Шилдэг загвар өмсөгчид (цуврал) Jean Rosemary Shrimpton

Jean Rosemary Shrimpton нь 1942 оны 11 сарын 7-нд Английн Бакингемшир-т төрсөн юм. Английн загвар өмсөгч, жүжигчин тэрээр Swinging London нэртэй тухайн үеийн Лондон хотын хөгжил дэвшил, хэмнэлийг харуулсан зургийн нүүр царай байсан бөгөөд дэлхийн анхны супермоделиудын нэгд тооцогддог.

Shrimpton 17-тойдоо “Lucie Clayton's” моделийн сургуулийг төгсөж 1960 оноос загвар өмсөж эхэлсэн байна. Тэрээр Vogue, Harper's Bazaar, Vanity Fair гэх мэт олон алдартай сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч байжээ. "Хамгийн өндөр үнэтэй модель", "хамгийн алдартай модель", "дэлхийн хамгийн их зургаа даруулсан модель", "дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй царайлаг эмэгтэй" гэх зэргээр тодорхойлогдож байсан.
Үүнээс гадна "Онцгой охин", "Дүр төрх", "Цаг үеийн дүр төрх", "60-аад оны нүүр царай" гэх мэтээр цоллогдож байсныг загварын түүх гэрчилдэг. 1963 онд Glamour сэтгүүл түүнийг "Оны шилдэг модель"-оор өргөмжилсөн байна.

Shrimpton тухайн цаг үеийнхээ ихэмсэг язгууртны дүр төрхтэй моделиудаас хөгжилтэй, дүрсгүй, залуумсаг төрхөөрөө эрс ялгардаг байв. Ийм төрхөөрөө тэрээр Swinging London сэтгүүлийн бэлэг тэмдэг болж байлаа. Үүнээс гадна тухайн цаг үед таашааж байсан тачаангуй дүр төрхийг эвдэн Shrimpton урт хөл, туранхай бие галбир, алчуур зүүсэн урт хүзүү, том алаг нүд, урт нарийхан сормуус, нумарсан хөмсөг болон бамбагар уруулаараа гарч ирсэн билээ.

Тэрээр мини юбка буюу богино банзлыг моодонд ороход их түлхэц үзүүлсэн. 1965 онд Australia-ийн Melbourne-д Colin Rolfe-ийн урласан богинохон цагаан даашинз өмссөн нь маш их шуугиан тарьсан юм. Уг даашинз түүний өвдөгнөөс 10 см дээш байсан байна. Тэгэхдээ ямар ч малгай, трико, бээлий өмсөөгүйн дээр эрэгтэй хүний цаг зүүсэн байсан нь тухайн цаг үед үнэхээр дасал болоогүй үзэгдэл байжээ. Түүний энэ үйлдэл нь Melbourne-ы сонин хэвлэлийхэнд бараг л цочрол үзүүлсэн гэхэд болно.

Jean Shrimpton Revlon-ы уруулын будгийн сурталчилгаанд Chantilly-гийн цагаан торон даашинзтай зураг авахуулсны дараа Revlon-руу тэр даашинзыг хаанаас авч болохыг хэлж өгөхийг шаардсан эмэгтэйчүүдийн дуудлага маш ихээр ирж байсныг Nora Ephron дурссан байдаг.

1960 онд Shrimpton зураг авалтын үеэр зурагчин David Bailey-тэй танилцан түүнтэй сүй тавьсан нь карьер өсөхөд их нөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч тэдний хайр дурлалын холбоо ердөө 4 жил үргэлжилсэн гэдэг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





