Хэрэв хүүхэд тань гахайн хавдраар өвдсөн бол...
Сүүлийн үед гахайн хавдар өвчин хүүхдүүдийн дунд дэгдэж эхэллээ. Агаар дусал, амьсгалын замаар халдварладаг энэ өвчин хаврын улиралд дэгдэлт байдлаар гарч, зун өвчлөлийн тархалт оргил үедээ хүрдэг. Гахайн хавдараар гол төлөв 5-13 насны хүүхэд багачуул өвчлөөд зогсохгүй эрэгтэй хүүхдэд тусч даамжирвал үргүйдэлд хүргэх аюултайг эмч нар анхааруулж байна.
Гахайн хавдар
Гахайн хавдар нь өвчтэй хүнээс амьсгалын замаар халдварлан чихний ард, урд талын шүлсний булчирхайг ихэвчлэн гэмтээдэг халдварт өвчин юм. Чихний ард, урд талд байдаг шүлсний булчирхай томорч хавддаг.
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш нууц хугацаа нь 11-23 хоног байх бөгөөд энэ хугацаанд толгой өвдөж, ядарч сульдан, хоол нойронд муу болдог. Улмаар өвчин даамжирна.
1 Халуурна
1. Толгой өвдөх
2. Бөөлжих
3. Ам хатах
4. Амаа ангайх, юм зажилахад чихний орчим хөндүүрлэн өвдөнө
5. Хөвгүүдийн хуухнаг улайж, төмсөг хавдаж болно.
Гахайн хавдар өвчнийг үүсгэгч вирус нь шүлсний булчирхайнаас гадна цусаар дамжин бусад эрхтнүүдийг үрэвсүүлдэг.
- Тархи нугасны эмгэг
- Хөвгүүдийн төмсөг үрэвсэх, улмаар хатингарших, үргүй болох
- Чих дүлийрэх
Хэрэв хүүхэд тань гахайн хавдраар өвдсөн бол өрхийн эмчдээ заавал үзүүлээрэй. Ам дамжсан эмчилгээг дур мэдэн хийх нь элдэв хүндрэл гарах нөхцөл болох нь бий. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийг 7-9 хоног гэрт нь байлгах хэрэгтэй. Гэртээ байх хугацаанд нь хэвтрийн дэглэм сахиулж, амин дэмээр баялаг хоол хүнсийг нухаж , жижиглэн өгдөг. Мэдээж хавдсан хэсэгт нь эмчийн зөвлөгөөний дагуу жинг тавиарай. Өвдсөний дараа насан туршийн дархлал үүсгэдэг тул дахин өвдөхгүй ч ховор тохиолдолд давтан өвддөг ажээ.
А. Найгалмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







