Сонгуулийн ухуулагч /цуврал нийтлэл/
2012-03-26
Улс төрд орно гэдэг бол хэзээ нэгэн цагт сонгуульд ажиллана гэсэн үг. Сонгуульд өөрөө орж өрсөлдөх үү, эсвэл өөрийн намаас нэр дэвшигчийн төлөө үргэлж ажиллах уу, эсвэл ганц сонгуульд ганц асуудлын төлөө хэн нэгнийг дэмжиж оролцох уу, сонгуулийн ажиглагч, зохион байгуулагч болох уу гэдгээс үл хамааран улс төрд оролцох идэвхи гаргасан л бол тэр иргэн сонгуулийн үйл ажиллагаанд татагдан ордог. Яагаад гэвэл улс төрд шинэ боломжууд өргөнөөр нээгддэг талбар бол сонгууль юм.
Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хууль дөнгөж батлагдсаны дараа болсон 1992 оны УИХ-ын анхны сонгуульд будаг нь ханхалсан шинэ улс төрч би бээр татагдан орлоо.
Сонгуулийн даруухан кампанит ажил эхлэнгүүт нэгэн өдөр сайхан инээмсэглэсэн боловсон ах намайг зорьж уулзлаа. Энэ хүнийг Чулууны Дүүжий гэх бөгөөд Хөвсгөл аймгийн дөрвөн мандатын нэгэнд Сэргэн Мандлын намыг төлөөлөн нэр дэвшиж ирсэн ажээ. Манай жижигхэн нам аймагт маань ердөө л нэг нэр дэвшигч илгээсэн бөгөөд бусад гурван мандат дээр нь бидний зүгээс Монголын Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн Ц.Элбэгдорж, Монголын Үндэсний дэвшлийн намаас нэр дэвшүүлсэн Д.Одонбаатар, Монголын Социал демократ намаас нэр дэвшүүлсэн Бямбасүрэн гэдэг гурван хүнийг дэмжихээр болсон ажээ.
Шинэ намууд тус бүрдээ хүн хүч, хөрөнгө мөнгө муутай гэдэг жигтэйхэн. Дөрвүүлээ нийлээд ч Монгол Ардын хувьсгалт намыг мөнгө хөрөнгө, хүн хүчээр гүйцэх ямар ч боломжгүй байлаа. Энэ дөрвөн нам дотроос Монголын Ардчилсан Нам хамгийн хүчтэй нь бөгөөд тэндээс нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн сурталчилгаа хамгийн хүчтэй дэмжлэг авах нь шууд л мэдрэгдэж байлаа. Яагаад гэвэл Элбэгдоржийг Хөвсгөлд дэвшиж байгаа сургаар хүн бүхэн түүний тухай ярьдаг болов.
Харин яг миний хариуцаж авсан Дүүжий ах бол дипломат хүн бөгөөд Дархадын хотгодоос гаралтай байлаа. Дүүжий ах өөрийнхөө тухай надад товч танилцуулаад “Би нутаг руугаа өөрөө сурталчилгаагаа хийгээд явчихна, харин чи зүүн, баруун тийшээ сурталчилгаанд яваад намайг төлөөлж уулзалтууд хийгээрэй” гэж хүслээ.
Дүүжий ах надад сурталчилгааны материал болгож нэг хуудас танилцуулгаа өгөв. Би тухайн үед нь сурталчилгааны материал гэдэг зүйл огт мэддэггүй байсан учир илүү зүйл ч нэхсэнгүй. “Чулууны Дүүжий” гэсэн гарчигтай ганц нүүр танилцуулгаа авч үлдээд Дүүжий ахтай гар барьж амжилт хүсээд Дархадын хотгор руу даллаад үлдлээ.
Ингээд сурталчилгаагаа хаанаас яаж эхэлдгээ мэдэхгүй сууж байтал манай Сэргэн Мандлын намын хэдэн гишүүд орж ирлээ. Д.Эрдэнэхүү ах, Олдох, Дашдорж ах гээд хэдэн сайхан залуучууд туслахад бэлэн байна. Сонгуулийн ажилд биечлэн явахаар болбол Мөрөнд ажиллая гэцгээж байна. Энэ хүмүүсийгээ Мөрөнд ажиллахыг хүсчихээд би өөрөө хөдөө явах боллоо.
“Сонгуулийн сурталчилгааны материал энэ байна, үүнийг яаж олон хувь болгодог билээ” гэж мөнгө ч үгүй, мэдлэг ч үгүй би бээр Дүүжий ахын танилцуулгыг Эрдэнэхүү ахад сарвайв.
Эрдэнэхүү хэмээх шаргал царайтай, үргэлж инээмсэглэж явдаг хөдөлмөрийн байцаагч ах намайг “дарга аа” гэж дуудна. Учир нь тэр миний тэргүүлдэг Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст ажилладаг юм. Бид хоёр тухайн үед төрийн албан хаагчид байх бөгөөд төрийн хөрөнгийг сонгуульд ашиглах тухай ярилцав. Төрийн өмч хөрөнгийг улс төрийн сонгуульд ашиглахыг хориглосон хууль хэзээ хойно гарсан бөгөөд анхны сонгуулиудын тэр өдрүүдэд Эрдэнэхүү ах бид хоёр дээд зэргийн сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаар ийн тохиролцож билээ.
“Оюунгэрэл дарга аа, надад наад танилцуулгаа өгчих. Би радартарлуулаад аваад ирье”
“Хаана?”
“Захиргааны радартарын машинд”
“Тэгж болох юм болов уу”
“Радартарын хор, цаасыг нь хэлтсийнхээ зардлаас та зарлагадчихвал болно л доо.”
“За тэгье, би зарлагыг нь зурчихъя, та хоёр гурван зуун хуудас радартарлаад аваад ир.”
Ингээд төрийн өмч ашиглаж сонгуулийнхаа материалыг олшруулж аваад хөдөө нутагт сурталчилгаанд мордоход бэлэн болов. Улс төрийн нам төрийн өмчийг ашиглаж болдоггүй, энэ нь ашиг сонирхлын дээд зэргийн зөрчил гэдгийг улс төрд анх орж байгаа би бээр огт мэддэггүй байлаа. Энэ тухай яг 10 жилийн дараа 2002 онд Монголд ирсэн АНУ-ын конгрессын ёс зүйн хорооны зөвлөх Рийд Слак гэдэг хүнээс сонсож суралцсан бөгөөд тэр болтол улс төрийн ёс зүйн наад захын стандартыг мэдэхгүй, энэ тухай хаанаас юу судлах ёстойгоо ч ойлгодоггүй байсан юм.
Зун дөхөж байгаа учир би Киевээс худалдаж авсан нимгэн урт бор цув, Улаанбаатарын дэнжийн мянгын зах дээрээс авсан нарийн цэнхэр жинсэн өмд, Мөрөнгийн төв дэлгүүрт зарагддаг хамгийн үнэтэй барааны нэг болох солонгос хар богино түрийтэй гутлаа өмсөж “гангарч аваад” аймгийн төвөөс зүүн тийш хөдөлдөг зам тосохоор боллоо. Хамгийн их машин явдаг замын сум бол Их-Уул бөгөөд, “Их-Уул хүргээд өгөөч” гэвэл татгалзах машин бараг байхгүй билээ. Хот, Тариалан, Эрдэнэт, Булган гээд зүүн тийш явдаг бүх машин заавал Их-Уулаар дайрдаг тул би ийнхүү зам тосч байгаа нь энэ.
Ямар ч байсан ганц хоёр машины кабин битүү хүнтэй өнгөрсний дараа кабиндаа гурван хүн чихсэн нэгэн ЗИЛ-130 намайг дөрөв дэх зорчигчоо болгон авч Их-Уул хүргэж өгөв. Тэр үед жолоочид мөнгө төлнө гэдэг ойлголт ч байдаггүй байсан тул замын зардал надад огт шаардагдсангүй. Одоо ингэж замын машинд үнэ төлбөргүй суудаг “соёл” зөвхөн Кубад л хадгалагдсан байх. Учир нь тэр машинууд бүгд хувийн өмчинд шилжээгүй, жолооч нар нь улсын машиныг унаж байсан цаг билээ.
Ц.Оюунгэрэл
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


