Есөн ихрийн ээж

Карла Перез гэгч мексик бүсгүй есөн ихэр хүүхэд тээж байгаа гэнэ. АНУ-ын Техас мужтай хиллэдэг Мексикийн Коуилла мужид амьдардаг бүсгүй өмнө нь гурван ихэр хүүхэд төрүүлж байсан ажээ. Бүсгүй одоо Салтилло хотын эмнэлэгт амаржихаа хүлээж байгаа аж. Есөн ихэр хүүхэд төрөх нь маш ховор тохиолдол бөгөөд АНУ-ын Калифорнийн мужид Надя Сулеман гэгч бүсгүй үр шилжүүлэх аргаар найман ихэр төрүүлсэн нь шуугиан дэгдээж байсан билээ. Харин Карлагийн тал ихрийн удамтай бөгөөд үр шилжүүлэн суулгах замаар хүүхэд төрүүлдэг гэдгийг ч мэддэггүй ядуу хүмүүс гэнэ. Карлагийн нөхөр нь дугуй засварын газар механикчийн ажилтай нэгэн аж. Карла нөхрийнхөө дугуй засварын газарт түүнд тус дэм болдог байжээ. Харин хөл хүнд болсноос хойш нөхөр нь түүнийг бөөцийлэх болжээ. Мексикийн Нотимекс мэдээллийн агентлагийн мэдээлснээр Карла бүсгүй ирэх тавдугаар сарын 20-нд амаржих гэнэ. Карла ихрүүдэд нэр өгөхөд эрт байна гэж ярьж байгаа гэнэ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






