Ааваа, би таны мартсан зураг чинь
Аав хүний орон зай гэдэг хэзээд хэн нэгэн нөхөж үл чадах тийм нэг далд урсгал байнам. Хаана ч юм, хэзээ ч юм ганц шөнийн жаргалаар нэгэн хүний насны амьдралыг зурсан эр хүн та өнөөх уран зургаа мартчихсан эс бол мэдэхгүй яваа юм биш биз?
Харин таны зурсан уйтгарт уран зураг хаа нэгтээ зураачаа хүлээн, гунихран байх бөгөөд яах гэж энэ ертөнцөд буй болгож, ямархан сэтгэлийн хөдлөлөөр түүнийг урлачихаад өдгөө өөр нэгэн зурагны өмнө таатай нь аргагүй зогсож байна вэ? Уг нь уран бүтээлч өөрийн бүтээлүүдээ бүгдийг нь өр зүрхнээсээ хайрладаг биш үү?
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 41 асрамжийн газарт 1201 хүүхэд хүмүүжиж байгаа судалгаа байдаг. Үүнээс 616 нь хагас өнчин, 416 нь бүтэн өнчин. Харин асрамжийн газарт биш ч хагас болоод бүтэн өнчин хүүхэд дунджаар 10 хүүхдийн 2 нь гэж үзвэл аймшигтай тоо гарч байна. Гэтэл эцэг эхийн хайр халамжийг мэдрээгүй өссөн хүүхдийн хүмүүжил, мэдрэмж, сэтгэлгээ ямар байдаг тухайд “залхтал” ярьж хэлэлцсэн. Эцэггүй хүүхдийн толгой том ч гэдэг. Үнэхээр л эр хүний ноён нуруутай, удаж байж хэлдэг ганц хатуу үг, суран бүсний амт хүүхдийг жинхэнэ “хүн” болгодог гэлтэй. Харин өнөөдөр их хотын гудамжинд эцгийн хайр халамжийг амтлаагүй, зарим нь бүр тэр нандин хүнээ таних ч үгүй, түүний тухай дурсахыг ч хүсдэггүй, хэдэн мянган хүүхэд алхаж яваа болдоо? Аав хүний орон зай бидэнд гэрэлт гэгээн нарыг санагдуулж, цээж дүүрэн амьсгалах утга учир минь болдог. Гэтэл харцнаас нь хашгираан сонсогдох энэ балчирууд энэ төгс мэдрэмжийг амсаж ч үзээгүй гэж бодох. Амьдралын гайхамшиг болсон аав хүний нөмөр нөөлгийг тэдэнд өчүүхэн ч атугай мэдрүүлэлгүй “Дутуу амьдралаа” хог шиг шидээд өгчихсөн “аав биш аавууд” минь өнгөрсөн шөнийн явдлаа эргэн нэг санаад, нурах шахсан аль нэг галлерейд уйтгартай нь аргагүй хүлээж суугаа уран зургийнхаа дэргэд нь очоод гунигт нүдрүү нь эгцлээд нэг хараарай. Таныг өршөөх ч юм билүүдээ. Эртхэн оч тэдэндээ, эртхэн оч...
Б.Гэрэлмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







