Өнөө цагийн "Үнсгэлжин"
Румыны цыган хос долоон настай охиныг Их Британид аваачин боолчилж байсан нь илэрчээ. 46 настай Аурель Злейт, түүний эхнэр 43 настай Александра нар охиныг зарцлан, шалан дээр унтуулан, нохой шиг зодож, хүний ёсноос гадуур харьцдаг байсныг мөрдөгчид тогтоосон байна.

Охиныг олох үед бараг бүх шүд нь хорхой идэж харласан, хөл нүцгэн байсан гэнэ. Цыган хос өөрсдийн найман хүүхдийг сургуульд явуулж, дэгжин хувцасладаг ч охиныг гэрээс гаргахгүйгээр нохойноос дор харьцдаг байжээ. Их Британийн цагдаа нар охиныг боолчилж байсан цыган хос хулгай, залилан хийж, гэр бүлээ тэжээдэг байсныг тогтоосон юм. Их Британийн шүүхээс өчигдөр цыган эхнэр нөхөр хоёр Аурель Злейт, түүний эхнэр Александра болон 25 настай хүү Мариан, 23 настай Флорин нарт хүн хулгайлж, хорьсон хэргээр 9-13 жил шоронд хорих ял оноосон байна. Цыганы хоёр хүүд боол бүсгүйг зодож, хүчиндсэн хэргээр мөн ял оноосон аж. Их Британийн шүүхийн шүүгч Барнс гэм зэмгүй өрөвдөлтэй жаахан охиныг боолчилж, амьдралынх хамгийн сайхан насыг хулгайлсан гэмт этгээдүүдийг хатуу шүүмжилжээ. Мөрдөгчдийн олж мэдсэнээр цыганууд охиныг “Үнсгэлжин” хэмээн тохуурхан доромжилж, гэрийн бүх бохир ажлыг хийлгэдэг байсан бөгөөд тэдний хүүхдүүд охинд хүрэхээс сэжиглэдэг төдийгүй түүнтэй юу ч ярьдаггүй байснаас охин хүний хэлийг мартах шахсан байжээ.

Боол охины тухайг мэдээллийг цыган айлд хөлсөөр ажиллаж байгаад зугатаасан румынь эр цагдаа нарт өгчээ. 53 настай цахилгаанчин эрийг Цыганууд 2010 онд Их Британид авчирч, паспорт, жолооны үнэмлэхийг нь хураан авчээ. Лондонд ирснийхээ дараа цахилгаанчин эр тэр жаахан охиныг боолчилж буйг мэдсэн аж. Цыган айл охиныг Их Британид авчирч боол болгохдоо ээжид нь түүнийг сайхан сайхан явуулна гэж амласан байжээ. Тэд охинд цыганаар Ценусариса буюу Үнсгэлжин гэдэг нэр хүртэл өгсөн аж. Цыгануудыг баривчилсны дараа охиныг Их Британийн хүүхдийн асрамжийн газарт шилжүүлсэн аж. Охины хорхой идсэн шүдийг эмчилж, сувилсны дараа охин тэнхэрчээ. Охин одоо найман нас хүрч байгаа бөгөөд англиар чөлөөтэй уншиж, ярьдаг болсон гэнэ. Харин хүн хулгайлсан хэргээр шоронд орсон цыган хосын хүүхдүүдийг Румынь руу буцаажээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






