч, Хятад оронд ч түүнийг дурсан мөрөөдөж маш олон бичгийн мэргэд түүнийг шүлэглэн магтаад, уран зураачид түүний хөрөг зургийг зурж бүтээсэн байдаг. Түүний алдар гавъяаг дурсахын төлөө түүхэнд түүний амьдарч байсан Хөх хотыг нэгэн үе «Юнгэн хатны хот» гэж дуудаж байжээ.  Үзэсгэлэнт Юнгэн хатанд зориулан зохиосон дуу Говийн өмнөх аймгууд болон Дарьгангын нутагт ихэд дэлгэрсэн байдаг бөгөөд манай өндөр настан эмэгтэйчүүд ч өдгөөг хүртэл дуулсаар байна.

Юнгэн хатан Монгол оронд шарын шашин дэлгэрүүлэхэд ч мөн хүчин зүтгэсэн амуй. Алтан хан шарын шашныг Түвдээс оруулан авчрахад Юнгэн хатан ихэд дэмжин тусалсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Шарын шашин Монгол оронд дэлгэрсний дараа тэр бас олон чухал ажил хийжээ. Тухайлбал, 1586 онд Далай лам Юнгэн хатанд зарлиг буулгаж «Балбын оронд/одоогийн Непал/ алтан титэм хийлгэж, дээд зуу Шигэмүни /Шагжамүни/ бурханд өмсгөөд.........хутаг оршуулсан» гэсэн мэдээ Монголын судар бичгүүдэд байдаг.

Юнгэн хатан Амудай Сэцэн хан, Бодашир хунтайж нартай хамтран, ширээт гүүш цорж Аюуш, Ананда Манчир болон баруун гурван тумний хэлмэрч мэргэдийг зохион байгуулж 1602-1607 он хүртэл зургаан жилийн хугацаанд «Ганжуур»-ыг монгол хэлнээ орчуулуулжээ. Үүнээс үзэхэд Юнгэн хатан басхүү Монголын соёлын хөгжилтөнд гавъяа зүтгэл гаргасан бүсгүй билээ.

Ж. Урангуа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.