ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ ТУХАЙ ОЙЛГОЛТ

Монгол улсын гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байдаг бас нэгэн чухал харилцаа бол хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх харилцаа байдаг.

            Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх асуудал нь өөрөө онцгой тохиолдлуудад хэрэглэгддэг.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар дараах хүүхдийг асран хамгаалалтад авдаг. Үүнд:

            1.Бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд,

            2. Эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байр эрхээ хязгаарлуулсан, хасуулсан /өмнөх нийтлэлдээ эцэг, эх байх эрхийг хязгаарлах болон хасах нөхцлүүдийг тодорхой тайлбарласан байгаа/ хүний бага насны хүүхэд,

            3. Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд,

 

            Харин дараах хүүхдийг харгалзан дэмждэг. Үүнд:

            1.Насанд хүрээгүй /14-18 хүртэлх насны/ бүтэн өнчин хүүхэд,

            2. Эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд,

            3. Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд,

 

            Энгийнээр ойлгоход 14 хүртэлх насны хүүхдэд асран хамгаалагч, 14-18 насны хүүхдэд харгалзан дэмжигчийг томилдог.

 

            Бусдаар асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүүхэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнхээ гэр бүлд амьдрах, сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах, орон сууцандаа амьдрах эрхээ хэвээр хадгалах зэрэг хуулиар олгогдсон эрхийг эдэлнэ.

 

            Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох шаардлагатай хүүхдийн судалгааг гаргах, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлдэг.

 

            Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг дараах журмаар тогтоодог.

            1. Эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох,

            2. Хэрэв асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх,

 

            Тухайн хүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа тухай мэдээллийг энэ талаар мэдэж байгаа аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй. Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг үнэ төлбөргүй гүйцэтгэнэ.

 

            Гэхдээ асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохдоо тодорхой шалгуурыг үндэслэл болгоно. Хэрэв эцэг, эх байрх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан, өөрөө бусдын асрамжинд байгаа, мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн бол эдгээр хүмүүст хүүхдийг асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэхээр өгөхийг хориглодог.

 

            Хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа этгээд нь хүүхдийг хоол хүнс, орон сууцаар хангах, асран сувилах, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тухайн хүүхдийн мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах, эд хөрөнгийг нь хүүхдэд зориулан зарцуулах, өөрийн үүргийн талаар сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлан өгөхзэрэг үүрэгтэй.

 

            Харин хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан, хүүхдийг үрчлүүлсэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн, хүүхэд насанд хүрсэн зэрэг тохиолдолд тухайн хүүхдийн өмнө хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болно.

 

            Хэрэв асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүүхдийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, шинээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.