Болзохдоо болхи эр

“Харри поттер” киногоороо бидний танил болсон Даниэл Радклиф. Саваа барьсан, дугуй шилтэй бяцхан хүү байхаасаа нэр алдар нь дэлхийд танигдсан түүний сүүлийн шинэ уран бүтээл хувийн амьдралын талаархи ярилцлагыг хүргэж байна.
-Ингэхэд Дан хэзээнээс жүжигчин болохоор шийдэв. Эсвэл аравтайгаасаа эхэлсэн амжилт энэ л замаар явахад хүргэв үү?
-Хүсэл дуудсан гэвэл тохирох байх. Таван настай л байлуу өглөөний цайн дээр “Би жүжигчин болмоор байна” гэж аав ээждээ палхийтэл хэлсэн. Аав маань цайндаа хахаж, ээж минь шарж байсан өндгөө түлж орхисон. Тэгээд энэ хорвоо дээр өөр хийж болох ямар сайхан ажил байдаг талаар ярьж гарсандаа. Тэд маань залуудаа жүжигчин болохыг хүсдэг байсан нь бүтэлгүйтсэн болохоор ганц хүүгээ ийнхүү хориглосон байх. Таван настай хүү тухайн үедээ толгой дохиож суусан ч, дотроо “Хм, болохдоо л болно” гээд додигор гэгч нь сүүгээ ууж байлаа.

-Хогвардын шилдэг сурагч гэсэн шиг л хүүхэд насаа тодорхой санаж байх чинь. Арай дурсамж сэргээдэг тусгай шингэн уучихсан юм биш биз дээ?
-Уусан шүү. Учир нь намайг анх Харрид тоглохоор тэнцэхэд ч тэд маань дургүйцсэн. Тиймээс шалгаруулалтад орсоноо ч тэднээс нуусан. Зураг авалт Англид биш Лос анжелост болно гэдгийг дуулаад гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан. Харин найруулагч маань намайг “Тийм амархан алдахыг хүсээгүй, энэ хүүхэд л бидний хайж байгаа Харри Поттер мөн” гэсэн итгэлтэй байсан учраас гэрээний нөхцлийг зөөлрүүлж, эхний хоёр ангийн зургийг Англид авахаар спонсоруудаа ятгасан гэдэг.
-Том найруулагчийн нүдэнд өртсөн өөрийгөө бусдаас “өөр” хэмээн тоодог байв уу?
-Бусдаас ялгаатай гэдгээ мэдэрсэн маань алдартай шидтэн болохоос өмнөх явдал л даа. Аливааг ангийнхаа хөвгүүдээс өөрөөр харж ойлгодгоо мэдрэх үед би зургаатай л байсан болов уу. Ийм хачин болж төрсний минь цаана ямар нэг онцгой шалтгаан байж таарна гэж би итгэдэг байсан.
-Хачин гэнээ, Харригийн амнаас сонссон хачин тодорхойлолт байна. Одоо ч гэсэн өөрийгөө хачин гэж боддог уу?
-“Хачин” дотоод ертөнцийнхөө хамаг учрыг тайлбарлана гэвэл тэр өөрөө харин хачин зүйл болно. Хүүхэд байхдаа өөрийгөө дэлхий рүү илгээсэн харийн хүн мэт сэтгэх, биологийн хувьд ч, сэтгэл зүйн тал дээр ч бусдаас “өөр” бүтэцтэй мэт байх үе байсан. Бяцхан жаалын хөөрхөн уран сэтгэмж гэх үү дээ. Одоо бол сэтгэл доторхоо шүлгээр илэрхийлэхийг оролддог болсон. /тэрбээр хэд хэдэн сонин хэвлэлд нууц нэрээр шүлэг, богино өгүүллэг хэвлүүлж байсан юм/

-Харри Поттерт тоглоогүй бол Дан өнөөдөр хэн байх байсан бэ? Шөнийн шүлэгч үү?
-Нүдний шилтэй хүүгийн дүрд тоглосон нь миний жижиг ертөнцийг хамаагүй тэлсэн. Мэдээж хэдхэн хүнтэй харьцдаг, зарим талаараа хаалттай ч гэмээр, тэгээд бас хөвгүүдийн хувийн сургуульд сурдаг 11 настай хүү гэнэтхэн л янз бүрийн мэргэжилтэй өөр өөр сонирхол, арьс өнгө, үзэл бодолтой хэдэн зуун хүний кино группт ажиллана гэдэг амьдралыг илүү өргөн цар хүрээ, илүү тод өнгөөр хардаг том нүдний шил болсон юм. Ингэхэд хэн шөнийн шүлэгч гээд хэлчихэв ээ.
-Чи өөрөө хэлсэн шүү дээ.
-/инээв/ Одоо бол харанхуйн хуульч болсон шүү дээ. Зохиолч Susan Hill-н The woman in Black буюу Харанхуйд хоригдсон бүсгүй кинонд хуульч залуугийн дүрийг бүтээж буй. Энэ нь 2012 оны хамгийн эрэлттэй кинонд багтаж байгаа .

-“Харанхуйд хоригдсон бүсгүй”-н талаар асуумаар байна. Яагаад аймшгийн кино гэж?
-Учир нь “Хогвардсын жаалууд өөр тайзанд гологдоно” гэсэн яриа намайг хурцалж байдаг. Яагаад чадахгүй гэж. Поттерийн зарим хэсэгт би тааруухан тоглосон байг, жүжиглэх ур чадвар дутсан байг, яахав дээ. Би залуу жүжигчдийн алдаа гаргах эрхтэй насан дээрээ явж байна гэж боддог. Энэ сүүлийн дүр урьдны мэддэг Дан-аас огт өөр хүнийг харуулахсан. Насанд хүрсэн, өөртөө итгэлтэй, хүчтэй бас тачаангуй Даныг.
-“Залуу минь чи үнэхээр догь байна шүү” гэж өөрийгөө үнэлэх хүртлээ ингээд л олон янзын дүрд хүчээ үзээд байх уу?
-“Залуу минь чи үнэхээр сайн бүтээлд сайн хүмүүстэй хамт ажиллаж байна шүү” гэж бодогдож байгаа үед кино урлагаас урвахгүй. Нэр хүндээс илүү хийж байгаа ажлаасаа таашаал авна гэдэг чухал. Хүүхэд насандаа олж авсан алдар хүндээ өөр ямар ч бүтээлд тоглоод хүртэхгүй гэдгээ мэддэг. Аан ас өөр хэн ч хүртэхгүй байх. Үнэн шүү дээ. Үлээсэн шаар шиг өндөрт хөөрөх миний нэр хүнд удалгүй хагаран унах байх. Гэхдээ би үүнийг л зөвшөөрсөн. Удаан үргэлжилбэл сайн л биз.
-Дан хэр романтик вэ
-Романтик. Ээж минь намайг бага байхад үлгэрийн баатруудтай ид шидийн тухай өгүүлсэн ном их уншиж өгдөг байлаа. Ийм ер бусын түүх сонсож өссөн болохоор ч тэрүү хөлөг баатрууд, галаар тургидаг луу, гайхамшигт орд харштай домгийн ертөнцөд амьдарахыг хүсдэг бяцхан хүү одоо ч миний дотор оршдог. /инээв/
-Тэгвэл үлгэрийн баатрууд үзэсгэлэнт гүнжтэй гэрлэдэг. Өөрийн гүнжийг олсон уу?
-Азаар олсон. Би түүнтэй учрахаас өмнө гэр бүл болохыг харилцан эв найртай аж төрөх гэрээнд гарын үсэг зурахтай адилтган ойлгодог байлаа. Харин одоо “Шүтээний өмнө түүнийхээ гарыг атгаж зогсоод түүндээ хэр их хайртай болохоо гэр бүл найз нөхдийнхөө өмнө батлан, үүрд хамт байх тангараг өргөхөөс буцахааргүй юм байна” гэдгээ ойлгосон.
-Тэр бүсгүй чинь хэн бэ?
-Түүнтэйгээ Поттерийн сүүлийн ангид тоглож байхдаа учирсан. Рози бид хоёр учраад жил гаруй болж байна. Түүнд эргэлзээгүй хайртай. Түүнтэй хамт өнгөрүүлэх өдөр бүр гайхалтай. Байж болох хэмжээнээс ч илүү аз жаргалтай болгодог хүн хажууд байна гэдэг гайхалтай биш гэж үү. Би дурлаад байхаар хүн биш. Миний хажууд байх төвөгтэй байдгийг би мэднэ. Би заримдаа үлгэр жишээ найз залуу байдаг бол зарим үед үлгэрлэн жигшмээр болчихдог. Би зогсолтгүй ярьдаг. Юманд амархан автдаг гээд олон муу тал надад бий. Гэвч тэр энэ бүх асуудлыг минь өхөөрдөм гэж хүлээж авдаг гээч. Үүнийг л хайр гэдэг байх.

-Чи урьд нь найз охидтой л байсан шүү дээ. Тэр үед хайрлаж байгаагүй хэрэг үү?
-Тэр үед дандаа ажлын холбоотой байсан. Ажлаас болж их ч цагийг хамт өнгөрүүлдэг байсан. Тиймээс хэзээ ч албан ёсны болзоонд явж байгаагүй юм шүү.
-Үгүй байлгүй дээ
-Яахав дээ, би болзохдоо болхи эр л байхгүй юу. Жишээ нь болзооны үеэр юу зохимжтой, ядаж л хэзээ үнсвэл тохиромжтойг мэддэггүй юм. Розиг хоёр дахь удаагаа болзоонд урьчихаад төгсгөлд нь үнсэх гэж оролддог юм байнаа. Толгойгоо гилжийлгээд түүн рүү ялимгүй дөхтөл, ээ бурхан минь тэр миний өөдөөс тормолзтол харж байх нь тэр. Тэгэхээр нөгөө үнсэх гэсэн зориг гэнэт хийсээд алга болсон. Тэгээд хүзээн дээр нь үнэрлэхчээ аядсан. Ийм бүтэлгүй эр байх уу даа.
-Гучин настай Дан юу хийж амжуулсан байх бол?
-Гучин нас... хол бас ойр сонсогдож байна. Тэр үед кино найруулагч болохыг. Ядаж л богино хэмжээний кино бүтээсэн байна.





