Урлагийн “Янжинлхам"-ууд маань "Гэгээн муза"-д юугаар гоёв?
Үдшийн даашинз улаан хивсэн дээр хийсэн, гоо тансаг үнэрт зочдын хамар “сэнхийсэн” байлаа. Гил хар машинаас өнгөрсөн жилийн театр урлагийн шилдгүүд шил шилээ даран буув. Үзмэн ягаан өнгийн саатай даашинзаар гоёсон Ардын жүжигчин Сувд, “Улаан сарнай” өмсөж бардам алхсан УДЭТ-ийн жүжигчин Уранчимэг нар энэ үдшийн “шигтгээ” байсан юм. Ханиараа гоёсон бүсгүй УДЭТ-ийн жүжигчин Урнаа хос цэнхэр дээлийг чимж ажил, амьдралыг нэгэн цагт хослуулан алхлав.

УДЭТ-ийн жүжигчин Уранчимэг:
Дөнгөж саяхан “Гэгээн муза” наадамд зориулсан ярилцлагат орж байхад “Та хиймэл хамартай юу” гэж надаас асуусан. Энэ үед өөрийн эрхгүй гар минь хамарлуугаа явсан, “Энэ чинь миний хамар шүү дээ” гэж. Яг одоо миний үзэл бодол гоо сайхны мэс заслын эсрэг байдаг. Мэдээж шаардлагатай хүмүүс, хүндэтгэх шаардлагатай бол хийлгэж болох юм. Харин миний хувьд би өнөөдөр эхээс төрсөн энэ байгаа биеэрээ өөртэй итгэх итгэл, сэтгэл хөдлөлийн өндөр “даралт”-аар гоёж ирсэн юм.

УДЭТ-ийн жүжигчин Г.Урнаа:
Өнөөдөр би гэрэлт Гэгээн музадаа чадварлаг дизайнеруудын урласан хос дээлээр өөрийн ханьтайгаа ижилсэж ирлээ. Гэхдээ би өөрийн чин сэтгэл юугаа хамгийн сайхан гоёл минь хэмээн хэлэх байна.

УДЭТ-ийн жүжигчин Отгонцэцэг:
Гэрэлт Гэгээн муза дор би өөрийгөө номин ногоон өнгөтэй төсөөлөн энэ өнгийг сонгож даашинзаа хийлгэсэн. Алдарт, сайхан багш нар, хүндэт жүжигчдийнхээ өмнө би мэхийн ёслъё. Харин би өнөөдөр Гэгээн музад “залуу сайхан нас”-аараа гоёж ирлээ.

УДЭТ-ийн жүжигчин Оюундарь:
Урлагийн бурхан буусан энэ орой би хүндэт “Гэгээн муза”-д өөрийн жинхэнэ “хайр”-аар гоёж ирсэн юм. Учир нь миний амьдрал энэ урлаг гэгчтэй салшгүй холбоотой бөгөөд насан туршийн хайр минь “Урлаг” мөн. Би өнөөдөр “хайр”-аараа гоёж ирсэн.

Гэгээн муза бол “Ижийн цацал”
2011 оны Гэгээн муза наадмын драмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналт жүжигчин Сарантуяа “Оролмаа эх” жүжгийн Оролмаа эхийн дүрээр үзэгчдийн таашаалд хүрч, алтан тайзан дээр ижийнхээ өлмийд мөргөн, шагналаа гардан авсан юм. Нүдэндээ нулимстай ижийдээ үнсүүлсэн охин үр, “Гэгээн муза”-ийн шилдэг эмэгтэй гол дүр ингэж хэлэв:
- Алтан тайзан дээр ижийнхээ гараас энэ шагналыг авна гэдэг мөрөөдөөд хүршгүй “гайхамшиг” байсан юм. Би өөрийн эрхгүй “ижий минь” гэж дуу алдсан. Ээжээ таньдаа хайртай шүү хэмээсэн. Мөн өнөөдрийн энэ “Гэгээн муза”-д өөрт байгаа бүх л зүйлээрээ гоёж ирсэн юм шүү, үзэгч түмэн минь үгүй бол өршөөлт “Гэгээн муза” минь ч үгүй гэв.

Олны дунд жүжигчин Б.Нармандах онцгой байв. Түүний өмссөн шар өнгийн даашинз зарим нэг бүсгүйчүүдийг “хорхойг” нь хүргээд авна лээ. Ар нуруундаа сүлжээстэй, урт даашинз нь жүжигчин бүсгүйг илүү залуу, жавхаалаг харагдуулж байсан юм.







