“Он цагийн хэлхээс II” номын хурим
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь үүсэн байгуулагдсан 88 дахь жилээ тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсэл хөгжлийн талаарх “Он цагийн хэлхээс” номын 2-р дэвтэрийг гаргажээ. 1-р дэвтэрт МЭХ-ны байгуулагдан цагаас хойшх санаачлан хэрэгжүүлж ирсэн ажлыг түүхчлэн товч багтаасан бол 2-р дэвтэрт МЭХ-ны идэвхтэн сонгуультан 200 гаруй хүний мэдээллийг багтаасан байна.
Номыг МЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Н.Гэрэлсүрэн эмхтгэж, Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг хянан тохиолдуулсан бөгөөд 1924 онд байгуулагдсан цагаас эхэлж ажиллаж байсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд сэтгэл зүтгэлээ өргөж явсан, ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг баримтжуулснаараа хойч үедээ хүргэж байгаа он цагийн нэгэн хэлхээс боллоо.
МЭХ нь үндэсний хэмжээнд, эх орны өнцөг булан бүрт хүрч ажилладаг өргөн хүрээтэй байгууллага байсан учир бүх хүнийг хараахан оруулж амжаагүй бөгөөд энэхүү ном цаашид үргэлжлэл болон хэвлэгдэх ажээ.
“Он цагийн хэлхээс II” номын хуримд Улаанбаатар хотод байгаа идэвхтэн сонгуультнууд оролцох ажээ. Нээлт 2012 оны 03 сарын 23-ний баасан гаригт 11.00 цагт Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ажлын байранд болно.
Өнгөрсөн жилд МЭХ-ны гишүүн байгууллагууд нь дунджаар 20,000 орчим иргэд, эмэгтэйчүүдэд амьдрах ухаан, ёс суртахуун, гэр бүлийн асуудлаар мэдээлэл сургалт явуулж, олно нийтийн үйл ажиллагаанд 13000 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулсан байна.
Мөн эмэгтэйчүүд, ээжүүдийн алдрын хүндэтгэн 300 орчим ээжүүдэд хүндэтгэл илэрхийлж, алдаршуулсан. Орон нутагт хэрэгжсэн төслүүд нь өрх толгойлсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн ажлын байр бий болгох, өрхийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 100 гаруй ажлын байр бий болгосон байна.







