Дарс ба түүний хэрэглээ

 

Франц орныг дарсгүйгээр төсөөлөшгүй.         

            Манайх шиг архины хэрэглээ өндөртэй газар дарсыг өдөр тутмын амьдралдаа зөв хэрэглэх соёлоос нь сурчихвал толгойны өвчин болсон архидалтаас ангижрах бүрэн боломжтой болох билээ.

Франц орны хүнсний хэрэглээ, соёлд дарс онцгой үүрэг гүйцэтгэдэг.   Усан үзмийн тариалалтыг Нийтийн он тооллоос (манай эриний өмнөх үе) хэдэн мянган жилийн өмнө эхэлсэн тухайд Хуучин Гэрээст олонтоо дурьдсан байдаг.

Дарсны үйлдвэрлэл хөгжсөн нь шашны зан үйл, хэрэглээтэй мөн холбоотой. Христийн бие талхнаас бүтэж, усан үзмийн шүүс түүний цус гэж үздэг байна. Мөн шашны зан үйлд талх нь үржил шим, газар хөрсийг илэрхийлсэн эм талыг, дарс нь хүч чадал, сэтгэл санааны илэрхийлэл болсон эр талыг илэрхийлдэг хэмээдэг.

1936 онд Францад дарсны чанарын хуулийг батлан гарган дарсыг нэрийн бүтээгдэхүүн болгох эхлэл тавигджээ.

Франц дарсыг тариалсан мужаар нь нэрлэх нь олонтоо. Улаан, цагаан дарс Францын хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүн агаад үржил шимтэй, дулаан уур амьсгалтай бүс нутагт голлон усан үзмийг тариалдаг.

Франц улсад 365 гаруй нэр төрлийн дарс үйлдвэрлэдэг. 250 мянга орчим хүнийг ажлын байраар хангаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 17%-ийг дарсны үйлдвэрлэл эзэлж байна. Франц дарс үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт, зарим үед эхний байранд бичигдэх нь бий. Жилд 5 тэрбум гаруй литр дарс үйлдвэрлэдэг байна.

Дарсны төрөл, чанар нь гол түүхий эд болох усан үзмээс шууд хамаарна. 5000 гаруй нэр төрлийн усан үзэм байдаг гэнэ. Шардонэ, Кабернэ Савиньон, Шэнин Бланк, Мерлот, Рийслинг зэрэг усан үзмийн алдартай сортыг дангаар нь ашиглан дарс хийхээс гадна бусад төрлийн усан үзэмтэй хольж өөр олон янзын дарс гарган авдаг байна. Доор та бүхэнд дарсыг өнгөөр нь ангилсан тухай товчхон өгүүлье.

Улаан дарсыг та бид илүү сайн мэддэг. Уг дарсыг улаан, хар усан үзмээр хийдэг. Нарийн ажиглан харвал улаан дарсны зарим нэг нь улаан бус харин гүн хөх ягаан өнгөтэй байдаг. Энэ бол үйлдвэрлээд удаагүй дарс гэсэн үг. Илүү хүрэн өнгөтэй бол үйлдвэрлээд нэлээд хугацаа өнгөрсөнийг харуулна. Худалдаанд гарч буй улаан дарсыг ихэнхийг гурваас илүүгүй жил хадгалахаар үйлдвэрлэсэн байдаг. Гэхдээ тусгай жороор хийсэн үнэтэй улаан дарсыг үйлдвэрлээд олон жил болсон нь ч байна. Улаан дарсны хамгийн шилдэг төрөл нь Мерлот (Merlot) юм. Мерлотыг уухад хурц үнэргүй, зөөлөн тул өмнө нь дарс ууж үзээгүй хүмүүст илүү тохиромжтой. Мерлотыг бараг бүх төрлийн махан хоолтой хослуулан хэрэглэх боломжтой. Хад жимс, өөр жимсний амт оруулж хийсэн Мерлот дарс ч гэж бий.

Цагаан дарс үнэндээ шар өнгөтэй байдаг. Улаан дарснаас илүү нарийн технологи шаарддаг. Цагаан усан үзмийг гурван долоо хоног исгэж байж гаргаж авдаг. Цагаан дарсыг бүх төрлийн үйл явдлыг тэмдэглэхэд хоолны өмнө, дунд, хойно аль ч үед хэрэглэхэд тохиромжтой. Шардонэ цагаан дарс түгээмэл байх ба дарсны амт нь хатуу талдаа. Шардонэ дарсыг шувуу, гахайн мах, далайн гаралтай хүнс эсвэл хурц сүмс хэрэглэсэн суурьтай хоолны хамт зооглоход тохиромжтой.

    Ягаан дарсыг зун цагийн дарс гэж нэрлэх нь ч бий. Цагаан, улаан дарсны холимог нь ягаан дарс. Ягаан дарс үргэлж зөөлөн амттай байдаг. Цагаан Зинфандел чихэрлэг, спирт, сахар багатай, бараг л жимсний исгэлэн шүүс шиг амттай, үнэ өртгийн хувьд хямд төсөр. Уг дарсыг задалсан л бол тэр даруйд нь хэрэглэх ёстой байдаг. Улаан, цагаан дарсыг задлаад хадгалж байгаад дараа нь хэрэглэж болдог талтай. Энэ дарсыг далайн бүтээгдэхүүн, гоймон, цагаан хоолны хамт зооглоно. 

Францын хоол, дарсны хооронд салшгүй холбоо бий. Энэ нь хоол хүнс болон дарс нэгэн зэрэг хөгжиж ирснээс үүдэлтэй. Тиймээс ч Францын хамгийн алдартай хоолны жоронд дарс заавал орсон байдаг гэж ярьдаг нь оргүй зүйл бус юм. Франц хоол тус бүрт таарсан дарс байдаг ч гэж хэлэлцдэг.

Франц хүний хувьд дарс бол архи биш харин исгэлэн ундаа юм. Түүнийг бусад ундааны нэг адил, талх тариа лугаа хоолны үед хэрэглэх бөгөөд олонх францчууд бага зэргийн дарс уулгүй хоол идвэл таашаал авдаггүй гэж үздэг. Францчууд дарс хэрэглэх маш энгийн ёс журамтай байдаг. Энэ нь:

-          Цагаан дарсыг загастай, улааныг махан хоолтой зооглох

-          Цагаан дарсыг улааны өмнө өгөх

-          Дарсыг өгсөх журмаар хэрэглэх \хамгийн сайн дарсыг хамгийн сүүлд зооглох\

-          Тухайн нутгийн дарсыг зөвхөн тус нутгийн хоолтой хослуулан хэрэглэх

-          Улаан дарсыг тасалгааны хэмтэй, цагааныг хөргөж хэрэглэх гэсэн ёстой.

Гэхдээ францчууд хатуу дүрэм журамд баригдах дургүй үндэстэн тул дээрх журам болгонд “арын хаалга” хааяа бас байдаг байна.

Үхрийн болон хонины махтай улаан дарсыг голдуу хэрэглэнэ. Нутаг, нутгаараа өөр өөр дарс хэрэглэх нь ч бий. Жишээ нь, Альзас мужид цагаан дарсыг загас болон махан хоолны аль алинтай нь  хэрэглэдэг. Учир нь энэ бүс нутагт улаан дарс маш багаар үйлдвэрлэдэг тул цагаан дарсыг гахайн мах, хиаман төрлийн хоолтой ч гэсэн хамт санал болгодог. Бургундийн цагаан дарсыг шувууны мах болон бүх төрлийн нухаштай хэрэглэдэг бол Бордо нутагт улаан дарсыг загасны мах дагуулан өгөх нь ч бий.

                                      Үргэлжлэл бий.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.