АЛТААР ИХЭРЛЭСЭН АЗИЙН АВАРГУУД

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 19-25-нд эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд шар тивийн 17 орны 100 гаруй тамирчин 10 жинд /48,51,54,57,60,64,69,75,-78,+78кг/ өрсөлдөв. Нутагтаа болсон тивийн аваргын тэмцээнээс манайхан бүтэн багаараа оролцож, хоёр алт, хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдийн шинэ хуудсыг нээлээ. Манай тамирчид 2003 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон бол 2008 онд Энэтхэгийн Кухатта хотод болсон дөрөв дэх удаагийн тэмцээнээс 52 кг-ын жинд спортын мастер Ц.Цэрэнчимэг хүрэл, 2010 онд Казакстаны нийслэл Астанад болсон тэмцээний 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг мөнгө, 75 кг-д Б.Одмаа хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаа ийнхүү нутгийнхаа рингэнд хоёр аваргаа өлгийдөн авлаа. Хамгийн хөнгөн жин буюу 48 кг-д ОУХМ Т.Болортуул алтан медалийн төлөөх тулаанд Пинки Жанграг 24:22-оор буулган авснаар Монголын эмэгтэй боксчдын түүхэнд анхны алтан медаль хүртэв.

Үүний дараагаар 64 кг-д “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Э.Ундрамын төрсөн дүү спортын мастер Э.Уянга алтан медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын Лили Шейг 21:12-оор сөхрүүлж, эх орныхоо рингнээс хоёр дахь алтан медалийг хүртлээ. Мөн манай улсаас -81 кг-д тулалдсан ОУХМ Б.Одмаа, +81-д Б.Бадамханд нар хүрэл медаль хүртсэн. Зургаа дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн дүнг таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай БНХАУ-ын ширэн бээлийтнүүд тэргүүлэв. Нанхиадын боксчид манай улсад бүтэн багаараа ирж, бүгд медальтай буцлаа. Харин дэлхийн таван удаагийн аварга, Мэри Комоор ахлуулсан Энэтхэгийн баг /2 алт, 4 мөнгө, 2 хүрэл/, Монгол /2+0+2/ Тайланд /1+0+0/, Казакстан /0+2+2/ айрагдав.

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.