Нэхэл хатуутай бидний монголчууд
Өнөөгийн Монголын нийгэм болон хүний хөгжил гайхамшигтай. Энэхүү гайхамшгийг бүтээгч хүмүүс бид өөрсдөө гайхалтай. Гэтэл бүтээснээ нураадаг, үгүйсгэдэг нь бидний зан эсвэл зуршил гэлтэй. Учир нь нийгэмд үүсч буй бүхий л үзэгдэл байгалийн гэхээсээ илүүтэйгээр хүний үйл ажиллагаа, үг яриагаагаар сүйтгэгдэж байна.
Би та бүхэнтэй улс эх оронд маань явагдаж буй их бүтээн байгуулалт байшин, барилга гэхээсээ илүүтэйгээр Монгол хүний сэтгэлийн хүч, уужуу ухаан, бүтээн байгуулалтын талаар ярих гэсэн юм.
Хамгийн энгийн жишээ. Гадны гэхээсээ илүүтэйгээр орон нутгийн хүмүүсийн маань ирж үзэхийг хүсдэг газрын нэг бол яахын аргагүй Улаанбаатар хот минь. Тэгвэл хотын дүр төрх, уур амьсгал ямар байна вэ?
Хотод амьдарч буй хүн бүр агаарын бохирдол, замын түгжрэл, хүн хоорондоо харилцах харилцаанаас болж яарахгүй, худал ярихгүй, уур уцааргүй, бухимдалгүй хүн гэж цөөхөн. Энэ бүхний шалтгааныг асуухад утаа, замын түгжирэл, эсвэл хэн нэгэн /дарга, найз, худалдагч/ рүү амархан шилжүүлж өөр хэн нэгний буруутгаж орхидог. Үнэхээр бусдын буруу таны зөв гэдэгт та итгэлтэй байна уу?
Жолооч нарын жишээн танд хамгийн ойлгомжтой хэлбэрээр нь тайлбарлая.
Хотын зам дээр нүх шахаж тоглодог олон жолооч байдаг. Хаа нэгтээ зай гарахыг соргогоор ажиглан бүгд үрүүлийн ард суугаа жолооч нэртэй АНЧИД. Ингэхдээ тэд зэрэгцэн яваа эсвэл урд яваа нэг биш бүх машинуудын урд явахыг тулд бүхий л оюун бодол, ухаанаа уралдуулж эхэлдэг. Ингэхдээ хэн нэгний урд орохоор соёлтой юм шиг хирнээ бүдүүлэгЭЭР урдуураа оруулахыг гуйна. Учир нь гуйлгуулсан этгээд оруулаагүй эсвэл дүрмийн дагуу үйлдлийг үргэлжлүүлсэнээсээ болж буруутдаг. Харин гуйсан этгээд уурлаж, бухимдан яг тэр машины /жолооч/ урдуур орохоор зорилго тавьсанаар зам дээрх бяцхан дайн эхэлдэг. Тэр машиныг оруулаагүйнх нь төлөө мөргөж арьсыг нь сэвтүүлж, эзэнтэй нь муудалцаж бие биенийхээ сэтгэл зүрх рүү дайрч эхэлдэг эсвэл араас нь элдэн хөөж машиныг замаас шахаж, эзнийг нь бүдүүлэг үг хэллэгээр доромжлох буюу сул дорой, арчаагүй, чадваргүйгээр нь дуудсанаар өндөрлөдөг. Үгүй ээ. Уур, бухимдалтай жолооч нар дараагийн зам, гудамжинд өөр байг сонгож хоёрхон хүний асуудал байсан зүйл дөрөв болж цаашилбал олон нийтийн асуудал болдог. Хэтрүүлж хэлбэл машин барьж яваа жолооч бүр амандаа ямар нэгэн ХОРТОЙ, ХОРЖООНТОЙ, ХОГИЙН үгнүүдийг хэлж явдаг. Нэхэл хатуутай нэгхэн Монгол жолоочийн хэрэг өглөө бүр, өдөр бүр зам дээрх бяцхан дайныг үргэлжлүүлсээр . . .
Бас нэгэн жишээ. Хүүхэд эцэг эхийнхээ амин эрдэнэ юм. Ялангуяа Монгол хүний хувьд маш хүчтэй яригддаг. Тиймдээ ч “Үхтэл үр харам” гэсэн хэлц үг төрсөн байх. Хүүхэддээ хайртай байх нь мэдээж ЗӨВ. Өнөөдөр залуу гэр бүл, хосын салалт нэмэгдэж байгаа нь судалгаагаар харагдаж байна. Энэ үзүүлэлт өндөр байгаагийн нэг шалтгаан бол хосын эцэг эх, гэр бүлтэй шууд холбоотой. Өөрийнх нь хүүтэй/охинтой/ гэр болсон ба болоогүйнх нь төлөө хэн нэгнийг хохироодог. Салсаныг нь нийлүүлхээр, нийлэх гэснийг нь салгахаар лам, бөө/удган/, шүүхээр явдаг. Хүүг тань ч хайрлаж, халамжилж явсан охиныг буруу үг, үйлдлийнх нь төлөө буруутгаж, бөө, ламд үзүүлж амьдралынх нь турш гундуу явуулахыг хүсдэг. Нэг цагт таны хайртай хүүгийн тань эхнэр, таны охин үр гэж нэрлэгдэж байсныг санаарай. Мөн хэн нэгний нь гуйлтыг биелүүлээгүй, хүслийг нь хангаагүйнхээ төлөө бүх танил, садан төрлөөрөө хохирох хүмүүс олон болж.
Бидний Монголчууд эртнээсээ хүний хэлсэн үгийг даах сэтгэлийн тэнхээгүй, тэвчээргүй, ийм их НЭХЭЛ ХАТУУТАЙ хүмүүс байсан юм уу!?
Бусдыг зам тавьж өгөөгүйнх нь төлөө бусдыг буруутгаж, харааж осол гаргах шахан уурлаж, бухимдан явахын оронд хоёрхон секунд тэвчээртэй хүлээж урдуураа өнгөрүүлэх хэцүү биш хэтэрхий амархан зүйл. Та хоёрхон секунт ХҮЛЭЭЦТЭЙ БАЙЖ чадсаныхаа төлөө сэтгэл зүйн хувьд тайван байж, хэн нэгнийг бас бухимдуулахгүй байх болно.
Хэн ч хэзээ ч хэн нэгний хүссэнээр амьдрах ёсгүй! Хүн бүр таны хүссэнээр байж, хүслийг тань биелүүлэгч бэрд мэт байх боломжгүй. Яагаад та бусдын орон зайруу халдаж, бусдыг өөрийнхөө заяа төөрөгөөраа амьдарч, сонголтоо чөлөөтэй хийхэд нь бүү саад болоод байгаа юм бэ? Бусдын амьдралыг өөрийн амьдрал мэт удирдах, сүйтгэх эрхийг хэн ч /Бурхан ч/ хэн нэгэн хүнд өгдөггүй юм. Өөрийн хүчээ хэт их үнэлж, хэт их зүйл өөрөөсөө бус бусдаас хүсэхээ болъё.
Өдөр бүрийн үйл явдлууд нэгэн хэвийн, ижилхэн, давтагдаж байгаа юм шиг хирнээ ялгаатай мэдрэгддэг, харагддаг. Үүнийг сайхнаар, илүү хүчтэй мэдрэхийн тулд хуучин муу зуршилаасаа чөлөөлөгдөх буюу бусад жолоочийн буруу үйлдлийг уучилж, ямар нэгэн бодитой хохирол учруулаагүй л бол бусдын араас муу муухай харааж, сөрөг, таагүй зүйл бодохгүй байхад л болно. Мөн хэн нэгнийг үзэн ядаж, гомдож байлаа ч тэр хүнийг уучлахгүй ч ойлгохыг хичээж, муу зүйлийг улам сөрөгжүүлэхгүйгээр даван туулах сэтгэлийн тэнхээтэй болоход суралцах хэрэгтэй. Ингэж чадсанаар сэтгэл зүйн хувьд урьд урьдынхаасаа илүү хүчтэй болж бусдад сэтгэлийн хүч, итгэлийг өгнө.
Та бусдын араас нэхдэг биш, МАЙНЛАЙЛАГЧ, ҮЛГЭРЛЭГЧ, сэтгэлийн их хүчтэй, хүлээцтэй хүн гэдгээ үргэлж санаарай.
Б.Үүрцайх







