"Мантуун бууз"

                                               

  ...Ганц сайн найз хүүхэн маань “найз нь заяаныхаа ханьтай учирсан, чамтай танилцуулмаар байна, маргааш хамт кино үзье, чи Сүхээтэй хамт ирээрэй” гэж дээр дээрээс нь давхцуулан  хэлчихээд хоёр тасалбар өгөн хөл нь газар хүрэхгүй  шахам гарч одов.

Кино эхлэхийг хүлээн танхимд хүмүүс шивэр авир хийнэ. Арын эгнээнд суусан хоёр хүүхний нэг нь:

-"Хүүш, өнөө Гэрлээгийн нөхөр өөр хүүхэнтэй явж байна" гэхэд нь эмэгтэй хүний сониуч зангаараа өөрийн эрхгүй үүд рүү хартал, махлагдуу  залуугийн хажууд найз хүүхэн минь явж харагдлаа.

“Үгүй байлгүй дээ” энэ хоёр хүүхэн андуурсан байх гэж бодон суутал Отгоо маань нүүр дүүрэн инээсээр хажууд ирж суулаа. Цуг яваа залуу арын эгнээний хүүхэнтэй толгой дохин хальт мэндэллээ. Энэ хоёр хүүхэн ч андуураагүй бололтой гэж бодохын зэрэгцээ Отгоо минь энэ эрийн тухай эндүү бодолтой яваа юм байна даа гэж элдвийг сэтгэлдээ ургуулав. Энэ зуур бид ч хоорондоо танилцлаа.

Би хайртай залуудаа гараа атгуулан мөрөнд нь толгойгоо наан эрхлэн суугаа найзыгаа хараад өрөвдөх  ч шиг эсвэл бүр уур ч хүрэх шиг. Эхнэртэй хүн гэдгийг нь мэдэж байгаа бол уу? гэхээс кино тарахыг тэсэн ядан хүлээнэ.

Кино тараад бид ойролцоох кафед суухаар боллоо. Отгоо найз залуугаасаа огтхон ч салахгүй сугадан явсан тул үг солих боломж олдсонгүй. Зорьсон газраа орж хэсэг зуур суусны дараа би “Отгоо хоёулаа ариун цэврийн өрөө орох уу” гэхэд “за” гэсээр тэр босч ирлээ.

- Би “чи эхнэртэй хүнтэй яаж байгаа юм бэ” гэж шулуухан хэлэхэд Отгоо нүдээ том болгон цочин харснаа “чи яаж мэдсэн юм бэ?” гэлээ.

- Би мэдэх нь гол биш, чи мэдэж байсан юм уу?

-Найз нь мэднэ, манай хүн чинь бүр хөөрхөн хүүтэй шүү дээ хэмээн намайг бүр гайхшрууллаа.

- Эхнэрээсээ салчихсан байсан юм уу гэхэд,

-Үгүй надтай учраад салчихлаа. 

-Чи ямар муухай юм бэ? Явж явж эхнэртэй хүний амьдралыг нь үгүй хийж өөрийн амьдралаа эхлүүлж байдаг.

-Ийм л юм болчихлоо одоо яахав дээ. Дээр манай ажлынхан зугаалгаар явсандаа, тэгэхэд би мантуун бууз хийж байсан юм. Гэтэл гадаадад амьдарч байгаад ирсэн гэх манай шинэ мэргэжилтэн залуу “мантуун буузаа  хаанаас авсан юм бэ?- Зааж өгөөч их сайхан амттай юм” гэхэд нь би “өөрөө хийж байгааг харахгүй байна уу?” гэтэл харин тэр итгэсэнгүй.

Тэр зугаалгаас хойш би нөгөө залууг гэртээ  уриад, мантуун бууз хийж өгөхөөр болзлоо. Амралтын өдрөөр тэр манайд ирж, би түүнд мантуун буузаа хийж өгснөөр бидний түүх эхэлсэн юм. Эхнэр нь мантуун бууз битгий хэл гурил зуурч чаддаггүй байсан гэсэн шүү.

- Чамайг хуурч байгаа юм. Гурил зуурч чадахгүй эмэгтэй хүн гэж хаа байсан юм гэснээр бидний яриа дуусч ширээндээ ирж сууцгаалаа.

Бид инээж хөхрөн сайхан суусан боловч миний сэтгэл нэг л дундуур байлаа.  Гэртээ ирээд нөхөртөө “Отгоогийн найз залуу эхнэр хүүхэдтэй гэнээ” гэтэл “тийм” гэсэн та хоёрыг ОО орох хооронд бид тэр талаар ярилцаад гэхэд нь :

 

-  Явж явж эхнэртэй хүнийг салгаад сууж л байдаг манай Отгоо гэхэд

- Отгоод үнэхээр хайртай, бүр шүтчихсэн байна лээ гэх нь тэр.

-Юуг нь?

- Ноолууран цамцыг нь хими цэвэрлэгээнд өгөлгүй гараараа  угаагаад яг л химид өгсөн юм шиг цэвэрлэсэн  тухай, мөн өдөр болгон өөр өөр амтлаг хоол хийж өгдөг гээд л...магтаад байсан.   

- Хаашаа юм бэ? өмнөх эхнэр нь яадаг байсан болж таарч байна? 

- За мэдэхгүй дээ мөнгөтэй хүнтэй суусан эмэгтэйчүүд залхуу болдог гэсэн тийм амьтан байсан юм байгаа биз дээ гэсээр угаалгын өрөө рүү алхлаа.

Хичнээн мөнгөтэй, сайхан амьдралтай байсан ч эмэгтэйчүүд бидний сэтгэлээсээ хийж өгөх гарын цай хоол эрчүүдэд бас дутагддаг бололтой. Бидний ажлыг хөнгөвчлөх хагас боловсруулсан бүтээгдэхүүн гадуур элбэг байгаа ч бүсгүй минь чи ханьдаа цаг зав гаргаж, гурилаа өөрөө зуураад сайхан хоол хийж өгөөрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.