Эзэгтэй таньд өгөх даалгавар байна -11

Цэцэн авхай нь эзэгтэй нарынхаа энэ амралтын өдрийн мэндийг эрэн золгож байна. Өнөөдөр гадаа цасан бороо ороод л, магадгүй энэ хаврын сүүлийн цас ч байж болох юм. Цонхоороо харах ахуйд охин насны дурсамж сэдрээд л, өнөөдөр нэг л жиг бусын өдөр байх шиг санагдана.
Иймээс эзэгтэй нартаа энэ долоо хоногийн даалгавраа “Миний нууц найз” нэртэй өгөхөөр боллоо. Хэзээ ч юм ганцхан түүнд л ярьж байсан нууц, бүр хэнд ч ярьж байгаагүй нууц гээд яг өнөөдөр шиг өдрүүдэд бүсгүйчүүд бидэнд чин сэтгэлээсээ ярилцах найз хамгийн их хэрэгтэй байж, түүнд бүхнээ ярьсны дараа сэтгэл уужран тайвширдаг. Харин найз гэдэг заавал хүн байх албагүй юм шүү. Таны нууцыг хэнд ч дэлгэн ярихгүйн дээр таныг юу гэж хэлсэн ч өмнөөс тань ганц ч үг дугарахгүй, хамгийн сайн сонсогч болох найз бол “тэмдэглэлийн дэвтэр”. Та түүнд бүх үнэнээ хэлж болно, уураа гаргаж болно, сэтгэл тань хөдөлсөн бол түүнийг тэврээд уйлж болно. Ганцхан бичихэд л хангалттай.
Ингээд энэ долоо хоногийн даалгаварт бүсгүйчүүд маань өөрт хамгийн их таалагдсан тэмдэглэлийн дэвтрээ худалдаж аваад, хамгийн эхний хуудсан дээр өөрийн хамгийн хайртай хүмүүсийнхээ нэрсийг жагсааж бичих юм. Цаашилбал, гэр бүлээрээ юу хийх төлөвлөгөө, охиноо эсвэл хүүгээ хэдэн нас хүрэхэд нь түүнд юу бэлэглэх вэ? гэх мэтээр өөрийн бодит амьдралыг энэ найздаа хэлж, түүндээ амлалт өгч болох юм. Ингээд бүсгүйчүүддээ амжилт хүсье. Тэр таны үнэнч найз байх болно.
Нэг зүйл сануулан хэлэхэд таны найзын тухай хэн ч мэдэх ёсгүй, хэрэв мэдэх л юм бол түүнийг таны тухай юу мэдэж байгаа талаар бүх хүн сонирхох болно гэдгийг мартаж болохгүй шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







