Уяхан хөөмийн эгшиг

            Эмэгтэйчүүд сайтын бүх уншигчдаа болон тэргүүн индэрийн гэгээлэг бүсгүйчүүддээ гарч буй “баясгалан” хэмээх усан луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

             Сар шинийн баяраар бүсгүйчүүд бүгдээрээ л завгүй ажлаа ч хийнэ, амьдралаа ч зохицуулна. Ер нь монгол бүсгүйчүүл эрт үеэс л хатан ухаанаараа хааныг ч уярааж , харцыг ч өмгөөлж ирсэн төдийгүй, сүргийн захад исгэрч, уртын дуугаа шуранхайлж, ховоо татан хэдэн суурь мал услаж, эмнэг сургаж тэр ч бүр хэл эрчүүдтэй эр бяраа үзэн барилдаж ч байсан түүхтэй.

 

            Тэгвэл харин эр хүнээс дутахааргүй дуу хууртай явж ирсний нэгэн илрэл нь ХӨӨМЭЙ хэмээх гайхамшигт ая эгшиг юм. Хүний хоолойноос хөгжим мэт уянгалан гэгэлзүүлэх “хүн хөгжим”-ийг бүсгүй хүн тэр бүр хөөмийлж  байгаагүй, хөөмэйлж болдоггүйн учрыг мэргэд янз янзаар л тайлж иржээ. Харин ардын язгуур урлагийн сонгодог хэлбэрийн нэг хамгийн хэцүү төвөгтэй энэ төрлийг үнэн сэтгэлээсээ сонирхон тэсвэр тэвчээр гарган сурсан нэгэн эмэгтэйн хөөмийлэхийг анх сонсоход л надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм.

 

Энэ бүсгүй бол Ингээд МУСТА, мэргэжлийн анхны эмэгтэй хөөмэйч Гаваагийн Алимаа. Нэгэн үе “Дэлхий минь , хүмүүс минь” хэмээн дуулан олны танил болж байсан дуучин Г.Алимаа уг нь дуу хуурын өлгий гэгддэг Дундговийн Дэлгэрхангайн хүн. Хархирааг эр хүн шиг доод өнгөнд нүргэтэл дуугаргах түүний товч сэтгэгдлийг эмэгтэйчүүд сайтын уншигчиддаа толилуулъя.

 

            Гаваагийн Алимаа: Юуны өмнө ийм сайхан сайт нээж эмэгтэйчүүддээ бэлэглэсэн буянтай хүмүүст талархал илэрхийлье. Би цаашдаа танай сайтын байнгын уншигч байх болно. Харин хөөмэйн тухай ярихын учир нь сар шинийн баярыг би монголын язгуур урлагийн баяр гэж үздэг болохоор тэр.

Одоогоос олон жилийн өмнө би монголын ардын урлагийн цөм болж байсан УАДБЧ-д ажиллаж байв. Тэнд дуучид өдөр бүр дасгал уншдаг, Сундуй “Жаажаа”, Ганболд, Базарваань зэрэг нэртэй хөөмэйчид миний хажууханд сууна. Тэднийг байнга ажиглаж, хөөмэйлэх нь бүр сэтгэлд хоногшсон. Өөрөө хөөмэйлж үзмээр санагдаад ер болдоггүй. Ганцаараа байхдаа бага зэрэг оролдоно.

Тэгээд тэр үед ажиллаж байсан Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав багшдаа хэлсэн чинь “оролдоод үз”гэж урам хайрласан. Ингээд өдгөө хэдэн зуун шавьтай болсон СУИС-ийн хүндэт профессор  Д.Одсүрэн багш дээрээ анх очиход шууд л эмэгтэй хүн авахгүй гэсэн. Очиж гуйсаар байгаад зөвшөөрүүлээд хичээллэж эхэлсэн. Багш хананд зогсоож байгаад гэдсийг минь шахчихдаг. Энэ нь их эвгүй. Ер нь больчихмоор ч үе байсан шүү. Учир нь амьсгааны багтаамжийг нэмэгдүүлэх янз бүрийн дасгалыг гүрийтэл хийдэг. Гучин хоёр цагаан лонх бол наад захынх. Хөөмэйн урлаг дотроо олон төрлөөс бүрддэг. Харин би бүгдийг л сурахыг хичээсэн.

 

Хөөмэй бол үнэхээр байгалийн урлаг, яагаад гэвэл хадан дээр хөөмэйлэхэд салхи татуулаад маш сайхан цуурайтдаг. Энэ үед яагаад ч юм хорвоо дэлхий, тэнгэр газар уул ус надтай хамт байж намайг сонсож буй мэт хүчтэй мэдрэмж төрдөг шүү. Намайг эмэгтэй хүн болохоор багш анх ажиллахад хэцүү байсан байх. Ямар сайндаа би “багш намайг дээрээс дараад, хананд шахаад” гэж хүмүүст  яриад онигоонд орж байхав дээ. Хамгийн доод өнгөөр хархирч сурахад хөдөлмөр их хэрэгтэй. Хархирч байгаад дараа нь шахаа, исгэрээ хийхэд их цэвэр өнгө гардаг. Хийхгүй удахаар суурь өнгө давамгайлаад хэцүү байдаг.

 

Харин эмэгтэй хүн хөөмэйлэхэд биеийн жин нөлөөлөх үү гэсэн миний асуултад тэрээр: “биеийн жин нэг их нөлөөлөөгүй болов уу. Хоолойн цараа чухал. Туранхай мөртлөө час хийсэн хоолойтой, тарган мөртлөө хоолойн багтаамж тааруу ч хүмүүс байдаг шүү дээ. Миний хувьд гэхдээ жоохон масс орсон ч байж магадгүй. Гэхдээ манай багш бидэнд зарчим болгосон нэг л юм байдаг. Тайзан дээр хөөмэйлэхдээ  амаа хөдөлгөх, хөлөөрөө хэмжээ авах, чинэрч гүрийж дуулахад асар дургүй. Нүүр лүү хийлгэхгүй гэдэг нь улайхгүй гэсэн үг.

 

Хөөмийлж сурахад хэл хотгор болж байгаад тэнэгэр уян хатан болдог. Иймээс ч суръя л гэж сурахгүй бол эмэгтэй хүмүүст бас л бэрхтэй. Харин одоо техник технологи хөгжөөд сонсч мэдэх нь илүүтэй болсон ч юмуу эсвэл авьяастнууд элбэг болсон юмуу хөөмэйчид маш олноор төрж байна. Эмэгтэйчүүд ч бас нилээд байна. Гэхдээ дуугарсан болгоныг хөөмэйч гэж болохгүй байх. Зарим нь дутуу ядуу сураад л их бохир дотор муухайрмаар дуугарах явдал бий. Ер нь жинхэнэ хөөмэйчид “төрдөг” гэж би боддог. Миний хань эрдэм төгс лам хүн байдаг. Тийм ч учраас би одоогоор гандангийн банди нарт унзад хоолойн дасгал уншуулж хөөмэй зааж байгаа. Унзад хоолойг сонсоход шашны ариун сүм хийд өөрийн эрхгүй дүрслэгддэг байх.

 

Ингээд сар шинийн баяраар эх орноо, эр нөхрөө, үр хүүхдээ сэтгэлдээ тээж зүрхэндээ хайрлаж явдаг монголынхоо авьяас билигт эмэгтэйчүүддээ сайн сайхны ерөөл өргөж, язгуур урлагийг шимтэн сонсож байгаарай хэмээн хүсч байна.

 

Д. Энхцэцэг

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.