Б.Сарантуяа:"Сорхугтани хатны түүх хамгийн их таалагдсан"
Сорхугтани романы зохиогч Бямбаагийн Сарантуяа. УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн. Сорхугтани роман нь түүний үргэлжилсэн үгийн чиглэлээр бичиж буй анхны роман.
-Романаа бичих санаагаа хэзээ олсон бэ? Чухам яагаад хатны тухай сэдвийг сонгосон юм бэ?
-Би 21-р зуунд амьдарч байгаа шинэ зууны иргэн. Өөрөөр хэлэх юм бол миний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо цаг. Өнөөдөр Монгол хүн сайхан амьдрахыг хүсч байна. Улс орон минь амгалан байж, айх аюулгүй, дутах зүйлгүй тайван амьдрахсан гэж хүсч байна. Ингэж хүсэх бүрдээ эх зах нь олдохгүй байгаа энэ улс оронд ид шид амилах мэт Чингис хаанаа дахин гарч ирээсэй гэж хүмүүс үгүйлж байна. Тэр дахин төрөөсэй. Үгүйдээ түүн шиг нэг хүн гарч ирээд энэ улс орныг залаасай. Болохоо болиод байгаа энэ нийгмийн амьдралыг өөрчлөөсэй гэж хүсч байна. Тэгвэл Чингис хаан гэж хэн байсан бэ. Түүний тухай өгүүлэх гадна дотны олон эх сурвалжууд, ном зохиолууд бий. Тэдний дундаас шүүрдэн их хааны оюун санааг хэрхэн өнөөгийн хүмүүсийн өмнө ил гаргах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Түүний оюун санааг ил гаргаснаар их түүхээсээ суралцаж болно гэж бодсон. Би эмэгтэй хүн. Тиймээс эр хүний өмнөөс бодох, сэтгэхэд амаргүй. Мөн хүний эцэг болж үзээгүй учир энэ жаргал хийгээд зовлонг мэдэхгүй. Харин тэр цагт зэвсэг барин дайтаагүй ч, их хаадын амсхийх чөлөөнд засгийг удирдаж байсан, тухайн үеийн дэлхий ертөнцөд оюун санааны дайныг явуулж байсан ухаант хатдыг сонирхон судалсан. Монголын нууц товчоо зохиолын үндсэн суурь болсон эвлэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалыг хайрласан Алун гуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ хатан, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйчүүдийн түүхийг сөхсөн. Харин энэ олон хатдын дундаас надад Сорхугтани хатны түүх хамгийн ихээр таалагдсан тул цааш судалж эхэлсэн. Судлах тусам сонирхолтой санагдаж, бүдэг бадаг мэдээллүүдийг цааш хөвөрдөх, ургуулан бодох, хоорондоо зөрөөтэй эх сурвалжуудыг тайлах гэж тэмүүлэх гэдэг амттай болж эхэлсэн. Эндээс л энэ роман төрөх эхлэл тавигсан юм.
-Романаа хэдий хэр хугацаанд судалж, хэдий хэр хугацаанд бичсэн бэ?
-Судлахад нэг их удаан хугацаа зарцуулаагүй ээ. Гэхдээ асар бага хугацаанд асар их ном уншсан. Нимгэн зузаан хорь гаруй ном уншсан. Заримыг нь бүтнээр нь уншиж, заримыг нь өөрт хэрэгтэй гэсэн хэсгээ түүвэрлэн уншсан. Эндээс хатныхаа тухай ерөнхий ойлголтыг гаргаж аваад түүхэн цаг хугацаануудад тулгуурлан үйл явдлыг зохиомжилсон. Цаг хугацааны хувьд Сорхугтани хатан Чингис хааны бэр болон ирж байгаагаас түүний насан эцэс болж байгаа хүртэлх тавь гаруй жилийн хугацаа багтаж байсан тул эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын хагас зуун жилийг өгүүлэх хэрэгтэй болсон. романд шинэ шинэ баатрууд нэмэгдэн гарч ирэх бүрийд тухайн хүний түүхийг дахин судлах гээд их ажил байсан. Бичихэд дөрвөн сар, засахад хоёр сарыг зарцуулсан даа. Мөн холын хүнээс үг сонс гэдгийг санаж Тасам буюу Тархан суурьшсан Монголчууд ТББ-ын тэргүүн Санчирыг зөвлөхөөр авсан.
-Таны роман бусад романуудаас юугаараа онцлог болсон гэж хэлэх вэ?
-Өнөөдөр бид цаг хугацаа хэмээх хэнийг ч хүлээхгүй асар их хурдтай уралдаж явна. Хүмүүс ном унших дуртай байгаа хэдий ч хэт урт, нуршсан, үйл явдал нь хэрхэх нь тодорхойгүй, сунжирсан ном зохиол уншихаас цаараглах болж. Уншигчдийн шаардлага зохиолчдоос товч, тодорхой, ойлгомжтой, үйл явдал нь сонирхол татахуйц, цаашлаад дараа нь яах бол гэсэн хүлээлтийг үүсгэх, уншихад амар хялбар байх гэх зэрэг шаардлагуудыг хүсдэг болжээ. Би энэ зохиолыг уншигчдад л зориулж байгаа учраас тэдний шаардлагыг харгалзан үзэх учиртай. Тиймээс энэ бүхнийг бодолцсон. Миний номыг нэг барьсан хүн хэрхвэл дараа уншина гэж хойш тавихгүйгээр үргэлжлүүлэн уншиж дуусгах вэ. Хэрхвэл тэднийг эцсийн мөч хүтэл дагуулж чадах вэ, хэрхэн нуршихгүй хэр нь дөрвөн зуу гаруй хуудас роман бичих вэ гэдгийг бодож бичсэн. Мэдээж утга зохиолын онолоос гажихгүйгээр шүү дээ. Харин ном гарсны дараа миний эргэн тойрны хүмүүс дээд тал нь хоёр өдрийн дотор уншаад дуусгачихлаа гэж хэлж байгааг сонслоо. Ямартаа ч тэдний шаардлагад нийцсэн бололтой байна.
Харин бусад онцлогийн хувьд гэвэл бид ирээдүйгээ бүтээе гэвэл өнгөрснөөсөө сурах учиртай. Өнөөдөр уншигчдын дунд түүхийн судалгааны ном уншдаг хүн тун цөөхөн байна. Харин болж өнгөрсөн түүхийг уран зохиолын аргаар уншигчдад хүргэхэд олон хүн сонирхон уншдаг. Өвөг дээдсийнхээ бахархам түүхийг бид эндээс мэдэж болно. Тэдний оюун санаа, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго юу байсныг харж болно. Өнөөдөр хүмүүс сайхан байшин, гоё машин, ганган хувцас, эд хөрөнгө эрх мэдэлд шунаж байна. Найман зууны өмнө ч хүмүүс амьдарч байсан. Сайхан байшингийн оронд орд өргөө, ганган машины оронд хүлэг морь, эд баялаг, эрх мэдэл гээд тэдний хүсэл ч өнөөгийн бидэнтэй л адил байсан. Гэвч Чингис хаан хийгээд түүний үр хүүхдүүд энэ олон сонирхол, зөрчлийг зангидаж, зөвхөн Монгол туургатныг бус бүх дэлхийг хэрхэн нэгэн тугийн дор нэгтгэн захирч, улс орноо дэлхийн дайдад тэлж чадсан агуу ухаан хүч нь чухам юунд оршиж байсан бэ гэдгийг харуулахыг хүссэн. Зэвсэг барин дайтахаас өөрийг мэддэггүй гэж хэлэгдэх өвөг дээдэс минь оюун санааны хувьд ямар түвшинд хүрсэн хүмүүс байсан юм бэ гэдгийг харуулахыг зорьсон.
-Таны номыг уншиж байхад түүхэн эх сурвалжуудаас зөрүүтэй зүйлүүд ажиглагдаж байна. Жишээ нь Сорхугтаний нөхөр Тулуй өөрийн ах Өгөөдэй хааны өмнөөс золио болон нас эцэслэсэн тухай бодит түүх бий. Харин таны номонд Тулуйг хаан ахынхаа өмнөөс золио болохоос өмнө өөрийгөө хаан өргөмжлүүлж байгаад тэнгэрт хальж байгаа тухай гарч байна?
-Хааны оронд хаан хүн л золио болох учиртай биз дээ. Жишээ нь өнөөгийн ерөнхийлөгчийн өмнөөс түүний төрсөн дүү гарын үсэг зурж болохгүй. Бас үхэж болохгүй. Яг түүнтэй ижил Хядан улсын газар усны эзэд лус савдаг хилэгнэж хааныг авна хэмээн хэлүүлсэн үгийг бөө зайрангууд дамжуулсны дараа Тулуй өөрийн шийдвэрээ гаргаж хаан ахынхаа өмнөөс золио болсон түүхтэй. Хааныг авна гэж хэлүүлж байхад дүүг нь золио болгохыг лус савдагууд хүлээж авах уу? Хэдийгээр бодит түүх ч ургуулан бодох хэрэгтэй болсон. Эцэст нь хааны оронд хааны дүү биш хаан хүн л тэнгэрт халих ёстой хэмээн сэтгэж, Тулуйг хаан ширээнд залах ёсыг үйлдүүлж, дараа нь бөөгийн шившлэгтэй усыг уулгаж тэнгэрт халиаж байгаагаар зохиосон юм. Тулуй бол Чингис хааны отгон хүү. Гал голомт сахих албан ёсны хүн. Гэвч отгон хүүгийн хувиар хаан болох заяатай төрсөн ч хаан ширээнд заларч, ахынхаа өмнөөс тэнгэрт халих тавилантай байжээ гэдгийг өгүүлсэн нь миний зохиомж л доо.
-Мөнх хаан, хаан ширээнд суугаад их цэвэрлэгээ явуулж, төрд тэрсэлсэн хүмүүсийг хатуу цээрлүүлсэн тухай гашуун түүхүүд байдаг. Таны номонд энэ тухай арай бага орсон санагдана. Ер нь хаадын алдааны талаар бага дурдсан санагдсан?
-Энгийн жишээ. Танай аав ээжийг хажуу айлын чинь хүмүүс муу хэлээд байвал чи дуртай байх уу. Яг түүн шиг бидний түүхийг ихэнхдээ гадныхан бичиж байна. Өөрөөр хэлбэл аав ээжийн минь тухай хажуу айлынхан дур зоргоороо ярьж байна. Зарим үед их түүхээ өмгөөлмөөр, их хаадынхаа төлөө заргалдмаар зүйлүүд их бичигддэг. Бид өөрийн түүхийг тодорхой хэмжээгээр өмөөрөх ёстой. Учир нь бид өвөг дээдсийн үр хүүхэд учраас. Зуун жилийн өмнө юу болж байсан түүхийг бүдэг бадаг мэддэг бидний монголчууд найман зууны өмнөхийг тодорхой мэдэх аргагүй шүү дээ. Энэ түүхийг Монголын нууц товчоо болон тухайн үед манайд ирж байсан гадна дотны элч төлөөлөгчдийн өөрсдийнхөөрөө бичсэн тэмдэглэлүүдээс л харж болно. Нууц товчооноос хойших түүх маш бүдэг байдаг. Хожим 17-р зуунд бичигдсэн Алтан товч, шар тууж, асрагч нэртийн түүх зэрэг зохиолууд ч мөн шашны үзэл баримтлал хэт шингэсэн байх нь анзаарагддаг учир бодит түүхээс хол санаггддаг. Тэд ч мөн дөрвөн зууны дараа бичигдсэн зохиолууд шүү дээ. Одоо бид найман зууны дараа бичиж байна.
-Таны хувьд телевизийн сэтгүүлч хүн. Роман бичнэ гэдэг цаг зав барсан ажил байдаг. Ажлаа зохицуулах гээд асуудал их байсан байх даа.
-Телевиз бол цаг нартай уралддаг ажил. Миний хувьд энэ урлагт олон жил зүтгэж явна. Харин үндсэн мэргэжил минь зохиолч, утга зохиол судлаач. Өнөөдөр телевизүүд борооны дараах мөөг шиг олноор бий болж үзэгчдэд олон талтай мэдээллийг хүргэж, энэ урлагт олон хүн хүчин зүтгэж байна. Харин цөөн хэдэн хүний нуруун дээр яваа утга зохиолын ертөнц, уншигч олон сайн зохиол, сайн зохиолчийг хүлээж байна. Унших хүмүүс дэндүү их байна. Харин унших ном ховор байна. Цөөн хэдэн зохиолчид нь хүрэлцэхгүй байна. Тиймээс өөрийн үүргийг ухамсарлаж үндсэн мэргэжлийн ажлаа хийхээр шийдсэн хэрэг. Хөтөлгөө морьтой явах нь буруу юу байх билээ. Телевиз бол залуу насны ажил гэж би боддог. Зүс царай минь гундаж, залуу нас минь барагдаж эфирийн шаардлага хангахгүй болох хүртлээ энэ ажлаа хийх болно. Харин зохиолчийн мэргэжил хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Толгой сэтгэж, гар хөдөлж байсан цагт хийсээр л байх болно. Энэ бол бахархалт хөдөлмөр гэж би ойлгодог.




