Уртын дууны үнэлэмжийн талаархи эрэгцүүлэл

Уртын дуу үнэхээр байгалийн урлаг гэдгийг “Аз жаргалын аялал-д оролцсон эмэгтэйчүүд нүдээр үзэж, чихээр сонссон гэдэгт би итгэлтэй байна. Учир нь Цэцээ гүний оргил дээр “Уяхан замбативийн наран” уртын дуу цангинах үед оролцогч эмэгтэйчүүдийн  сэтгэл догдлол, нандин мэдрэмжийг би анзаарсан. Энэ бол тэнгэр, нар, агаар салхи, уул хад ургамал ногоо гээд амьд бүхэн цогцолсон байгалийн үзэсгэлэнт газрын энерги, эрчим уртын дуундаа шингэж хүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн бизээ. Иймээс ч “Эмэгтэйчүүд” сайтын хамт олноос зохион байгуулсан энэхүү аялал Монгол орныхоо байгалийн сайхныг таниулаад зогсохгүй, монгол урлагийн гайхамшигт увидасыг хүмүүст мэдрүүлснээрээ бахархалтай.

Энэ аялалаас санаа аван урьдын нэгэн эрэгцүүллээ та бүхэндээ хүргэж байна. Уншиж болгоон хамтдаа эрэгцүүлнэ гэдэгт итгэнэм.

           

             Цэнхэр дэлгэцээр уртын дуу уянгалан байх тэр л агшинд миний  дүүгийн охин ”Эгчээ, энэ уртын дуу үнэхээр залхуутай нойрны эм тиймээ? хэмээн асууснаас үүдэн энэхүү эрэгцүүлэлийг бичих санаа төрж билээ.

Үнэхээр уртын дуу нойрны эм гэж үү? Үүнээс үүдэн уртын дууны үнэлэмжийн талаархи асуудал өөрийн эрхгүй урган гарч байна. Тэгвэл уртын дууны үнэлэмж ард нийтийн дунд нийгэм соёлын уламжлал, шинэчлэлийн хөгжлийн явцад хэрхэн өөрчлөгдөв?         Урт холын уужим их ухаан санааны яруу аялгуу,монгол хүний орон зайн онцгой мэдрэмж, ой ухааны гүн дэлгэр сэтгэлгээтэй уялдаатай уран сайхны тод тусгал болсон уртын дуу нь Монголын үндэсний урлагийн давтагдашгүй сод бүтээл гэдгийг судлаачид эрдэмтэд зүйл бүрээр баталсаар ирсэн. Дэлхийн улс орнуудад ч түүнийг хүлээн зөвшөөрсний нэгэн баталгаа нь 2005 онд уртын дууг Юнескогийн дэлхийн соёлын шилдэг өвд багтаан тунхагласан явдал юм.  Тэгвэл Монголоор овоглосон уртын дуугаа бид өөрсдөө хэрхэн үнэлж дээдэлж, мэдэж, мэдэрч  байна вэ? 

            Манай ард түмэн уртын дуугаа хэлбэрийн хувьд төдийгүй агуулгынх нь хувьд урт настай, утга төгөлдөр, эх нутаг шигээ уудам тэнүүн агаад утгын чанад дахь агуу их гүн ухааныг илтгэсэн гэдэг утгаар үнэлж, эрхэмлэн нандигнаж хадгалсаар ирсэн түүхтэй. Монгол түмний санаа сэтгэл, оюун ухааны дуулал болсон энэ дуугаа уртын дуу гэж нэрлэх болсон нь дууны урт эгшгэлэнгээр нь биш, урт ухаан /гүн ухаан/ гэсэн утгаар ийнхүү нэрлэгджээ. Гурав хоног найрлахдаа нэг дуугаа давтан дуулдаггүй агуу дуучидтай, уртын дууг дуулах найрын нарийн дэг,ёс заншилтай монгол соёлын энэ их өвийг бид өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нь эдүгээ бараг домог мэт сонсогддог болжээ. Монголчууд эр хүнийг, найранд гурван дуутай наадамд гурван даваатай хэмээн дүгнэдэг хэлц үг бий. Энэ нь уламжлалаа бодоход уртын дууны тухай ярьж байгаа нь тодорхой. Ардын хувьсгалын эхэн үе болоод хувьсгалаас өмнөх үед монгол хүн бүхэн уртын дуу дуулах их хүсэлтэй байлаа. Тийм ч учраас нийт олноороо дуулах боломжтой эгшгийн цараа их биш, амьсгал хоолойн цохилго, нарийн ур орсон нугалаа чимэг бага, эгшгийн холын үсрэлт, шуранхайгүй дуу зохион түүнийгээ бэсрэг уртын дуу хэмээн нэрлэж дуулсаар ирсэн. Учир нь бидний ахмад үеийнхэн уртын дуугаа сайн мэддэг, чихэнд нь хоногшсон амьдралд нь ойр байв. Хүн мэддэг юмандаа илүү дурлах нь ч бий.

            -Баянхонгорын Ч.Намжил хэмээх уртын дуучин хүн л гэхэд насаараа морин дэл дээр уртын дуугаа дуулан явахдаа зөвхөн морины сэдэвтэй уртын дуу олныг зохиосон. Адуундаа явж байхад уртын сайхан аялгуу өөрийн эрхгүй сэтгэлд эгшиглэдэг. Дараа нь хүлэг сайхан морьдынхоо тухай үг зохион аялгуундаа тааруулдаг тухайгаа тэрээр хуучилж байсан.

            -Дундговийн Дэрэн сумын уртын дуучин Г.Дадьсүрэн “Уртын дууг саран мэлтийсэн саруулхан шөнө морьтой дуулж явахад ёстой л эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг санагддаг” гэсэн бол мөн энэ нутгийн хуур урлаач Л.Чойдорж: “Урт дуу морин дээр зохицсон учир морьтой дуулахад их нийцдэг. Миний бодлоор цохилго гэдэг нь морины явдал. Шөнө дуу дамжуулах агаар маш цэвэрхэн учир дуу сайхан гардаг” гэж байлаа.  

            -Мөн Дундговийн Эрдэнэдалай сумын уртын дууч Цэндсүрэн: “Миний ээжийн ах Бөгтөрийн Пэлжээ гэдэг хүн Уяхан замбативийг 2-3 километрийн цаанаас хадааж дуулдаг байсан. Гурав хоног найрлахад нэг дуугаа давтаж дуулдаггүй авьяас билиг төгс хүн байв. Ер нь уртын дуугаа дуулаад харуй бүрийд сар хаяалаад явах мөн ч сайхан даа” гэж ярьж байсан гэх мэт  уртын дууны үнэлэмжийн талаархи уламжлалт ойлголтын жишээ асар олныг дурьдаж болно.

Тэр ч бүү хэл ард түмэн дундаас товойн тодорсон уртын дуучдынхаа авьяас билиг, хоолойн цараа, дуулах арга барил гэх мэт нарийвчлан хэлэлцэж, “Төрийн дууч Дармаа дээшээ цойлох шуранхайлах нь мөн ч гоё доо, “Гайхамшигт” Гончиг ч мөн их цараатай, ёстой эр хонгор дуутай, дээрээ цангинаад доод өнгө нь их аргил өтгөн шүү, Түмэн дуучны цангинасан хоолой, их угалзалсан сайхан нугалаа, шигшрээ ч мөн сайхан даа, Намхай дуучин ч их дэгжин сайхан дуучин, дуулж байгаа нь даанч бяд муутай гэхчилэн шагшин магтаж,шүүмжлэн ярилцдаг нь жирийн ардын хэрэг байлаа.

            Мөн  ноёд хаад, төр засгаас ч ардын урлагаа дээдэлж, түүнийг эзэмшсэн авьяастнуудаа хүндлэн залж, хөхүүлэн шагнаж байсны жишээг олныг дурьдаж болно. Луу жил халхын сайн дуучид хүрээнд цугларч дуулцгаасан....ламын гэгээний дуучин Дармаа гайхалтай сайн дуулж цэнхэр жинсээр, Дашдоо гүний Дандар туслагч мөнгөн буйлтай атаар шагнуулсан, хоёулаа төрийн дууч алдар хүртсэн юм гэнэлээ гэсэн ахмадуудын хууч яриа бий. 1957 онд Москвагийн 6-р их наадмаас Н.Норовбанзад айзам уртын дуу “Сэрүүн сайхан хангай”,” Зээргэнэтийн шил” дууг дуулж алтан медаль хүртсэн гээд энэ жагсаалтыг тасралтгүй үргэлжлүүлж болно. Үнэхээр ч тэд уртын дуугаар амлаж, амьсгалж, хүмүүжиж байлаа.  Бүүвэйн дуугаа ч эцэг эх нь мэдэж байсан цаг.

            Уртын дуу нь тухайн дуучин хүний уран бүтээлч санаа сэтгэлгээгээр баяжигдаж дуулагддаг  чөлөөт зохиомжийнхоо хуулийн дагуу дуулсан дуучнаараа овоглож ирсэн уламжлалтай. Тухайлбал:. Цэцэн ханы хоолойн цараа нь “бүдүүнээрээ бүрээ шиг, нарийнаараа лимбэ шиг” дуугардаг даншигийн аварга Майдарын Дашрэнцэнгийн “Дөмөн”, түүний шавь Магсар хурцын Дугаржавын “Хэрлэнгийн баръяа”, Хэнтий аймгийн харъяат Самын Гомбын “Өвгөн шувуу”, хоёр октаваас дээш өргөн цараа гаргадаг  Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат Дорждагвын “Цэвцгэр хурдан шарга”, Говь-Алтай аймгийн харъяат Повронгийн “Дуртмал сайхан” Баянбараатын Төмөрийн “Дөмөн”, Норовбанзадын” Сэрүүн сайхан хангай”, Лхамжавын Дарьгангын “Жаахан шарга” зэрэг хосгүй ховор бүтээл туурвил,  дуулсан дуу нь уртын дуучдаа алдаршуулж байв. Энэ нь манай ард түмний уртын дуучдаа үнэлсэн үнэлэмжийн нэгэн тод  шалгуур байсан хэмээн үзэж болно.

            Монголчуудын буй болгосон өөр нэгэн сайхан уламжлал бол зун намрын улиралд болдог айлын найр хэмээх урлагийн цогцолбор байлаа. Энэ нь найрын тусгай нарийн дэгтэйгээр монгол дуу хуурын урлагаа дээдлэн шүтэх, соёл, ёс суртхууны хүмүүжил олгох, уртын сайхан дуугаа монгол хүний сэтгэл зүрх, яс маханд нь шингээн удамшуулах нэгэн ёсны “хээрийн дадлага”  байсан билээ. Дээр үеийн малчин айлын найр нь сайхан үг хэлж хундага тулгадаггүй, их яриа дэлгэж инээлдэн шуугилдахгүй, хөөрөн дэвэрч бүжиглэн цовхчдоггүй, учир утгагүй цэц булаалдан маргадаггүй ахмад буурлууд, авьяас билигтнүүдээ хүндлэх гэрийн хүмүүжил, соёлын томоохон арга хэмжээ байв. Тэрээр аав ,ээж ахан дүүс айл хотлоороо цугларч цараа ихтэй, төв эрхэмсэг,  утга төгөлдөр, аялгуу сайхан уртын дуугаа сэтгэл зүрхэндээ шингээж сонсоно. Мөн өвлийн хахир хүйтэн, хаврын хар хавсаргаар хөдөө хөхөрч, гадаа гандаж, цагийн хатууг туулсан ядаргаа зүдрээгээ тайлж, сэтгэл санаагаа амраан, оюун ухаанаа ариусган баяжуулж, хүчээ нөхөн сэлбэж, алжаалаа тайлан уртынхаа дууны эрхэм яруу эгшиглэн, дуурьслыг сонсдог дууны урлагийн баяр бол монгол найр байлаа. Энэ нь хүнийг хүн  болгох хүмүүжлийн үйлс байлаа.   Гэвч “Монгол түмний  өнө удаан жилийн уламжлал болсон нүүдлийн соёл иргэншлийн иж бүрэн цогцолбор болох монгол найрыг “нугалаа”-ны үед бүрэн хориглож завхрал болгож ч байсан цаг үе бий. Харин 1932 оны шинэ эргэлтийн бодлогоор цагаан сар, айлын найраа дахин сэргээсэн ч уртын дууг сонсдог уламжлал нь алдагдахад хүрсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед  дахиад л энэ хоёрыг хориглосон. Хожим нь цагаан сар нь сэргэсэн боловч айлын найр нь сэргээгүй “гэж манай нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа харамсан өгүүлсэн байдаг. Чухам үүнээс л  эдүгээгийн гашуун агаад эндүү төсөөллийн эхлэл тавигдсан гэлтэй. Гэхдээ эл үйл явцыг тухайн нийгэм, цаг үетэй нь холбон авч үзэхээс өөр аргагүй Хувьсгалаас өмнөх үед, түүний дараа үед ч одоогийн рок, поп битгий хэл “Учиртай гурван толгой”-г ч сонсоогүй, зөвхөн уртын дуу хуурын эгшгээр л амласан, амьдралын хэм хэмнэл нь нүүдэлчний хэв маягаас гараагүй, суурьшмал амьдралын хэв шинж төлөвшөөгүй байсан цаг үе шүү дээ. Гэвч он цагийн нугачаанд уртын дуунаас гадна урлагийн  бусад олон төрөл шинээр бий болсон . Үзэх сонсох дуу хөгжмийн багтаамж цар хүрээ асар их нэмэгдэж хүмүүс өөр өөрийн сонголтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Монгол хүний  уртын дуу шигээ “уужуу тайван сэтгэл” гээгдсэн. Орчин цагийн хэм хэмнэлд автагдсан. Монголчууд уртын дуугаа тэвчээртэй сонсож чадах чадваргүй болж, урт залхуутай гээд концертын эхэнд ёс төдий явуулдаг болсон нь нууц биш. Алдарт дуучин Н.Норовбанзад нэгэн ярилцлагадаа “ Манайхан нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Нэгд, уртын дууг хүндэтгэлийн эд гээд концертын эхэнд оруулчихдаг, гэтэл гадныхан бол хамгийн хүндэтгэсэн зүйлээ нөөж нөөж сүүлд нь гаргаж ирдэг” хэмээн хэлсэн. Энэ нь ч залуу үеийнхэнд концерт эхлүүлдэг дуу гэсэн ойлголтыг өгсөн нь одоо ч хэвээр үргэлжилж байна.

            Тэгвэл уртын дууны урлагийн эдүгээгийн үнэлэмжийн талаар тунгаан авч үзье. Нэг үеэ бодвол уртын дууны тухай ярьдаг бичдэг, дуулдаг дурладаг хүн олширч байнаа. Гэвч энэ нь харьцангүй цөөн хувийг эзлэнэ.

 

 Уртын дууг хэн сонирхож сонсож байна вэ. Энэ талаар ажиглалт хийж үзвэл:

1.         Удам дагасан уртын дууч, тэдний гэр бүл үр хүүхэд /зарим нь/

2.         Уртын дуугаар мэргэшиж байгаа оюутнууд

3.         Уртын дууг хамсрах хөгжимчид / ихэнхдээ ахмад хуурчид/

4.         Судлаачид, эрдэмтэд

5.         Энгийн сонирхогчид / дотоод, гадаадын/ энэ нь маш цөөн.

Өөр хэн байна вэ? Хүүхэд, залуусын дунд л гэхэд уртын дууг сонирхогчдын тоо маш бага хувьтай гарах нь ойлгомжтой. Энэ бүхэнд юу нөлөөлж байна вэ, юуны өмнө орчин цагийн амьдралын хэм хэмнэл, глобальчлалын соёлын шуурга, техник технологийн хурдацтай хөгжил, зах зээлийн үеийн иргэдийн оюуны хоосрол...гээд нэрлэвэл шалтаг шалтгаан олон бий.

            Жинхэнэ бүтээл туурвил дотооддоо үргэлж гүнзгий утга учрыг хадгалж байдаг. Харин олон түмний соёлын хүрээ уран бүтээлийг өөр шалгуураар үнэлдэг байна.  Гэхдээ “олон түмний соёл”буюу нийтийн соёл гэсэн ойлголтонд түгээмэл урлаг, арилжааны урлаг, зугаа цэнгэлийн урлаг зэрэг нэр томъёоны асар олон зүйлийг бий болгоход хүргэсэн байна. Ийм нөхцөл шалтгааны улмаас орчин цагийн залуучууд уртын дуу гэхээсээ умардын соёлыг илүү сонирхон дууриаж байна. Тэгээд ч ардын урлагийг өөрсдийн цаг үеийн “хэм хэмнэл-д зохицуулахыг эрхэмлэдэг болсон . Энэ нь дэвшил үү, эсвэл ухралт уу? Энэ талаар эрэгцүүлэх цаг нэгэнт болсон мэт санагдана.

            Уйтгарлаж гансарсан “зохиолын дуучид” , үглэж яншсан “хип хоп”-чдыг өргөмжлөн тахих болсон нь энэ цагийн аяс ч байж болох. Үнэхээр ч тэдний амьдран буй орчин ,сэтгэхүйн илэрхийлэлийг зөвхөн уртын дуугаар хязгаарлах боломжгүй нь тодорхой. Тэгвэл уртын дууны уламжлалыг хэрхэн яаж түгээх вэ?  Миний бодлоор юуны өмнө уртын дуучдынхаа үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Улсын чанартай томоохон баяр наадмын үеэр бөхчүүдийг тэр сумын харъяат, тэр аварга гэж цоллодог шиг уртын дуучдыг ч мөн адил нутаг ус, ажил, сургууль, алдар цолоор нь цоллоод байвал дуучдын үнэлэмжинд нөлөөлж, хоолой нь сэрж, урам  нь оргилох нь лавтай. Мөн уртын дууг ухаанаар зодож дуулна гэдэг. Энэ ухаарлыг дууны шүлгээс олж авдаг. Тэгвэл бид уртын дууныхаа үг шүлгийг Монгол улсын Төрийн дуулал шигээ газар сайгүй түгээн, бага дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт задлан оруулж, уртын дууныхаа гүн агуулгатай шүлгийн шадаар үр ач нараа хүмүүжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

             Эцэст нь бид уламжлал шинэчлэлийг өөд өөдөөс нь сөргүүлэн тавих бус, аль алинаас нь дэвшлийг авч цаашдын хөгжлийн  түлхүүрийг тэдний харилцан хамаарлын үүднээс авч үзэх явдал чухлаар тавигдаж байна.  “Орчин буй бүх юм үүссэн шалтгаантай, хувирч өөрчлөх шалтгаантай. хөгжихийн шалтгаантай, устаж мөхөх шалтгаантай”хэмээн их сэтгэгч Инжаннаш нэгэнтээ хэлсэн байдаг. Уянга төгс уртын дууныхаа хувирч, хөгжихүйн шалтгааныг зөв томъёолон, цаашдын хөгжлийн хувь заяаг тодорхойлох нь монгол туургатан та бидний эрхэм үүрэг билээ.

            Тиймээ...Уртын дуу бол ухаарлын эгшиглэн, удам дамжсан соёлын их өв, Их монгол улсын тусгаар тогтнолын уухай...билээ.

Та бүхэн сонс. Чих тавин сонс. Дахин дахин сонс.

Та уярана, та хүндлэнэ,та бишрэнэ.

Ямартай ч  УРТЫН ДУУ – НОЙРНЫ ЭМ БИШ ЭЭ...

 

Д.Энхцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Болор (202.179.20.77) 2015-01-22 15:13:54
сайхан нийтлэл бичижэ их сайхан зүйл бодож явдаг мундаг эмэгтэй байнаа баярлалаа өөр олон хүмүүс ийм бодолтой байгаасай
(103.9.90.229) 2014-06-13 18:08:01
Сайхан нийтлэл байна Бодож явдаг зүйлийн маань талаар бичсэн байна баярлалаа