Ажилдаа ирэх зам

Өглөө ахиад л хоцорлоо. Ажил эхлэхээс цагийн өмнө гарахад амжихгүйн дээр ахин нэг цагийн “бонус” өгнө. Ажилдаа ирэх зам даанч ойр, гэвч “айдас” болсон замын түгжрэл “атгаалжин хар мангас шиг” инээвхийлнэ.
Өнөөдөр суусан таксиныхаа жолоочтой хоёр цаг элдвийг хүүрнэлдэн явлаа. Унаанд өнгөрүүлсэн хугацаа, гэртээ тайван өнгөрүүлдэг хугацаанаас ч их байх юм. Цонхоор харан явахад хүн бүр л бухимдалтай, хөмсөг зангидан алхана. Ядаж л улс төр ярьж, улс төрчдөө “муулж” байж л стрессээ тайлдаг. Нарийн, учрыг нь мэдэхгүй мөртлөө, таамаглан ярих нь бидний хувьд алжаал тайлах гол арга бололтой.
Уруулаа дартал сахал тавьсан, нилээд ахимаг насны жолооч ах маань сандал дээрээ тогтож ядан байгаа нь улс төр, нийгэм ярихдаа “байж ядаж” байгаагийн илрэл бололтой. Түүний энэ их бухимдлаа хуваалцан бид ийн хүүрнэлдэв.
Сонгууль дөхөж, “феодал”-ууд хөлд оров. Хөлд орох гэж, хэдэн арван сая төгрөг ширдэг болгон дэвслээ. Гэтэл өөр нэг иргэн нь эмнэлэгт хоёр сая төгрөггүйн балгаар “үхлийн гэрээ”-нд гарын үсэг зурваа. Ай даа, бүхэл бүтэн хүний амь аврах мөнгө хаа нэг газар өдрийн хоол, үдшийн даашинз болоод л... Улс төрийг мэдэх мэдэхгүй хоёр сая таван зуун мянган ам зогсолтгүй мэдэмхийрнэ. “Феодалын зулзага” ч болтугай болохсон гэж мөрөөдөөд л...
Хошин шогийн жүжигчин Хүрлээгийн хэлдгээр “Нэг харахад хөгжөөд ч байгаа юм шиг, хөгжөөгүй ч байгаа юм шиг” гэмээр. Ажилдаа ирэх замд баячуудын унаа гэгддэг “Lexus 570” хөлөглөсөн залуучууд шатахуун нь дууссан бололтой унаагаа түрж харагдана. Хажуугаар нь өнгөрөх “халтуурчид” шатахуунаа хийж чадахгүйн бол.....” хэмээн доромжилно. Энэ зураглал хэн нь чухам баян, хэн нь ядуу болох тухай бодоход хүргэнэ.
Өглөө бүр ажилдаа ирэх зам ямарваа нэг ухаарлыг өгөх, эргэлзээ төрүүлэх амьдралын зам байдаг гэлтэй. Нар над дээр, чам дээр тусаад л энэ их асуудлын дунд ямартай ч би амьд байна гэдэг хачин, сонин. Энэ өдөр ус ууж, салхи үнэрлэнэ гэдэг үнэнхүү их хувьтайн шинж үү? эсвэл өмнөх насанд хийсэн муу үйлийн үр гэх үү? Хариулж чадахгүй асуултууд шил шилээ даран хөврөх өнөө өглөөний зам “асуултын тэмдэг”, “айдас”-аар дүүрэн байлаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





