Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чуулган болно

 

Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын хөгжлийн хөлтөлбөртэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь” сэдэвт Азийн бүсийн бага хурлыг ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус бага хуралд БНХАУ, БНСУ, Вьетнам, Индонез, Камбож, Киргиз, Лаос, Монгол, Мянмар, Филиппин, Папуа, Шинэ Гвиней, Тайланд, БНА Тимор, Лесте зэрэг 15 орны парламентийн гишүүд, Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд, шинжээч, судлаачид зэрэг 80 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Улс төрийн оролцоонд жендэрийн тэгш байдлыг хангах нь ардчилал, нийгмийн шударга ёсны үндэс юм. Энэхүү шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө улс орнууд хэлэлцэн Мянганы тунгхаглалыг баталж Засгийн газрууд үүний төлөө тусгай арга хэмжээ авахаар амлалт өгсөн юм.

Бүс нутгийн 10 гаруй орон энэ зорилтдоо хүрсэн  ч Ази тивийн хувьд дунджаар авч үзвэл Парламентын гишүүдийн дөнгөж 18 хувь нь эмэгтэйчүүд байна. Иймээс олон улсын түвшинд тавьсан үүрэг амлалтаа бодит ажил болгохын төлөө Азийн орнууд хуран чуулж, бүс нутгийн түвшинд мэдээлэл, туршлага солилцох, сайн туршлагад үндэслэн улс төрд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх улс орнуудын үндэсний стратегийг боловсруулах, нөлөөллийн ажил хийхдээ бүсийн орнууд цаашдаа хамтран ажиллах бага хурлын зорилго оршиж байна.

Манай орны хувьд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 3.9 хувь буюу 76 гишүүний ердөө гурав нь эмэгтэй гишүүн байгаа. Энэ нь жендэрийн тэгш байдлыг хангах үзүүлэлтэд манай орныг сүүлээсээ тавдугаарт жагсаагаад байгаа юм. Тиймээс УИХ-ын сонгууль болохын өмнө Улаанбаатар хотноо энэ бага хурлыг хийснээр Монгол Улсын Засгийн газар улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэнэ гэсэн амлалтаа биелүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.