"Гүнжээ"-гийн зөвлөгөө

Сайн байцгаана уу? Хүчирхэг охид, бүсгүйчүүдээ. Гүнжээ та бүхэнтэйгээ дахин мэндчилж, чин сэтгэлийг тань хуваалцаж байгаадаа баяртай байна. Ингээд Гүнжээ энэ долоо хоногт ирсэн захианд хариу илгээж байна.

1.Сайн байна уу? Би нэг хөвгүүнд сайн болсон ч тэр намайг юу гэж боддог юм бүү мэд. Тэр манай лагерьт байдаг. Харин манай ангийн нэг хөвгүүн надад бас таалагдаж байгаа юм. Би яах ёстой юм бэ? Манай ангид байдаг хөвгүүн нь манай найзад сайн. Надаа зөвлөгөө өгч туслаач.

-Сайн байна уу? Гэгээн дурлалд гэгэлзэж яваа хонгор охин минь.

Үерхэнэ, хайрлана, дурлана гэдэг хүний амьдралын хамгийн нандин харилцаа байдаг. Хэн нэгэнд сэтгэлийн хувьд

татагдаж буйгаа мэдэрнэ гэдэг сайхан зүйл.

Юун түрүүнд дурлаж, шохоорхож байгаа хөвгүүнийхээ юунд илүүтэй татагдаж байна вэ? гэдгээ анзааран хараад дүгнэлт хийгээрэй. Мөн үерхэлд хосууд бие биедээ харилцан таалагддаг байх ёстой. Харин нэг нь сайн байгаад нөгөө нь сэтгэл дундуур байвал сайхан үерхэлийг бий болгоход бэрхшээлтэй болно гэдгийг санаарай.

Сайхан үерхэл үнэнч хайрыг хүн бүр л хүсч мөрөөддөг. Гэхдээ энэ бүхнээс болоод буруу шийдвэр бүү гаргаарай. Ирээдүйн амьдрал чинь чиний гарт байгааг санаж, амьдралаас суралцаж ухаалаг сонголт хийгээрэй.

2.Сайн байна уу? Энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Би сая 2011 оны дундуур санаандгүй хүнтэй унтсан юм. Ийм нэг явдал болсон. Нэг өдөр би дүүтэйгээ хоёулаа гэртээ хамт байсан юм. Тэгтэл чат гээд нэг юм гарж байсан, сонирхоод мессеж бичээд үзсэн чинь баахан хүн танилцъя гэж мессеж ирээд л, залгаад л байсан. Тэгээд нэг Анар гээд бандитай танилцаад, тэр өдөр уулзахаар болоод уулзсан. Би хараал ямар хөөрхөн юм бэ гэж харсан тэгээд алхаж байгаад гэрийнх нь гадаа очсон байсан. Тэгээд нөгөө баньд хамт орж хөзөр тоглоё гээд, тэгээд л гэрт нь орж хөзөр шийтгэлтэй тоглоод л. Би хожигдсон юм, тэгээд надад 100гр өгөөд л. Үүний дараа би орон дээр хэвтэж байсан. Хүнтэй унтаж ч үзээгүй байсан. Тэгээд л амьдралдаа том алдаа хийсэн. Би яах вэ? надад туслаач, бас зөвлөгөө өгөөч. Манай аав, ээж мэдэхгүй. Мэдвэл шууд гэрээсээ хөөнө байх. Би яах вэ?

-Сайн байна уу? Эрхэм найз минь. Юун түрүүнд сэтгэл санаа чинь тавгүй олон олон асуудалтай тулгарсан ч энэ бүхнийг даван туулах гэж тэмцэн мөн бидэнд итгэж захиа илгээсэн чамд баярлалаа. Чамд тохиолдсон асуудлыг даван туулах гэж хичээж яваа олон охид бидэнд хандаж зөвлөгөө аван асуудлаа шийддэг.

Чамд тохиолдсон энэ явдал бол хүчингийн гэмт хэргийн нэг төрөл болох болзооны хүчин. Тухайн хүнийг хүсээгүй буюу зөвшөөрөөгүй байхад нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, хүч хэрэглэн айлган сүрдүүлэх, хэл амаар доромжлох замаар биед нь халдаж бэлгийн харьцаанд орох үйлдлийг болзооны хүчин гэдэг. Болзооны хүчинг ихэнхдээ эрэгтэйчүүд үйлддэг бөгөөд хохирогчдын 96% нь охид, эмэгтэйчүүд байдаг.

Гэмт хэрэг үйлдэгчид охид эмэгтэйчүүдийг хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, хэл амаар доромжлох, сул дорой байдлыг ашиглах байдлаар болзооны хүчинг үйлддэг.

Хүнтэй танилцаж болзоонд очно гэдэг бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрч байна гэсэн үг биш. Тиймээс эрхэм найз минь чи өөртөө бүх л бурууг өгч өөрийгөө буруутгахыг урьтал болгох хэрэггүй. Өнгөрснийг биш ирээдүйгээ харан амьдрах нь маш чухал. Амьдралд ариун нандин, бузар муухай зүйл аль аль нь өрнөж байдаг. Иймээс одоо хамгийн түрүүнд  эрүүл мэнддээ анхаарал хандуулж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй.

Энэ бүх зүйлийг даван туулахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө тусламж авахыг хүсвэл “ГҮНЖЭЭГИЙН УТАС 5011-0110”-т хандаарай. Бид чамд туслахад үргэлж бэлэн байх болно.

3.Сайн байна уу? Эгч нараа... би нэг баньдтай таван жил үерхээд салсан юмаа. Гэхдээ тэр намайг аймар гомдоогоод хаяад явсан. Тэгээд салаад нэг их удаагүй байгаалдаа. Би одоо өөр хүнтэй үерхэж байгаа. Гэхдээ тэрийг ерөөсөө ч мартахгүй юмаа. Би одооныхоо найз хөвгүүнд хайртай. Гэхдээ яагаад тэрийг мартаж чадахгүй байгаагаа ойлгохгүй байна. Яаж мартах вэ? туслаач.

-Сайн байна уу? Хонгорхон охин минь Бидэнтэй чин сэтгэлээ хуваалцан захидал илгээсэнд баярлалаа.

Удаан үерхсэн найз хөвгүүнээ болон түүнтэй өнгөрүүлсэн сайхан дурсамжаа мартана гэдэг хэцүү байх нь мэдээж. Өнгөрсөн дурсамжууд сайхан ч гэсэн тэр дурсамж одоо чамд шаналал авчирч байгаа бол түүнийг мартах нь хамгийн зөв арга. Өнөөдөр бол өнгөрсний үргэлжлэл биш ирээдүйн эхлэл гэдгийг санаарай.

Хуучин үерхэж байсан найз хөвгүүнээ мартахыг хүсвэл түүний муу тал, муухай дурсамжаа жагсаан бичээрэй. Тэгээд энэ бүх муу талыг эрт олж харсан одоо зөв шийдвэр гаргасан гэдэгтээ өөрийгөө урамшуулаарай. Мөн одоо үерхэж байгаа найз хөвгүүнтэйгээ илүү их цагийг хамтдаа хөгжилтэй, зугаатай өнгөрүүлээрэй.

Харин хонгор охин минь одоогийн үерхэлээ хадгалж үлдэн найз хөвгүүнээ илүү ихээр хайрлаж түүнийгээ гомдоохыг хүсэхгүй байгаа бол сонголтондоо үнэнч байж чамайг хайрласан чамд дурласан хүнийхээ ирээдүйн амьдралыг гашуун нулимстай бүү үлдээгээрэй.

Гүнжээтэй ярилцсанд баярлалаа. Аз жаргалын дээд бүхнийг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.