Б.Алтангүл:Казах эмэгтэйчүүд хөгжилөөс гадуур үлдээгүй
2012-03-22
-Юуны өмнө танд наурыз баярын мэндийг хүргэе? Та өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулахгүй юу?
-За баярлалаа, өнөөдөр баяраа тэмдэглэж буй ахан дүүсдээ Наурыз баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Намайг Болатын Алтангүл гэдэг. МУИС-ийг франц хэлний багш, орчуулагчаар төгссөн. 18 дэх жилдээ багшилж байна.
-Казах түмний үндэсний баярын гол онцлог нь юу вэ?
-Өдөр шөнө тэнцэж, хүйтний ам цаашлан хөхүүрийн ам наашилж буй хаврын, нарны баяр. Ахан дүүс, ахмад зоноо хүндэтгэх баяр, угсаа гарвал, төрөл садантайгаа учрах баяр юм даа. Байгаль орчиноо дээдэлдэг, булаг шандны эхийг цэвэрлэн, наран ээждээ мөргөдөг. Эх байгалиа шүтэн, ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг гэдгээрээ Цагаан сартай төстэй.
-Казах хүмүүс ёс заншил, хэл соёлоо ихэд дээдэлдэг, шашин шүтлэгтээ үнэнч, шашнаасаа улбаатай амьдрах арга ухаан, ахуй орчин нь бусдад үлгэр дуурайл болохуйц байдаг байх. Энэ талаараа?
-Казахын ард түмэн тун хөдөлмөрч, үнэнч шударга, зорьсондоо хүрэх гэж тэмүүлдэг энгийн нэгэн хүмүүс. Тэд ёс заншил, шашин шүтлэгтээ үнэнч, хэл соёлоо дээдлэн, хойч залуу үедээ мэддэг бүхнээ өвлүүлэх гэсэн чин сэтгэлтэй хүмүүс юм. 7 үеэ мэдэх, ах дүүсээ таних, ач элбэрэлтэй байхыг заан сурган өвлүүлдэг.
-Энэ үндэстний мөн чанар, амьдралынх нь үнэт зүйлсийг товчхон үгээр тодорхойлооч?
-Гэр бүлээ эрхэмлэдэг, ёс заншилаа хүндэтгэдэг, ажилсаг хүмүүс. Үр хүүхэд, гэр бүл, үндэс угсаа, уг гарвалынхаа төлөө сэтгэл санаагаа зориулж чаддаг хүмүүс.
-Казак эмэгтэйчүүд их ажилсаг, даруу төлөв, ёс суртахуунтай хүмүүс байдаг гэдэг. Ер нь эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж та боддог вэ?
-Казах эмэгтэйчүүд гэр бүлийн гол баганы нэг, эр нөхрийн өмөг түшиг, үр хүүхдийн сайн эх. Тэд үр хүүхэд, эр нөхөр, гэр бүлийнхээ төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулдаг. Улс орны хөгжил үр хүүхэд, гэр бүлээс эхэлдэг гэдгийг бүрэн ухаарсан хүмүүс байдаг юм. Япон ээж нар шиг гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлдэг, улс орны хөгжил эмэгтэй хүн, эх хүн гэж боддог.
-Орчин үеийн казах эмэгтэйчүүдийн тухай? Өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн гэргийн ухаан казах эмэгтэйчүүдэд бий юу?
-Казах эмэгтэйчүүд өнөөгийн хөгжил цэцэглэлтийн гадуур үлдээгүй. Тэд бүгд боловсролтой, эрх чөлөөтэй. Монгол улсад 100 гаруй казах эрдэмтэн байдгаас 20 гаруй эмэгтэй эрдэмтэн байна. Энэ бол бага тоо биш юм. Эртний уламжлалт ёс заншлыг орчин үетэй хослуулах гэж боддог. Сайн эмэгтэй, ээж байх ухааныг багаас нь охидод олгодог. Хөвгүүдээ сайн гэрийн эзэн байх ухаанд сурган, отог омгоо мэдэх, угсаа гарвалаа хадгалах тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг.
-Казах хүмүүст хэлний бэрхшээлээс авахуулаад хүндрэл бэрхшээлтэй зүйл хэр их тулгардаг уу? Нийгмийн асуудал талаасаа?
-Тиймээ, манайд одоогоор хос хэлний бодлого гэж алга. Нутагт байгаа хүмүүсийн монгол хэлний чадвар, хот суурин газар байгаа казахууд эх хэлээ мартагнах нь өнөөгийн гол асуудал юм. Мөн хэл мэдэхгүйгээс мэргэжил мэдлэгээ дээшлүүлж чадахгүй байна, цаашид дэвшин дээдлэх тал дээр бэрхшээл тулгардаг.
-Монгол улсын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн тухайд та ямар бодолтой явдаг?
-Маш өөдрөг, гэгээлгээр хардаг. Манай улс хөгжлийн гараагаа эхэлсэн, цаашид төр зөв бодлого баримталбал үр дүнд хүрэх байх.
-Хувь хүн талаас чинь илүү сонирхмоор санагдлаа? Өөрийхөө талаар, гэр бүлийнхээ тухай?
-Миний нөхрийг Р. Болатбек гэдэг, Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэсэн, хүү, охинтой. Хүү оюутан, охин маань сурагч.
-Та хэр сайн ээж вэ?
-Гайгүй гэж боддог. Үр хүүхдээ зөв хүн болгох гэж зүтгэж яваа олон ээжүүдийн нэг.
-Таны сонирхол хообий?
-Орчуулга хийх гэж оролддог. Одоо казах хэл соёлыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, залуу үедээ үлгэр дууриал үзүүлэх гэж чөлөөт цагаа зарцуулж явна даа.
-Таны бахархал, мөрөөдөл?
Монгол орондоо Монгол хүн бүр аз жаргалтай, сайхан амьдраасай. Бид цөөхүүлээ шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







